Дэлхийн улс орнууд санхүүгийн нэг бодлого дор урагшилж буй учраас, бидэнд Олон улсын валютын сантай ойр байх цөөнгүй шалтгаан бий ч, тэдгээр нь дагаж хуйлрахаас тэс өөр ойлголт гэдгийг арван онд бичиж байсан билээ. Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн бууралт, валютын ханшийн огцом өсөлт, бэлэн мөнгөний хомсдол нүүрлэсэн бэрх үед бидэнд тус сангаас орж ирсэн 410 гаруй сая долларын тусламж их түшиц болсныг үгүйсгэх нь утгагүй юм. Хэрэв тэр үед “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээгүй бол Монголын Засгийн газар төсөв, санхүүгийн байдал тогтворжиж, төсвийн алдагдлаа буурууллаа, манай улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, инфляцийн өсөлтийн хурд саарч, Монгол улс хугацаа хэтэрсэн гадаад өр, төлбөрөө шийдэж, хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ гээд таатай үгсийг унагаж суухгүй байх байсныг эдийн засагчид хэлдэг. Ерөнхийдөө “ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн “Стэнд Бай” хөтөлбөр үр дүнгээ өгсөн нь арван оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистик үзүүлэлтүүдээс харагдаж байсан. Гэхдээ тэдгээр таатай үзүүлэлтүүд нь цаашлаад Монгол Улс ОУВС-гийн хатуу хяналт дор бус, эрх чөлөөтэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг сануулж байсан юм. Ерөнхийдөө “Стэнд Бай” дуусгавар болсноор Монгол Улс дэлхийн эдийн засгийн салбарт хориг саадгүйгээр нүүдэл хийх боломжтой болсон. Боломжийг дагаад олон алхмыг хийж болохоор болсон.
Тэрдундаа, Монгол улс олон улсын хэмжээнд Засгийн газрын бонд буюу өрийн бичиг гаргаж мөнгө босгох боломжоо бодит ажил болгох цаг болж байгааг, дэлхийн нэр хүнд бүхий Хөрөнгө оруулалтын банкууд манай улсын бонд гаргах үйл ажиллагаанд оролцох саналаа эртнээс ирүүлээд байгааг ч Сангийн сайд асан С.Баярцогт хэлж байсан билээ.Харин өнөөдөр нөхцөл байдлыг харахад бид олон улсын зах зээлд бондоо амжилттай арилжаалж чадчихсан сууж байна. Манай улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд гаргаж, 1,5 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө босгоод байгаа. Угтах жилүүдэд бондын хэмжээг 5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ гэж байгаа юм.Тэгэхээр манай улс ийм маягаар том алхам хийх суурийг тэгшилэхэд ихээхэн нөлөөлсөн зүйл бол дээрх хөтөлбөр юм. Түүнчлэн Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл Стэнд бай хөтөлбөрийн дараах гурав дахь удаагийн хяналтын тайланг хэлэлцэж батласныг харахад манай эдийн засгийн хөгжил ахиц дэвшил арвинтай байгаа гэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжигдсэн уул уурхайн салбарын хөгжил эдийн засгийн өсөлтийг түрж, сүүлийн арван жилд эдийн засаг жилд дунджаар найман хувиар өссөн нь бүс нутагтаа тэргүүн үзүүлэлтүүдийн нэг болж байна. Үүний үр дүнд нэг хүнд ногдох ДНБ тав дахин өсч, 3,000 ам. доллар орчимд хүрч, Монгол Улс дэлхийн хөрөнгийн захаас хөрөнгө босгох боломжтой болсон.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (2010 онд батлагдсан),Төсвийн тухай хууль (2011 онд батлагдсан), Нийгмийн халамжийн тухай хуулийн (2012 онд батлагдсан) хүрээнд төсвийн зарцуулалтын хүрээг оновчтой тодорхойлж, байгалийн нөөцийн зохистой удирдлага, голланд өвчин зэрэг дунд хугацааны гол сорилтуудтыг шийдвэрлэхэд эрх баригчид анхаарч байгааг ч тайланд онцолжээ. Эдийн засаг 2011 онд маш их хурдацтай өссөн бөгөөд 2012 оны эхний есөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувь болж, 2011 оны 17 хувийн өсөлтөөс буурсан байгаа.Нүүрс, зэсийн олборлолт нэмэгдэж байгаа нь, уул уурхайн томоохон шинэ төслүүдэд явагдаж буй бүтээн байгуулалт, өвөлжилт харьцангуй өнөтэй болж, хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж өгсөн, төсвийн хэт тэлсэн бодлого зэрэг нь өсөлтийг тэтгэгч гол хүчин зүйлсүүд болж байгаа аж. Үүнтэй зэрэгцээд, инфляци өндөр хэвээр байгаагаас гадна гадаад төлбөрийн тэнцэл дарамт ачаалал ихтэй байна. Инфляци 15 орчим хувьтай байгаа нь төсвийн зарцуулалт эрчимтэй өсч байгаатай үндсэндээ холбоотойг ч санууллаа.
Дотоодын эрэлт өндөр байгаагаас импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцэл дээр ирж буй дарамт ачаалал гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал татарч, экспортын өсөлт саарч байгаатай давхцсан. БНХАУ-д гаргасан нүүрсний экспорт сүүлийн саруудад огцом багасч, БНХАУ-ын нийт импорт саарч байгаа нь ч нэрмээс болж байгааг шинжээчид тэмдэглэж байна.Ямартаа ч эхэнд өгүүлсэнчлэн “Стэнд бай” хөтөлбөр эдийн засгийн хувьд өргөн цар хүрээтэй бодлогоо хэрэгжүүлэх гарц дээр биднийг хүргэсэн. Бид ашигт малтмалын салбар дээр дөрөөлсөн дэлхийн эдийн засгийн том тоглогч болон хүлээн зөвшөөрөгдөх үүдийг нээхэд бэлэн болсон ч гэж болох. Тэрчлэн тухайн үед яригдаж байсанчлан олон улсын зах зээлд Засгийн газрын бонд гаргах нь улсын төсвийн алдагдлыг нөхөх, томоохон бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлэх, Хөрөнгийн захыг дэмжихэд үр ашгаа өгөх ёстой гэж байсан. Өнөөдрийн тухайд багагүй хугацаанд яригдсан томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулахад бонд арилжаалж олсон мөнгийг зарцуулна гэж буй.Нэг зүйлийг тодотгоход манай улс уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжил дээрээ дөрөөлж, эдийн засгийн бүтцийн төрөлжилтөө сайжруулахыг зорьж байгаа учраас санхүүжилт хүлээсэн төсөл хөтөлбөрүүдээсээ шилж сорчлох тухай яригдаад бас л багагүй хугацаа өнгөрчээ. Энэ нь төсөл хөтөлбөрүүдээ ач холбогдлоор нь зөв шударгаар эрэмбэлэх шаардлага гэсэн үг байв.Тэгвэл одоо яригдаж буй байдлаар бол төрийн сангийн дансанд 1,5 тэрбум ам.доллар болоод түүний дараагаар бонд гаргаж босгохоор төлөвлөөд байгаа 3,5 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийн үндсэн зориулалт нь нийгмийн халамжид зарцуулахгүй, төсвийн алдагдлыг нөхөхгүй, харин эдийн засгаа эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжинэ.
Мөн төмөр замын сүлжээ, авто зам, эрчим хүч, Тавантолгойн уурхай, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд буюу өмнөх евро бондын хөтөлбөрийнхөө үр дүнд эхлүүлэх ёстой байсан төслүүдийг хөрсөн дээр буулгахад зарцуулна л гээд байгаа билээ. Чухамдаа хэрхэн зарцуулж, хаа хүрэх нь вэ гэдэг нь гол асуудал. Эдгээрийг өгүүлэхийн учир нь эдийн засаг, нийгмийн амьдралд жин дарах нөлөөллийг үзүүлэх алхмууд шат өгсөж байна. Харин одоо шатны гишгүүрийг нэмэх үү, ухрах уу гэдэг л урд байна. Өмнө өгүүлсэнчлэн Монгол Улс дэлхийн эдийн засгийн салбарт хориг саадгүйгээр нүүдэл хийн эхэлжээ. Харин энэ нүүдлийг дагасан их хариуцлага бас айдас бий гэдгийг лавшруулан сануулах шаардлагатай юм.
Сэтгэгдэл ( 0 )