Унц алтны ханш 1,669.80 ам.доллар байгааг Bloomberg дамжуулж байна. Тэгэхээр өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар унц тутамд 1715 ам.доллар байсан шар металлын ханш уруудсаар байна. Алтны ханш уналаа гээд бичихээр манай эдийн засагт эл металл чинь жин дарах нөлөөллийг үзүүлэхээ больчихсон шүү дээ гэх нэгэн байх биз. Үнэндээ ч үнэн л дээ. Нэгэнтээ алт гэдэг эд зэс, нүүрстэй зэрэгцэн төсвийн дансанд онцгой хувь нэмрийг оруулж дийлэхээ больсон. Арваннэгдүгээр сарын байдлаарх экспортын мэдээг харж байхад алтных уналттай л байна. Хэдийгээр алтны дундаж үнэ өссөн ч тоо хэмжээний хувьд буурсанаас хамааран алтны экспортоос орж ирэх орлого уруудсан байдалтай л байгаа юм.
Эргэн санахад алтны салбарын уналт нь зургаан онд батлагдсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэх алдарт хуультай холбоотой. Уул нь Н.Батбаяр нар энэ хуулийн үр шимээр төрийн данс учиргүй дүүрээд, түмний амьдралд ч чухам нэмэр дүүргээд ирэх юм шиг ярьцгааж байлаа. Гэвч эрхмүүдийн яриад байсанчлан бүх зүйл сайн сайхан урагшлаагүй юм.
2008 оны хямрал болохоос 2 жилийн өмнө дэлхийн эдийн засаг тунчиг өнгөлөг байсан даа. Дагаад л алт, зэсийн ханш ч өсөөд л манай улсын төсвийн орлого ч энэ хоёр металлын буянаар дундуур дүүрэн аятайхан байлаа. Гэтэл яг тэр үед Н.Батбаяр гишүүн алт, зэсээс 68 хувийн татвар авах тухай айхтар саналаа гаргасан билээ. Тэгээд идэвхийлэн байж хуулийн төсөл гэгчийг нь боловсруулан, бусад гишүүдийн дэмжлэгийг авч Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг УИХ-аар батлуулсан юм. Тэр уг нь өөрөө энэ татварын буянаар улсын эдийн засагт чамгүй мөнгө орж ирсэн гэж ярьдаг ч, нөгөө талаас нь харвал алтны үйлдвэрлэлийг ихээхэн хумигдуулж, улмаар Монгол Улсын эдийн засаг, Улсын төсөв нэг металлаас л хамааран хэврэгшсэн хамгийн том эрсдэлийг дагуулсан гэдэгтэй санал нэгдэх эдийн засагчид цөөнгүй. Ерөөс аливаа улсын эдийн засаг цөөн нэр төрлийн түүхий эдийн орлогоос хамаараад ирнэ гэдэг бол хэвийн бус үзэгдэл. Том эрсдэл.
Гэвч 68 хувийн татварын буянаар манай эдийн засаг тийшээ итгэлтэй замнасан. Уг нь улсын эдийн засагт алтнаас орж ирдэг орлого их байсан юм. Энэ хуулийг батласан 2006 онд манай улс зэсийн татварыг зөвхөн Эрдэнэтээс авдаг байсан. Харин алтны татварыг 133 аж ахуйн нэгжээс авдаг байв. Бүр тэр онд 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд худалдаж байсан гэх статистик мэдээлэл байна.
Харамсалтай нь энэ хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан гэхэд болно. Мэдээж цаасан дээр гэдгийг тодотгох байна. Учир нь 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгосон юм. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат, "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байв. Түүнчлэн Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч байв. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст ялагдаагүй ч, ихээхэн хэмжээний мөнгийг зарцуулсан байдаг. Ерөөс энэ хууль батлагдсанаар балаг дагуулсан зүйл их. Алт тушаалт 2006 оноос эхлээд уруудсан байдаг. 2010 онд Монголбанк 2 тонн дөнгөж илүү гарах хэмжээний алт худалдаж авсан байдгаас үүнийг харж болно. Харин энэ татвар тэглэгдсэнээр алт тушаалтын хэмжээ даруй 1 мянган тонноор нэмэгдсэн байдаг. Сонирхолтой нь Монголын эдийн засгийг нэг металлын орлогоос хамаарсан эмзэг эдийн засагтай болгож, улмаар найман оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бүсээ илүү чангалах нөхцөл байдал руу хөтлөсөн Н.Батбаяр гишүүн буруу зүйл сэдсэнээ сүүлд нь ухаарч, улмаар бантаж “Би алтнаас татвар авч хэрэггүй” гэж хэлж байсан удаа бий.
Тэгэхээр улсын эдийн засагт ийм маягаар сөрөг үр дагавар дагуулах зүйлийг сэдэж байсан Н.Батбаяр эрхэм өдгөө Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж буй билээ.
Сэтгэгдэл ( 0 )