Элчин сайдын бас иргэдийн “толгой” өвдөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

 

Хойд хөршөөс манайд суугаа Элчин сайд Виктор Самойленкогийн толгойг өвтгөж байгаа асуудлуудын нэг нь Хиагт-Алтанбулагийн  боомт аж. Үнэндээ ганц  элчин сайдынх ч бус  хоёр талын орон нутгийн засаг захиргаа болон түүнийг дамжин өнгөрч байгаа иргэдийн  хувьд ч толгойны өвчин болоод удаж байгаа талаар Оросууд хүлээн зөвшөөрч байгаа нь хэвлэлийн мэдээнүүдээс ойлгогдож байгаа юм. Ер нь Оросын хэвлэлд өгүүлсэн, өгүүлээгүй нутгийн иргэдтэй уулзахад бэлхнээ хэлдэг. Сэлэнгэ аймгийн төвийн болон Алтанбулаг зэрэг зарим сумын олон иргэд  энэ боомтоор орж, гарч амьдралаа залгуулдаг, талхныхаа таван цаастай золгодог. Нааш цаашаа бараа зөөдөг. Хүний бараа гаргаж өгдөг.  Гэвч хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон  шинэ гэгддэг тус  боомт хамгийн урт дараалалтай, чирэгдэлтэй тул хилээр орж гарахын тулд доод тал нь 4 цаг, тэгээд бүтэн өдрөө зарцуулдаг.   Авто машины боомт учраас явганаар хил гарах боломж байхгүй, тэгээд л гацдаг гэдгээ нутгийн иргэд хэлдэг.

Тиймээс ч Оросын талаас энэ байдлыг нааштай шийдэхийн тулд манайд хэд хэдэн санал тавьсан аж. Тухайлбал, энэ боомтыг бүтэн хоногоор ажилладаг болгох,  зөвхөн авто машиных биш явган хүнийх болгох саналыг манай талд хүргүүлсэн гэнэ. Харин манай талаас одоогоор чимээгүй байгаа бололтой.  Элчин сайд Виктор Самойленкогийн хэлж буйгаар бол “…Оросын хилийн цэргийн алба Хиагтын боомтыг 2012 оны 4-р сараас эхлээд 24 цагаар ажилладаг болгоход бэлэн байсан. Мэдээж хэрэг монголын талын Алтанбулагийн боомт нэгэн зэрэг 24 цагийн ажиллагаатай болох ёстой байсан. Харамсалтай нь монголын гаалийн байгууллага ийм горимоор ажиллахад бэлэн бус байна. Алтан булаг боомтыг ийм горимд шилжүүлэх үйл ажиллагаа бүрмөсөн зогссон. Миний бодлоор энд гол асуудал санхүүжилтэд байгаа бололтой” хэмээн ярьсан байгаа юм.

Тэгэхээр Оросын  талаас асуудлыг шийдвэрлэе гээд байхад манай талаас хөдлөхгүй байгаа дүр зураг харагдаж байна. Уг нь орчин үеийн энэ терминал хоногт 500 машин гаргах, оруулах тооцоотой ч,  өнөөдөр 50 хүрэхгүй машин гаргаж байгаа аж. Тус боомт хоногт 9-хөн цаг л ажиллахдаа, дамжин өнгөрөхөд шаардлагатай дарааллын журам баримтлах гэхчлэн наад захын журмуудыг мөрддөггүй гэдгийг ч Оросын тал дургүйцлээ илэрхийлэн мэдэгдэж байна.

Уг нь эрхэм уншигч та санаж байгаа бол  өнгөрсөн жил хуучин Засгийн үед өдгөөгийн Ерөнхий сайд эрхэм Тэргүүн шадар сайд байх үедээ  чөлөөт бүсийн асуудлыг хөндөн ярьж байв. Тэрээр   Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн гуравны нэгийг дэд бүтэцтэй болгох талаар онцолж байсан. Түүнчлэн Алтанбулагийн чөлөөт бүсийн ажлыг ирэх 2012 оны намраас хөдөлгөх талаар ч хэлж байсан. Гэтэл нөгөө 2012 он нь дуусах гэж байхад Алтанбулагийн чөлөөт бүсийн ажил хөдөлж гавьсангүй ээ. Бахь байдгаараа л байж байна. Өнгөрсөн жилийн яриагаар бол тус чөлөөт бүсийг  хөдөлгөхөд зориулан төсөвт тусгасан мөнгөнөөс танагдсан байсан.

Тус Чөлөөт бүсийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд 2003-2010 онд хийгдэх эхний шатны дэд бүтцийн ажилд 43.3 сая ам.доллар, 6.0 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байдаг. Гэвч энэ хугацаанд 11.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн нь төлөвлөсөн хөрөнгө оруулалтын дөнгөж 20 орчим хувийг эзэлж байгаа юм.

 

Түүнчлэн  хилийн гарцын асуудлыг шийдээгүйгээс одоо хүртэл үндсэн үйл ажиллагаа эхлээгүй. Улмаар тус чөлөөт бүсийг улсын хилтэй шууд холбох хэсгийн (бүсийн хүзүүвч) ОХУ-ын хилийн зүг эргэсэн 120 метр замын ажилд 55,4 сая төгрөг зарцуулсан боловч ашиглалтгүй өнөөдрийг хүрчихсэн байгаа юм.

Ямартай ч, бид Чөлөөт бүс гэдэг нэр томъёотой танилцаад багагүй хугацаа өнгөрч байгааг тодотгох нь зөв болов уу. Гэтэл бодит  ажил хэрэг болгож чадалгүй өнөөдрийг хүрчээ. Судалгаанаас харахад дэлхийн 120-иод улс оронд худалдааны болон эдийн засгийн, санхүү банкны, аялал жуулчлалын, үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн чиглэлийн 3500 гаруй чөлөөт бүс үйл ажиллагаа эрхэлж байгаа гэх тоо байна. Уг нь Чөлөөт бүс байгуулах нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн байгаль орчин, хүн ам, түүхий эдийн нөөц, газар зүйн байрлал, зам харилцааны боломжийг зохистой ашиглан, гаалийн болон татварын хөнгөлөлт үзүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, улс орны хөгжилд тус дөхөм үзүүлж эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх гэхчлэн ихээхэн ач холбогдолтой.

Түүнчлэн манай тухайд ч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд тус тус  Худалдааны чөлөөт бүс байгуулахаар, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд, Говьсүмбэр аймгийн Баянтал суманд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар УИХ-ын тогтоолуудын дагуу шийдвэрлэсэн юм. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар:  Чөлөөт бүс байгуулах зохих шалгуурыг хангасан, харьцангүй бага зардал шаардах, илүү тохиромжтой нутаг дэвсгэрийг сонгон авах;

Эхний ээлжинд Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал болон улсын хил орчмын нутагт “Худалдааны чөлөөт бүс”-ийг энгийн хэлбэрээр бий болгож, зохих туршлага хуримтлуулсны үндсэн дээр эдийн засгийн чөлөөт бүсийг нутгийн гүнд үйлдвэрлэл, худалдаа хосолсон хэлбэрээр үе шаттай хөгжүүлэх;

Чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөл бүрдүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг тэдгээртэй эдийн засгийн ижил орчинд өрсөлдөх нөхцөлөөр хангахад чиглэгдсэн байхаар харьцангуй бага зардал шаардах энгийн хэлбэрээр бий болгож, зохих туршлага хуримтлуулсны үндсэн дээр хөгжүүлэх ѐстой атал дээрх дөрвөн газарт эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн нь цагаа олоогүй хэрэг гэх нь бий. Гэвч нэгэнтээ төр засгийн зүгээс шийдвэрлэчихсэн учраас ажил явах ёстой. Гэтэл чөлөөт бүс урагшлаагүй нь дээрх жишээнээс харагдаж байна.

 Энд худалдааны болон Эдийн засгийн чөлөөт бүс гэдгийн зааг ялгааг гаргахад:

Худалдааны чөлөөт бүс гэдэг нь бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, савлах, агуулах, тээвэрлэх чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн боловсруулан гааль болон худалдааны татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр үйл ажиллагаа эрхлэх;

 

Эдийн засгийн чөлөөт бүс нь гаалийн болон татварын хөнгөлөлт үзүүлэх замаар гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж дэвшилтэт техник технологитой үйлдвэр байгуулж, эдийн засгийн өсөлт болон ажлын байрыг нэмэгдүүлэх;   үндсэн чиглэлтэй юм.

Түүнчлэн бидний тухайлж авч үзээд байгаа Алтанбулагийн чөлөөт бүсийн тухайд 2005-2010 онд дэд бүтцийн эхний байгууламжийг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан ч энэ ажил эхлэл төдий яваа.

Мөн 2010-2015 онд дэд бүтэц, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлэх үе шат дуусч, эдийн засгийн бодит үр ашгаа өгнө гэх сүрхий тооцоо яваад байсан ч, сураггүй байна.

Харин ч тус бүсийн  захирагчийн ажлын алба нь гадаад, дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай 609.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан боловч тэдгээрийн хугацаа, хамрах хүрээ, шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тусгасан төсөл хөтөлбөр тодорхой бус байгааг Үндэсний Аудитын газраас гаргас ан тайлан мэдээлэлд дурдсан байна.

Тус бүс 2008 оноос өөрийн эзэмшилд байгаа 165.7 га талбайг 78 гаруй аж ахуйн нэгжид түрээслүүлэн 626.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлж бүсийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад зарцуулсан нь Алтанбулаг ХЧБ-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.1-т5-5.1.2-т6 заасныг зөрчжээ.

 Дээрх аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу түрээслэж авсан хугацаанаас хойш бүтээн байгуулалтын бодитой ажил хийгээгүй гэдэг нь ч шалгалтаар тогтоогдсон байгаа юм.

Тэгэхээр Чөлөөт бүс хэмээх том тодотголыг төрийн зүгээс  зүүлгэсэн юм бол хийж, хэрэгжүүлэх ажлуудынхаа ард нь гарах ёстой гэдгийг сануулахад илүүдэхгүй байна. Ядаж л боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулъя, нэмэгдүүлье гээд нөгөө талаас саналаа тавиад байхад гэдийгээд “Хаалттай бүс” болгох гээд зүтгээд байхын учир юу вэ? Эрхмүүдээ.. Нэртэйгээр нь чөлөөт гээд байгаа бүсүүдээ бүгдийг нь хаалттай гээд нэрлэчихээч..

Хажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top