Бид Оросоос бас дахин гуйх нь..

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

 

 

Шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэж байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энгийн даруухан хүлээж авлаа. Харин импортлогчид өнгөрсөн хугацаанд хөнгөлөлттэй зээл авсны үр дүнд л ийм хэмжээгээр нэмэгдэж байна, тэрнээс бүр 200 гаруй төгрөгөөр нэмэх байсан гэх тайлбарыг хийж байна. Ямартай ч  Монголбанкнаас Уул уурхайн яамтай хамтран нефтийн жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор SIFS дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч 7 компанид нийтдээ  83.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм. Тэгэхээр ханшийг тогтвортой барихын тулд алхмууд хийгдэж байгаа ч, эрсдэлүүд байж л байна гэдэг нь импортлогчид үнээ нэмсэнээр баталгаажиж байна.  

Түүнчлэн манай улсын хувьд шатахууны хараат байдлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал илүү анхаарал татсаар байна. Уг нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг саяхан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг  хүлээн авч уулзах үеэрээ Роснефть компанийн зүгээс Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд бусад оронд нийлүүлж байгаа үнээс харьцангуй өндөр байгаа учир, энэ үнийг бууруулах боломж байгаа эсэхийг судалж үзэхийг хүссэн гэж байна.

Мөн  Японы олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр Тоёоинженеринг компани Монголд барих газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийсэн. Монгол Улс газрын тос олборлогч орон болж байгаа. Цаашдаа энэ газрын тосоо эх орондоо боловсруулах зорилтыг тавьж ажиллаж байнгаа талаар өгүүлэхдээ Засгийн газар газрын тосны үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг гаргасныг тодотгожээ. Улмаар энэ төсөлд ОХУ, Роснефть компани хөрш орны уламжлалт түнш, дээр нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орныхоо хувьд ч газрын тос нийлүүлэх байдлаар хамтарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр газрын тосны бүтээгдэхүүн нь аль ч оронд стратегийн бүтээгдэхүүн байдаг.Монгол улс цаашид нүүрс, шатдаг занарын нөөцдөө суурилан шатахуун үйлдвэрлэх, цаашид экспортлох зорилготой ажиллаж байгаа тухай эрхэм сайд  С.Е.Донскойд хэлээд явуулжээ.

Тэгэхээр нефтийн бүтээгдэхүүн импортлогч Монгол улс, түүхий нефть импортлогч улс болж хувирах дүр зураг харагдаж байна. Тэр дундаа мөнөөх л мөнхийн хөршөөсөө хараат байдлаа хэвээр хадгалахаас өөр гарц үгүй юм шиг харагдаж байна. Уг нь манай улс газрын тос олборлогч орон болсон гэдгээ албан ёсоор зарлачихсан. Гэхдээ олборлох эрх мэдэл нь гадны компаниудын мэдэлд шилжчихсэн байгаа нь бидэнд наалдаж үлдэх үр ашгийг хорогдуулж байгаа юм. Тухайлбал, Тамсагийн сав газар дахь  Тосон-уул арванесдүгээр талбай дээр аваад үзэхэд газрын тосны баталгаат  нөөцийг 119 сая тонн гэж тогтоосон.  Гэхдээ   энэ нөөцөөс ойролцоогоор 13-14 сая тонныг баталгаатайгаар олборлож авах бөгөөд  13 сая тонноос  гэрээлэгч компани  Петрочайна Дачин Тамсаг  өртөгөө нөхөөд,  үлдэж байгааг нь манайхтай хуваана.  Манай улсад эцсийн дүндээ 13 сая тонны 24 хувь нь л ноогдоно. 24 хувь гэдэг нь  3 сая гаруй тонны нөөц. Тиймээс ч бид боловсруулах үйлдвэр байгуулчихаад түүхий тосны эрэлд хатах тухай яригдсаар байдаг.

Яахав мэргэжилтнүүдийн хэлдэгээр бол жилд заавал 800 мянган тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтайг биш юм аа гэхэд, 100 гаруй мянган тонн түүхээ тосоо дотооддоо боловсруулаад түлш болгоод бүс нутгийн хэрэгцээний тодорхой хувийг хангачихдаг тийм үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй гэдэг. Энэ нь ч зөв шийдэл байж болох билээ.

Хажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top