Сагсан бөмбөгийн спорт ба шинэчлэл

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Монгол Улс 1990 оноос капиталист  нийгэмд шил­жин зах зээлийн эдийн засгийн харилцаатай ард­чилсан нийгмийг сонгосон. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжинэ гэдэг үнэхээр  том өөрчлөлт. Агуу их өөрч­лөлтийг Монголын ард түмэн нүдээрээ үзэж, биеэрээ туулсан. Басхүү энэ  өөрчлөлт нь Монголын спортын салбарыг ч тойрч гараагүй юм. Үүний бодит жишээ нь сагсан бөмбөгийн спорт. Гэхдээ тухайн үеэс өнөөдрийг хүртэл тэд  алхам тутамдаа өөрчлөлтийг бо­дитоор хэрэгжүүлж чадсан. Яаж...?

Лигийн зохион байгуулалтад шилжсэн түүхэн үе

Аймаг,  бүс, дүүрэг, улсын аварга шалгаруулах хүрээнд зохион байгуулагддаг байсан сагсан бөмбөгийн спорт шил­жилтийн хар шуурганд мөн л “нэрвэгдсэн”. Гэхдээ төд удалгүй  шинэ системд шилжиж, “ажилгүй” болсон тамирчид, дасгалжуулагчдад өөрсдийгөө буцаан олох нэ­гэн гарц нээгдсэн юм.

Өнөөгийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тухайн үед сагсан бөмбөгийн спортын дээд лигийн тэм­цээнийг санаачилж, энэ спортоор хичээллэгсэд, со­нир­хогчид цаашлаад Мон­голын сагсан бөмбөгийн спортын хөгжлийг тодор­хойлж чадсан юм. Энэ цаг үеэс хойш 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй дээд лигийн аварга шал­гаруулах тэмцээн жилээс жилд чанаржиж байгааг баг тамирчдын тоглолтын ур чадвар нотлох биз ээ. Тэдний ур чадвар ахихын зэрэгцээ Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэхэд илүү хялбар болж, түүнийгээ дагаад олон улсын тэмцээн уралдаанд оролцож, амжилт үзүүлэх байдал нь хэн бүх­ний нүдэнд ил болсон.

Амжилтын гараа

Монголд багийн спорт хөгжихгүй хэмээх хийсвэр яриа эртнээс яригдаж, одоо хэр нь намжаагүй. Харин үүнийг монголын сагсан бөмбөг, волейболын, хөл бөмбөг болон бусад спорт тоглоомын төрлүүдийн шиг­шээ баг тамирчид оролцсон тэмцээн уралдаан  үгүйсгэж байгаа. Тэдний ойрын жи­лүүдэд гаргасан амжилтыг ард түмэн нь үнэлж, тэднээс илүү их амжилт нэхдэг болсон нь нууц биш.

2005 онд манай сагсан бөмбөгийн спортын түү­хэнд БНСУ-ын нэрт дасгал­жуулагч Пак Сун Гын ирж, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч,  дээд лигт баг удирдан ажилласан нь сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг.

Тамирчдын тоглолтын тактик, хурдтай довтолгоон Азид сагсан бөмбөгийн спортоор дээгүүрт нэрлэгддэг Солонгосын шигшээ багийн тоглолтын арга барилаас баг тамирчид, дасгалжуулагч  нар суралцаж чадсан. Тийм­дээ ч, жилээс жилд та­мирчдын тоглолтын ур чадвар өсч, мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны ажилтан, албан хаагчид гадаад харилцаа талдаа ихээ­хэн анхаарч, баг тамирчдаа уйгагүй олон улсын тэмцээн уралдаанд оролцуулж эхэл­сэн нь амжилт гаргах нэгэн нөхцөл болж өгсөн юм.

Үүнийхээ  хэрээр  2009   оны БТСГ-ын “Шилдэг хол­боо”, 2010 оны Монголын үндэсний олимпийн хорооны “Бөртэ чоно”-ын эзэд бол­сон бол шигшээ багийн та­мирчид Наньжины Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн Зүүн Азийн орнуудад тоглолтын ур чадвараар гайхагдаж, хүчтэй өрсөлдөгчийн тоонд нэрлэгдэж эхэлсэн. Энэ онд ч тэд гялалзсан амжилтыг ар араасаа үзүүлсээр байна.

Элсний  Азийн гурав­дугаар их наадамд оролцсон Ш.Сэдбазар ахлагчтай шиг­шээ багийн тамирчид хү­рэл медаль хүртсэн. Тэд ч үнэхээр  булган сүүлтэй байж Тайвань улсын Тайпей хотноо  болсон Азийн оюут­ны аварга  шалгаруулах тэм­цээнд оролцсон шигшээ багийн  залуус  хүрэл медалийг энгэртээ гялалзуулж, ба­­гийн лидер тоглогч Б.Билгүүн Азийн шилдгүүд чуул­сан тус тэмцээний бэл­гэд­лийн, шилдэг таван та­мирч­ны нэгээр тодорсон нь бахар­хахгүй байхын аргагүй ам­жилт байсан юм. Мөн лигийн удаа дараагийн аварга “Хасын хүлэг” баг буурал Европд хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолт хийж, тог­лосон баг бүрээ “дайлаар мордож”, Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэ­сэгтээ л шуугиан тарьсан.

Шинэчлэгдсэн холбооны шинэлэг санаачилгууд

Дээр дурдсан даа. Мон­голын сагсан бөмбөгийн хол­боо хэмээх их айл уйгагүй хө­дөл­мөрлөсний  эцэст тэд­нээс амжилт харагдаж бай­на.

2010 оноос шинэчилсэн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа тус холбоо  гадаад харилцаа талдаа ихээхэн анхаарч эхэлсэн. Тиймдээ ч шигшээ багийн тамирчдыг гадаад улс орнууд руу хамтарсан бэлтгэл хийлгэх, турш­лага судлуулах, багш дасгалжуулагчдын сургалт семинарт хамруулж, үндэс­ний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд легио­нер тоглогчдыг олноор нь татан оролцуулж эхэлсэн юм.

Шинэчилсэн бүрэл­дэхүүн, шинэчлэлийн бод­лого хэрэгжүүлж эхлэхдээ бусад талуудтай хамтран ажиллах санал тавьж, 2011 оноос уралдаан тэмцээний хувьд лигийн зохион бай­гуулалттай, хоорондоо уял­­даа холбоотой нэгдсэн тог­толцоотой  байхаар шийд­­сэн. Ингэснээр үндэс­ний, хөгжлийн, оюутны, сурагчдын гэсэн дөрвөн лигийг ивээн тэтгэгчид, ИДССК, БСШУЯ, зэрэг байгуулагтай хамтран зо­хион байгуулж эхэлсэн би­лээ. Мөн үүний зэрэгцээ та­мирч­дын болон шүүгчдийн цол зэргийг  лигүүдтэй уял­­дуулж, хөгжлийн лигт спортын дэд мастер, үндэс­ний дээд лигт спортын мастер цол олгож байхаар өөрчилсөн юм.

Харин  шигшээ багт зүт­гэж, олон улсын тэмцээн урал­даанд амжилт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагчдад  олон улсын хэмжээний мас­тер, цаашилбал Монгол Улсын  гавьяат тамирчин бо­лох үүд хаалга нээж өгсөн. Басхүү нас насны ангилалд дөрвөн томоохон лигийн тэмцээн явуулж эхэлсэн нь хөгжлийн лигээс багууд дээд лигт дэвшин хүчээ сорих,  дээд лигт сүүлийн байранд орсноор  доош уруудан орох журам үйлчилж өрсөл­дөө­нийг тасралтгүй бий болгон  баг  тамирчдад хариуц­лага, ёс зүйн асуудлыг шийд­­вэрлэхэд хялбар болж байна.

Мөн   багш,  дасгалжуу­лагч, шүүгчийн мэргэжил мэдлэг дээшлүүлэх, шинээр бэлтгэн гаргах бодлогийг үргэжлүүлэн гадаад до­тоодын мэргэжлийн сур­гууль­тай  хамтын ажлын гэрээ байгуулснаар чанарын шинэ шатанд гаргаж, сур­галт семинарыг хот орон нутагт зохион байгуулах, бусад улсад оролцох өргөн боломжтой болсон. Хот орон нутагт явуулсан су­дал­гаан дээр үндэслэн багш дасгалжуулагчийн зал­гамж халааг өргөн хан­гах, олон арван шилдэг дасгал­жуулагчтай болох  зо­рилгоор МУБИС-ийн Биеийн тамирын сургууль дээр сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн ангийг энэ хичээлийн жилд нээн ажиллаж байгааюм.

Боловсон хүчний асууд­ыг шийдэхийн хамт спортын анаагаах ухаан, судалгаа шинжилгээний  чиглэлийг бид давхар анхааран ажил­лаж олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийн бэлтгэл сургалтыг судалгаа шинжилгээний үндэслэлтэй явуулах боломж бүрдэж байна.

Сэтгэхүйг өөрчлөх цаг нь болсон

Зах зээлийн нийгэмд шил­жин хөгжих явцад сагсан бөмбөгийн холбоод олноор байгуулагдан  гол­дуу уралдаан тэмцээн зо­хион байгуулах үүргийг гүй­цэтгэж,  санхүүжилт сайтай нь үргэлжлэн ажиллаж, за­рим нь үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдол бий.

Нийгмийн эрэлт хэрэг­цээг хангаж нас,  насны ангилалд уралдаан тэмцээн зохион байгуулах нь сайшаалтай боловч холбоод, клубийн үйл ажиллагаа нь хоорондоо уялдаа холбоогүй, ёс зүй хариуцлагын тог­тол­цоогүй, нэгдсэн бод­логогүй байсан. Харин энэ тохиолдолд зөвхөн тэмцээн зохион байгуулж байгаа  нь “дэлгүүр ажиллуулах” мэт болж  “үйлдвэрлэл” буюу тамирчид бэлтгэх тал учир  дутагдалтайгаар  он жи­лүү­дийг өнгөрөөсөөр  байна.

Угтаа Монгол Улсад  саг­сан бөмбөгийн спорт  сүү­лийн  20 гаруй жил эрчимтэй хөгжсөн ч, нэг хэсэг нь уралдаан  тэмцээн зохион бай­гуулдаг, нөгөө хэсэг нь тэр тэмцээнд нь багаа оролцуулахын тулд  ивээн тэтгэгчдийн эрэлд морддог тогтолцоо хэдий нь бий олжээ. Одоо энэ сэтгэхүйг өөрчлөл цаг нь болж дараагийн шатанд оролцогч  талуудын  сэтгэхүйд  ШИНЭЧЛЭЛ хийх цаг нь болсон  байна.

Баг тамирчид ивээн тэтгэгчдээс  санхүүжилт  авч тэмцээнд оролцдог сэтгэхүйхээс аажмаар салж, клубийн системд сонгодог утгаар  шилжих хэрэгтэй. Тамирчид клубтээ харьяалагдаж,  клуб нь олон аргаар санхүүжилт олох, бүрэн бие даахсэтгэхүйг төлөвшүүлэх нь юу юунаас илүү чухал.

Тиймээс төлбөртэй саг­сан бөмбөгийн сургалт явуу­лах, нэрэмжит тэмцээн зо­хион байгуулах, бараа тэм­дэг сурталчлах, клубтэй хол­боотой бүтэгдээхүүн бор­луулах, бэлтгэн гаргасан та­мирчдыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашилбал нэр хүндтэй болсон клуб ээ зарах, бусадтай хамт­рах зэрэг аргаар санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм. Гэтэл өнөөд­рийн байдлаар клуб  гэдэг УБЕГ-аас /Улсын  бүртгэлийн ерөнхий газар/гэрчилгээ авсан сагсан бөмбөгт  дур сонирхлоор эвлэлдэн нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн бай­гууллага болж яасан ч болох­гүй.

Клубийн системийг нэвт­рүүлэхийн тулд МСБХ бо­лон клубүүдийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруу­лалтыг хамгаалах, шаард­­лагатай бол холбогдох хуульд өөрчлөлт оруулах санал хүргэх нь нэн түрүүнд чухал  болох  талаар Монголын сагсан бөм­бөгийн холбооны 50 жилийн ойн ажлын хүрээнд зохиогдсон “Монголын  саг­сан  бөмбөгийн спортын хөгж­лийн өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага” сэ­дэвт эрдэм шинжилгээний онол, практикийн бага ху­ралд илтгэл тавьж, албан ёсоор дэвшүүлсэн юм. Энэ асуудлын хүрээнд холбоо нь “баян” болох бус харин “баян” бие даасан олон  клубүүд нийслэл хотноо тө­дийгүй, орон нутагт үйл ажиллагаа явуулж,  сагсан бөм­бөгийн хөгжлийн зүтгүүр хүч болно гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Тиймээс энэ нэгдсэн бод­логын  араас клубийн сис­темыг хэрэгжүүлж чадвал  бид тооноос  чанарт  шилжинэ.Клуб нь олон нийтийн эсвэл хувийн өмчийн хэл­бэр­тэй, ахмад үе, дунд үетэй хамгийн гол нь залуу халаа тамирчдыг тасралтгүй бэлт­гэдэг, сургалттай  байвал зохино.

Эцэст нь

Энэ сэтгэхүйн “ШИНЭЧ­ЛЭЛ”-ийг хийж, клубын системыг амжилттай хэрэгжүүлснээр биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, спорт чийрэгжилтийн аливаа үйлажиллагаа, санхүүжилтийг архи, тамхи, болон хууль бус асуудлаас ангид байх зарчим хэрэгжүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх асуудлыг шинэ чанарын түвшинд гаргаж чадах юм.

2040 онд Монгол Улсад зохиохоор  төлөвлөж буй зуны олимпийн наадмын сагсан бөмбөгийн төрлийг зохион байгуулахад баялаг туршлагатай дасгал­жуу­лагчид, олон арван дэлхийн хэмжээний шүүгчтэй байх боломж бүрдэнэ. Мөн зохион байгуулагч орон нь олимпийн тоглолтод нэр төртэй, дээд зэргийн амжилттай оролцоход  бэлэн болсон байна гэдэгт эргэлзэхгүй  байна. Энэ бүх зүйл биднээс л эхэлнэ. Тиймээс сагсан бөмбөгийн спортыг олон улсын түвшинд гаргахад хэн бүхний зүрх сэтгэлийн оролцоо юу юунаас чухал болжээ.

    МСБХ-ны сургалт, судалгаа хариуцсан нарийн бичиг, докторант  Ж.Буянтогтох

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top