Арвангурван оны эдийн засгийн төлөв ямар байхыг авч үзье.
Энэ онд Оюутолгойн зэс-алтны ордын үйлдвэрлэл эхлэхээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний олборлолт хоёр дахин нэмэгдэж, нийт нүүрсний олборлолт нэмэгдэхээр байна. Мөн төмрийн хүдрийн олборлолт 2012 оноос 23.3 хувиар өсч, 10.5 сая тонн, газрын тосны олборлолт 0.6 хувиар өсч, 3.6 сая баррель болох бөгөөд уул уурхайн салбарын нийт бодит өсөлтийг нэмэгдүүлэх тооцоо гарч байгаа аж.
Газар тариалангийн салбарт 295.7 мянган га-д улаанбуудай тариалж, 474.9 мянга орчим тонн улаанбуудай хураан авахаар төлөвлөж байгаагаас гадна 2010-2012 онд 7.4-13.5 сая төл хүлээн авсан нь мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гарц нэмэгдүүлэхээр байна. ХАА-н салбарын бодит өсөлт 2013 онд 4.5 хувиар өсөхөөр байна.
Үйлдвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд мах боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, цемент, барилгын материалын үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орохын зэрэгцээ хүчин чадлаа өргөжүүлснээр боловсруулах салбарын үйлдвэрлэл 12.3 хувь өсөхөөр байна.
Төмрийн хүдэр, нүүрс, зэс, газрын тос зэрэг уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, барилга угсралтын ажил эрчимжсэнээр тээвэр, худалдаа болон бусад үйлчилгээний салбар 10.5 хувиар өсөх төлөвтэй байна. Тухайлбал, тээвэр, агуулахын үйл ажиллагаа явуулдаг салбар болон бөөний, жижиглэнгийн худалдааны салбарт 13 хувиар өсөхөөр төсөөлж байна
Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Блумбергийн шинжээчдийн тооцоогоор авлаа. Бодит ДНБ-ий нийт хэмжээ 2013 онд 18.5 хувиар өсч, нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 17.6 их наяд төгрөгт хүрэх төсөөлөл гарч байна.
За харин гадаад худалдааны тухайд: Уул уурхайн салбарын олборлолт нэмэгдэж байгаатай болон бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлын өсөлттэй холбоотойгоор гадаад худалдааны бараа эргэлт 2013 онд өмнөх оноос 41 хувиар өсч, 16.3 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 2013 онд буурахаар байгаа боловч, зэс болон алтны үнэ тогтвортой байх хандлагатай байна. Оюутолгойн зэс, алтны орд ашиглалтанд орсноор 2013 онд 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор байна. Мөн 30 орчим сая тонн нүүрс экспортлохоор байгаа бөгөөд үнээс 10 сая тонн нь угаасан нүүрс байгаа юм. Экспортын хэмжээ 2013 онд өмнөх 2012 оноос 77.9 хувиар өсч, 8.4 тэрбум ам.долларт хүрэхээр байна.
Барилга угсралт, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор барилгын материал, машин механизм, тоног төхөөрөмжийн импорт нэмэгдэхээр байна. Мөн уул уурхайн олборлолт 60 хувиар өссөнөөр газрын тосны бүтээгдэхүүний импорт 20 гаруй хувиар өсөхөөр байна. Нийт импортын хэмжээ 2013 онд 17 хувиар өсч, гадаад худалдааны тэнцэл 420 сая ам.долларын ашигтай гарахаар байна.
Инфляцийн тухайд: Нийт инфляцийн 40 гаруй хувийг махны үнийн өсөлт 2012 онд бүрдүүлж байгаа. Мал сүргийн бүтцэд 2013 онд том малын эзлэх хувийн жин нэмэгдэж байгаа тул зах зээлд нийлүүлэгдэх махны хэмжээ өмнөх оноос нэмэгдэхээр байгаагаас гадна Засгийн газрын зүгээс махны нөөц бүрдүүлэх, махны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч байгаа тул махны үнэ харьцангуй тогтвортой байхаар төсөөлж байна. Мөн түлш, шатахууны үнийг тогтвортой байлгахаар Засгийн газар, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, зохицуулалт хийхээр шийдвэрлээд байгаа аж. Тиймээс инфляцийн түвшин ирэх онд нэг оронтой тоонд байхаар төсөөллийг энэ засгийн нөхдүүд хийгээд байна.
Сэтгэгдэл ( 0 )