НӨАТ-ыг хараах уу, ерөөх үү..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

 

НӨАТ бол олон гоё тодотголтой татвар. Эдийн засагчид магтахдаа  төсвийн орлогын найдвартай, тогтмол эх үүсвэр, эдийн засагт нөлөөлөх гаж нөлөө багатай, өргөн суурьтай, бага зардлаар хураах боломжтой, далд эдийн засгийг татварт хамруулдаг, олон улсын жишигт нийцсэн гэхчлэн олон зүйлийг хэлдэг. Уг нь энэ татварыг манай улс нэвтрүүлээд 14 дэх жилдээ орж байгаа  юм. Гэсэн ч иргэд НӨАТ-ын талаарх мэдээлэл муу. Үнэндээ хууль батладаг төрийн түшээд нь ч энэ татварын талаарх мэдлэг хомс байх нь олонтаа. Тэрчлэн НӨАТ-ын босгыг өндөрсгөе гээд яриад байгаатай зэрэгцэн чухам ямар үндэслэлээр нэмэх гээд байна вэ? Нэмсний үр ашиг юу вэ гэдэг асуулт мэдээж тавигдана. Тэгэхээр энэ талаар өгүүлэхээс өмнө НӨАТ-ын  талаар мэдээлэл өгөхөд далд эдийн засаг буюу тооцоонд оролгүй үлдэх магадлалтай байгаа орлого, мөнгийг төр дангаараа, эсвэл Татварын байгууллага хянаж чадахгүй юм байна гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн учраас л НӨАТ-ыг нэвтрүүлсэн. Хянах боломж нь эцсийн хэрэглэгчид  л байна гэсэн үг. Учир нь та, бид бүгдээрээ НӨАТ төлдөг. Гэхдээ биднээс авч байгаагаа хэн ч хэлдэггүй. Бид ширхэг талх худалдаж авч байхдаа л  тэр татварыг төлчихдөг. Учир нь талхны үнэ дээр нэмээд ногдуулчихсан байдаг. Харин ийм маягаар татвараа төлөөд явдаг бид  буцаан олголт гэдэг юмыг шаардах эрхтэй ч, мэддэггүй юм. Зүй нь НӨАТ төлдөг эцсийн хэрэглэгч бүхэн бүх талоноо цуглуулж байгаад НӨАТ-аа 20, 30, 40, 50 бүр 100 хувь буцаагаад авдаг байх юм бол, далд эдийн засгийг үгүй хийх боломж бий гэж л эдийн засагчид л хэлээд байгаа юм л даа.

Мөн нөгөө талд НӨАТ-ын босгын тухай шүүмжлэлтэй байр сууриуд байгаа юм. 10.0 сая ба түүнээс дээш борлуулалтын орлоготой талуудаас энэ татварыг авах нь НӨАТ-ын үндсэн мөн чанарыг гажуудуулж Үндсэн хуулийн үзэл баримтлал, тодорхой зүйл, заалтыг зөрчихөд хүргэсэн гэнэ.  10.0 сая гэсэн босго нь ялгавар болж, аж ахуй нэгжүүд 10 саяын босгоны доогуур орох гэж зүтгэж байгаа нь аж ахуй нэгжийн хөгжилд сөрөг үр дагавар дагуулаад байна гэж буй юм.

Тиймээс ямар нэг босго шатлалгүйгээр бүгдээрээ энэ  татварыг төлөе. Тэгээд хуулийн дагуу буцаалт хийдэг байя. НӨАТ-ын эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, эдийн засгаа эрүүлжүүлье гэсэн байр суурь гарч ирж байгаа юм. Түүнчлэн НӨАТ төлөгчдийн 10.0 сая гэсэн босгыг доош нь 500 мянга хүртэл буулгаж, дээш нь хязгааргүй байдлаар тогтоох хэрэгтэй гэсэн санал гарч байсан бол 50 хүртэлх сая төгрөгийн орлоготой компани, хувь хүнийг НӨАТ төлөгчөөр бүртгэх тухай саналыг Засгийн газраас бас гаргаад авсан. Тэгэхээр УИХ НӨАТ-ын хууль эрхзүйн орчныг хэрхэн өөрчлөх вэ гэдгээс эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарах прогноз бий.

Манай эдийн засагчдын хэлж буйгаар бол НӨАТ нь манай тухайд хамгийн тогтворгүй татваруудын  нэг байсаар ирсэн гэнэ. Эрхзүйн орчныг нь өөрчлөхгүй бол болохгүй байна гэж дандаа яригддаг энэ хууль шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш өнөөг хүртэл 31 удаа нэмэлт, өөрчлөлт орж,  эдгээр өөрчлөлтөөс гадна НӨАТ-аас чөлөөлөх тухай 26 бие даасан хууль гарсан гээд аваад үзэхээр бас ч ор байгаа юм.

Харин тэдгээр өөрчлөлтүүд нь үнэхээр зөв байсан уу гэвэл эргэлзээ дагана. Ямар ч байсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас тусдаа бие даасан хуулиуд олноор батлагдаж мөрдөгдсөнөөр  тэдгээр нь НӨАТ-ын хуультайгаа бүрэн зохицдоггүйгээс ихээхэн хэмжээний зөрчил үүсгэж байсныг эдийн засагчид тодотгодог.

Түүнчлэн НӨАТ-ын орлого, буцаан олголтын тухайд ч эдийн засагчид бас арай өөр зүйлийг ярих болж. Сүүлийн 10 жилийн статистик мэдээг авч үзэхэд НӨАТ-аар нийт төсвийн татварын орлогын 17-33 хувийг төвлөрүүлсэн бөгөөд энэ нь нийт төсвийн орлогын  14-22  хувийг эзэлж байгаа юм байна. Энэ нь НӨАТ-ын ойролцоо хувь хэмжээтэй бусад улс орнуудын түвшингээс харьцангуй дээгүүр байгаа гэнэ. НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ нь 2000-2010 онуудад нийт НӨАТ-ын орлогын 4-24 хувийг эзэлсэн дүнтэй байна. ОУВС-ын тооцоолсноор буцаан олголт нь НӨАТ-ын нийт орлогын 30 хувиас хэтрэхгүй байх ёстой бөгөөд буцаан олголтын тогтолцоо нь НӨАТ-ын хэрэгжүүлэх гол тулгуур нь гэж тооцогддог байна.  ОУВС зэрэг томоохон хандивлагчдын зөвлөмж, даалгаврын дагуу 2004 оноос эхлэн буцаан олголтыг бүрэн олгож эхэлсэн бөгөөд дээр дурдсан аж ахуйн нэгжүүд ч буцаан олголт авч эхэлсэн гэж байгаа ч, зөрүүтэй тоонууд яваад байдаг. Гэхдээ  уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид нэмэгдэж импортын хэмжээ, дотоодын хэрэглээ тэлснээс  НӨАТ-ын хасалт, илүү төлөлт, буцаан олголт жил бүр нэмэгдсэн. 2009 онд эдийн засгийн хямралтай холбогдуулан НӨАТ-ын буцаан олголтын нэхэмжлэл эрс нэмэгдэж,  дараа саруудад төлөх НӨАТ-т суутгах явдал буурч ихэнх НӨАТ-ын  илүү төлөлттэй татвар төлөгчид түүний дотор барилга, уул уурхайн салбарынхан буцаан олголтоо нэхэмжилсэн байдаг байна.  Улмаар НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ ч нэмэгдсэн үзүүлэлтүүд байдаг. Харин 2009 оны долдугаар сард ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнээс бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлснөөр буцаан олголтын хэмжээ буурчээ. Ингэснээр  НӨАТ-ын тогтолцоонд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж, улмаар энэ татварын орлого буурсан байхыг  эдийн засагчид үгүйсгэдэггүй. Тэгэхээр эндээс харахад манай улстөрчид НӨАТ-ын хууль эрхзүйн орчныг хэрхэн өөрчилж байгаагаас энэ татварын эдийн засаг дахь үр нөлөө шууд хамаарна гэдэг нь эрхбиш ойлгогдож байна. Дараагийн шинэчлэлүүд нь НӨАТ-ыг хараах уу, ерөөх үү гэдгийг тодорхойлох юм.

Э.Хажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top