Үндэстэн дамнасан корпорациудын ноёрхлын эсрэг

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Дэлхий  нийтийн эдийн засгийг компаниуд нуруун дээрээ авч яваа нь найман оны санхүүгийн хямралын үед тодорхой болж байв. АНУ-ын нийт баялгийн 90 хувийг компаниуд бүтээж байхад манай тухайд “Эрдэнэт” үйлдвэр дангаараа ДНБ-ий 1/5-ийг хийж байна гэхээр өнөөгийн дэлхий ертөнцийг компанигүйгээр төсөөлөхийн аргагүй гэдгийг харуулж байгаа явдал биш гэж үү. Гэхдээ дэлхий дахинаа үндэстэн дамнасан корпорациудын ноёрхлын эсрэг байр сууриуд гарч эхэлснийг бид бэлхнээ харсаар байгаа билээ.

Түүнчлэн компанитай холбоотой олон талын судалгаануудыг шинжээчид хийсээр байна. Тухайлбал, олон улсын хэмжээнд худалдаа, бизнес хийдэг компаниуд тэрбум тэрбумаар нь еврог улс хооронд гүйлгэх замаар татварын хэмжээг бууруулж, бүр зайлсхийх арга барилаар ажиллаж байгаа талаар David Mcnair бичсэн байгаа юм. Энэ нь дэлхий дахины эдийн засагт, хөгжиж буй орнуудад ихээхэн сөрөг үр дагаврыг дагуулж байгаа юм байна. Тодруулбал,  Хөгжиж буй орнуудын татварын нийт алдагдал нь дэлхийн хэмжээний Хөгжлийн албан ёсны тусламжийн нийт дүнгээс давж байгааг судалгаа харуулж байгаа аж. Түүнчлэн хөгжиж буй орнуудыг тэрбум тэрбумаар нь алдагдалд  хүргэж буй татварын системийг Удирдлагууд чангатгах ёстой хэмээн  тэр үзэж байна.

Үндэстэн дамнасан корпарацийн шилжүүлэх үнийн системд нэг толгой компанийн доорх харилцан хамаатай компаниудын хооронд  цөмийн реактороос эрдэнэ шиш хүртэлх  бүх зүйлсийг хамруулсан ажил, гүйлгээ хийгдэж байна. Үүнд мөн оюуны өмчийн эрх, удирдлагын үйлчилгээ, даатгал гэх мэтийн биет бус хөрөнгууд өөрийн гэсэн үнэтэйгээр хамрагдаж байна. Энэхүү Үндэстэн дамнасан корпорациудын салбар компаниуд нь харилцан ажил, гүйлгээндээ “урт гарын зарчмын үнэ” хэмээгддэг зах зээлийн шударга үнийг баримталдаг бол энэ нь яг л хуул ёсны ажил, гүйлгээ байх аж.

Гэтэл дэлхийн нийт худалдааны эргэлтийн 60 хувь нь Үндэстэн дамнасан корпорациудын хооронд бус харин корпораци дотроо явагддаг болоод байгаа нь урт гарын зарчмын үнэ гэдгийг мартагдахад хүргэж,  үнэ, хураамжийн хэмжээг хэрхэн тодорхойлж байгаа нь улам бүр бүрхэг, хаалттай болж, улмаар татварын хэмжээг бууруулахын тулд тоонууд нь маш ихээр гуйвуулагдсан дүнгээр илэрхийлэгдэх болжээ. Бүр хоорондоо харилцан хамааралгүй талууд ч хүртэл яг энэ зорилгоор нууцаар тохиролцоо хийдэг болсон байна.  Энэ бүх арга залийг хамтад нь “худалдааны үнийн гуйвуулга” гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр үүний юу нь чухам шинжээчдийн анхаарлыг татаж байна гэхээр татвараас зайлсхийлтийн дэлхийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөө нь аж.  Европын холбоо, АНУ руу урсан орж байгаа хууль бус хөрөнгийн хохирогчид нь ихэнхдээ ядуу улс орнууд байдаг бөгөөд тэдний татварын албад нь мэдлэг, туршлага, нөөц, боломж хомс байдгаас энэ талаар хөөцөлдөх, араас нь тэмцэх чадамж сул байдаг байна.

Кристиан Эйдийн хийсэн шинэ судалгаагаар үнэ шилжилтээр хичнээн хэмжээний мөнгийг Европын холбоо , АНУ, Их Британид алдсаныг улс улсаар нь анх удаа тооцож гаргасан аж.

Судалгаанаас харахад 2007 онд Хятадаас Испани улс руу 40 сая ширхэг хөргөгч-хөлдөөгчийг нэг бүрийг нь €0.27-оор, мөн 26 сая ширхэгийг нэг бүрийг  €0.56-ийн өртгөөр импортолсон байна.  Үүгээр €8.08 тэрбумыг Хятадаас гувчуулан гаргаж чаджээ. Мөн энэ онд Малайз  улс нь маш их хэмжээний тогтмол эсэргүүцлийг (цахим хэрэгслийн эд анги) АНУ-руу 1 центээс доогуур үнээр 18 ачилтаар экспортолсон байна. Үүний үр дүнд 164 тэрбум ам.доллар (€123 billion) Малайзаас гадагш шилжсэн байна.

Мэдээж ийм үзүүлэлтүүдийг харахад анхаарал татахгүй байхын аргагүй. Профессор Саймон Паак энэ асуудлаар нарийн судалгаа хийсэн байдаг. Түүний тооцоолж гаргасан нийт дүнд хөрөнгийг гадагш гаргах, татварыг бууруулах зорилгоор зохиомлоор бууруулсан, эсвэл өсгөсөн үнүүд оржээ. Судалгаагаар энэхүү зүй бус үйлдлийн улмаас 2005-2007 онуудад  Европын холбоо болон АНУ руу Европын холбооны бус орнуудаас нийтдээ  €850.1 тэрбум евро шилжин орсон байна. Хэрэв энэ дүнд одоогийн татварын хувь хэмжээгээр татвар ногдуулсан бол Европын холбооны бус орнууд нийтдээ 279 тэрбум еврогын орлогыг олох ёстой байсан нь тогтоогджээ. Мөн хугацаанд дэлхийн хамгийн ядуу 49 орон 2.6 тэрбум еврогийн татварыг нэмж авах боломжтой байжээ. Орлого багатай улс орнуудаас хамгийн ихээр татварын орлогоо алдсан орнуудад Нигер улс (€734 сая евро), Пакистан  (€446 сая евро), Вьетнам  (€367 сая евро), Бангладеш  (€272 сая евро) орсон байдаг.

Хөгжиж буй орнуудын нийт алдсан татварын орлогын хэмжээ нь дэлхий нийтээр үзүүлдэг хөгжлийн тусламжийн нийт дүнгээс хавьгүй их гэдгийг дээр өгүүлсэн. Тэгвэл тодотгоход 2015 онд хэт ядуурлыг нэг дахин буулгах мянганы хөгжлийн зорилтыг хангахад шаардагдаж байна хэмээн Дэлхийн банкнаас тодорхойлж байгаа $40 – $60 сая ам.долларын төсвөөс ч хол давах аж.

Ирланд улсын жишээг авахад, 2005-2007 онуудад тус улс руу орсон 5.8 тэрбум еврогийн хөрөнгийн ихэнх нь Европын өндөр орлоготой орнуудаас байсан бол 268 сая евро нь хамгийн ядуу 49 орноос шилжсэн байна.  Энэ нь Ирландын 2008 оны хөгжлийн тусламжийн нийт төсвийн ( 899 сая евро) дөрөвний нэгээс ч их дүн болж байна.

Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартаар Үндэстэн дамнасан корпорацууд нь тайлан бүртгэлийг нэгдсэн байдлаар гаргаж байхыг шаарддаг. Ингэснээр татвар ногдох эдийн засгийн үйл ажиллагаа хаана явагдаж, ашгаа хаанаа тайлагнаж байгааг томоохон бизнесийг хянан-шинжилж байхыг оролддог ямар ч засгийн газрын татварын байгууллагууд, хөрөнгө оруулагч , иргэний нийгмийн байгууллага мэдэх аргагүй болж байгаа юм. Тиймээс энэ нь фирмүүдэд хөрөнгөө хаашаа  шилжүүлж,  татвараа хаана төлөхөө (эсвэл зарим тохиолдолд төлөхгүй байхаа) шийдэхэд амар болж байна.

Тийм ч учраас олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хичнээн ашиг олсон, хэдэн хүнийг ажлын байраар хангасан, татварт хэдийг төлж байгааг бизнес эрхэлж байгаа улс орон тус бүрээр нь нийтэд нээлттэй мэдээллүүлдэг шаардлагыг хэрэгжүүлж эхлүүлбэл ийм зүй бус үйлдлийг эрт илрүүлэх боломжтой болох талаар судлаачид хэлж байгаа.

Улмаар тухайн компани аль аль улсад (үүнд  татварын диваажин улс орнуудыг оруулан)  маш их, эсвэл эрс бага ашгийг тайлагнасан байгаа нь харагдах юм. Энэ нь хөгжиж буй орнуудын татварын албадууд аль санхүүгийн урсгалд нэн тэргүүнд гол анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай болж байгааг мэдэх боломжоор хангагдах аж.

Мөн бүх компани болон хувь хүмүүсийн татвартай холбоотой мэдээллийг бүх улс орнууд автоматаар харилцан солилцдог байвал үнэ цэнэтэй хөрөнгийн шилжилтийг хянах боломжтой болох юм. Нийцлийг объектив байдлаар үнэлэх аж.

Зүй нь хөгжиж буй орнуудын хувьд зохих ёсны татвараа ногдуулан авч чадвал тэр нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэцдээ зарцуулагдах бөгөөд, нөгөө талаар байнгын тусламжаас хамааралтай байдаг хамаарал, ялангуяа  энэ хямралын үед тусламжийн байдал улам бүр хүндэрч байгаа нөхцөлд  төгсгөл болох боломж бүрдэх талаар энэхүү чиглэлийн судалгааг хийсэн шинжээчид анхааруулсаар байгаа юм. Тэгэхээр уул уурхайд дөрөөлөн ирэх олон арван жилүүдийн хөгжил дэвшлийг мөрөөдөж байгаа манай улсын тухайд энэ мэт чухал асуудлуудыг тоолгүй өнгөрч болохгүй билээ.

Э.Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top