Төв банкны дансанд орчихсон гэх Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараар том, том бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ гэсэн хүлээлт бий. Харин санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулах юм. Тэгэхээр өмнө нь 580 сая ам.долларын бонд гаргасан туршлагатай, тэрчинээгээрээ хариуцлага ухамсарлах ёстой Хөгжлийн банкны нуруун дээр бас нэг ачаа нэмэгдэж байна. Тэрчлэн Хөгжлийн банкинд тавигдах хяналтын асуудал дээр нэмж анхаарах шаардлага яригдаж байгаатай зэрэгцэн тус банкийг удирдан ажиллахаар болсон Н.Батбаяр сайдын Эдийн засаг, хөгжлийн яамны хариуцлага бас нэмэгдэж буй юм. Тус яамны нөхдүүд яаман дээр асуудлуудыг базаад засгийн хурал руу оруулаад шийдүүлээд явах зарчимтай юм.
Гэсэн ч Хөгжлийн банкны хараат бус байдлын талаар ярихгүй байж болохгүй. Ер нь бол бид л Хөгжлийн банк байгуулчихаад учраа олохгүй мунгинаад байгаа юм биш. Харин бид тэднээс хуулж, хөрсөн дээрээ буулгах гээд үзээд байгаа юм. Тиймээс ч дэлхийн улс орнууд дахь Хөгжлийн банкуудад тулгарч ирсэн асуудлуудыг гайгүй сайн мэдэж байх ёстой. Мэдэж байна гэдэг чинь алдах эрсдлийг бууруулах магадлал өндөрсөнө гэсэн үг. Тиймээс гадныханд тулгамдаж ирсэн асуудлуудын нэг болох Засгийн газрын оролцооны тухайд ярихад, манай тухайд бол бүрэн хамааралтай явж байна. Зүй нь Хөгжлийн банкны үйл ажиллагааг бүхий л талаар үр дүнтэй явуулахад сайн засаглал нь чухал үүрэгтэй. Тиймээс Хөгжлийн банкин дахь Засгийн газрын оролцоог байгууллагын засаглалаар хязгаарлах тал дээр анхаарлаа хандуулах шаардлага манайд байгаа юм. Хөгжлийн банк сайн засаглалтай байснаар Засгийн газраас буюу хэсэг бүлгийн эрх ашигтай холбоотой зээл олголтыг бууруулах бөгөөд хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд, удирдлага зэрэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд оролцож буй талуудын үүрэг, хариуцлага гайгүй тодорхой болох юм.
Харин манайд Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш ТУЗ-ийн гишүүд нь гэхэд дөрвөн удаа албан ёсоор солигджээ. ТУЗ-ийн 6 гишүүн нь байнгынх, 3 нь хараат бус гэсэн статустай байхаар Засгаас тогтоогоод өгчихсөн. Ийм маягаар байгуулагдсан ТУЗ дөрөв дэх удаагаа бүрэлдэхүүнээрээ шинэчлэгдэхэд Даргаар нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатар томилогдсон бол ТУЗ-ийн байнгын гишүүдээр: Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батзаяа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчД.Болдбаатар, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Отгончулуу, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх нар томилогдсон.
Хараат бус гишүүдээр нь Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Найдалаа, Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй гэсэн эрхмүүд томилогдсон билээ. ТУЗ-ийн гишүүдийн жагсаалтыг харахад улстөрийн хэт хамаарлаас ангижруулах дийлэх боломж үгүй гэдэг нь тодорхой байгаа.
Харин гадны жишгийг авч үзэхэд Хөгжлийн банкны үйл ажиллагааг илүү үр дүнтэйгээр явуулахын тулд түүнийг хувьцаа эзэмшигч, ТУЗ, удирдлагын бүрэлдэхүүнтэйгээр корпорацийн хэлбэрээр байгуулах хэрэгтэй гэж үздэг. Мөн эдгээр бүлгүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд хөгжлийн банк нь тодорхой хууль, эрхзүйн орчинд үйл ажиллагаа явуулдаг. Иргэний хуультай орнуудад Хөгжлийн банк нь тусгай хуулийн дагуу байгуулагддаг. Тусгай эсвэл нийтлэг хуулийн дагуу ТУЗ-ийг удирдлагаас хамааралгүйгээр тусад нь байгуулж тэдгээрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлсон байдаг аж. Хяналт, зохицуулалтын үйл ажиллагаа нь хуулийн дагуу тодорхойлогдох бөгөөд энэ нь хувьцаа эзэмшигч, ТУЗ, удирдлагаас хараат бус байдаг байна.
Харин манайд Хөгжлийн банк өөрийн хуультай ч, ТУЗ-ийг удирдлагаас хамааралгүйгээр тусад нь байгуулж тэдгээрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох боломжийг тусгаж өгөөгүй юм. Хөгжлийн банкин дахь Засгийн газрын оролцоог байгууллагын засаглалаар хязгаарлах тал дээр анхаарлаа хандуулах шаардлага байгаа талаар эхэнд өгүүлсэн. Ер нь Хөгжлийн банкны засаглалыг сайжруулъя гэвэл тус банкны эзэмшил дээрх хувийн секторын оролцоо нь нэмэлт хөшүүрэг болох нь тодорхой. Түүнчлэн үүнийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний зардал хэрэгцээтэй болно. Хувийн секторын хамтрагчдыг сонгох үйл явц нь хэдийгээр нарийн боловч зөвхөн компанид тодорхой хувь нэмрийг оруулж, түүнтэй ижил сонирхлыг хуваалцаж чадах “Smart Money” хөрөнгө оруулагчид тэргүүн ээлжинд сонгогдох ёстой гэдгийг гадны мэргэжилтнүүд өгүүлж байгаа юм. Ерөөс хөгжлийн банкин дахь хувийн хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэнэ гэдэг нь банкны капиталыг нэмэгдүүлэхээс илүүтэй засаглалын стандартыг улам сайжруулахад чухал нөлөөтэй юм.
Гэхдээ Хөгжлийн банкинд хөрөнгө оролцуулахад сул тал бий. Тухайлбал, компаниуд бодлогын зорилтоо хэрэгжүүлэхээс илүүтэйгээр ашиг орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаардаг. Тиймээс ийм эрсдлийг Хөгжлийн банкны тооцоолсон үр өгөөж, хувийн хамтрагчдын зорилтыг нарийн тодорхой заасан хувьцаа эзэмшигчийн гэрээгээр бууруулж болдог аж. Мөн Хөгжлийн банкийг хөрөнгийн биржид бүртгүүлэх нь мэдээллийн нээлттэй байдал болон байгууллага доторх засаглалыг сайжруулах боловч энэ нь Хөгжлийн банкныг илүү арилжааны үйл ажиллагаа руу чиглүүлэх эрсдэлийг бас агуулдаг байна.
Мөн хувийн өмчийн оролцоог нэмэгдүүлэх нь компанийн засаглалын стандартыг өндөр болгохоос зайлсхийх боломжтой гэсэн үг биш аж. Хувь нийлүүлэгчдийн цөөнхийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт сайн байхын хирээр хувийн секторын оролцоо нэмэгддэг. Ийм тогтолцоогүй үед хувь нийлүүлэгчдийн цөөнхийн эрх ашиг, үзэл санаа тусгагддаггүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээний ачаар хувийн хэвшлийн хувь эзэмшигчдийн хариуцлага нэмэгддэг.Тухайлбал, хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хувийн хэвшлийн төлөөлөл гишүүн нь аудитын хорооны үйл ажиллагаа болон Хөгжлийн банкны мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгахад маш чухал үүргийг гүйцэтгэхээр зохицуулж болдог аж. Энэмэтчилэн авч үзэхэд Хөгжлийн банкны хараат бус байх эсэх асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй зүйлс байгаа юм. Харин манай тухайд өнөөдөр хөгжлийн банкийг улстөрчид залж байна. Зүй нь Хөгжлийн банкийг зөв замаар нь явуулъя гэвэл төрийн мэдлийн тодорхой хэсгийг бусдад өгөх нэг зам байгаа юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )