Европоос Хятад, Хятадаас бид хамаарав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

 

Арванхоёр оны эдийн засгийн мэдээллүүд хараахан эцэслэн гараагүй байна. Оны эхний улирлын тухайд эдийн засгийн бодит өсөлт эхний улиралд 16.5 хувиар өсч байсан бол эхний хагас жилийн байдлаар гадаад, дотоод хүчин зүйлийн улмаас эдийн засгийн өсөлтийн хурд удааширч 13.2 хувь болсон байгаа юм. Нэрлэсэн Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010, 2011 онуудын эхний хагас жилд 31-34 хувиар өсч байсан бол 2012 онд 25 хувь болсон.  Эдийн засгийн өсөлт удаашрахад дэлхийн санхүү, эдийн засаг болон Европын Холбооны орнуудын өрийн хямралын улмаас манай улсын экспортын бүтээгдэхүүний дийлэнхийг эзэлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан нь нөлөөлж эхэллээ. Дотоод, гадаад эрэлт буурснаар БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн өсөлт саарч, тус улсын нүүрсний импорт 2012 оны 7 дугаар сард өмнөх сараасаа 10.7 хувиар буурчээ. Үүний улмаас манай улсын нүүрс экспортлогч зарим компаниуд экспортынхоо хэмжээг бууруулж, зарим нь зогсоосон. Нүүрсний экспортын эхний 8 сарын төлөвлөгөө 28 хувиар тасарч, 12 сая тонн нүүрс экспортлоод байна. Мөн гадаад зах зээлд гарч байгаа өөрчлөлтийн улмаас экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ бага зэрэг буурсан нь эдийн засгийн өсөлтөд мөн сөргөөр нөлөөлж байна.

Гэхдээ нүүрсний экспортын өсөлт удааширч байгаа ч дотоодын хэрэглээний нүүрсний олборлолт хэвийн явагдаж байгаа бөгөөд төмрийн хүдэр, газрын тосны олборлолт эхний 8 сарын байдлаар 50-53 хувиар өсч, мал аж ахуйн салбарт 13.3 сая төл хүлээн аваад байна. Ургацын урьдчилсан балансаар энэ онд манай улс 481 мянган тонн үр тариа, 308 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авахаар төлөвлөж өмнөх оноос үр тариа 8 хувиар, төмс, хүнсний ногоо 17.4 хувиар өсөхөөр байна.

Харин үйлчилгээний салбарын ДНБ-ий бодит өсөлт эхний улирлаас 2 дугаар улиралд 17.5-аас 5 хувь болж, өсөлт нь саарлаа. Үүнд бөөний худалдаа, тээврийн салбар голлон нөлөөлөв. Уул уурхай, барилгын салбарын тоног төхөөрөмж, бараа материалын худалдан авалтын дийлэнх нь эхний улиралд хийгдсэнээр 2 дугаар улиралд бөөний болон жижиглэнгийн худалдааны өсөлт саарав. Тээвэр, агуулахын салбарын өсөлт нүүрсний экспорттой холбоотойгоор мөн удаашрав. 2012 оны эдийн засгийн бодит өсөлт 12.4 хувь байгаа бөгөөд нэрлэсэн ДНБ-ий хэмжээ 13.5 их наяд төгрөгт хүрэхээр байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Гадаад худалдааны тухайд манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ оны эхний 8 сарын байдлаар 7.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн хэдий ч 7-8 дугаар сарын экспорт, импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 8-28 хувиар буураад байна. Экспортын хэмжээ буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт, үүнд нүүрсний олборлолт болон нүүрсний үнийн бууралт голлон нөлөөллөө. Импортын бууралтад Оюутолгой зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслийн хөрөнгө оруулалтаар орж ирж буй тоног төхөөрөмжийн импорт буурсантай холбоотой юм. Нүүрс болон голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ 8 дугаар сард БНХАУ болон дэлхийн бусад улсуудын эдийн засгийн өсөлт удааширснаас шалтгаалан буураад байна. Экспорт төдийлөн дорвитой өсч чадахгүй байгаагийн улмаас гадаад худалдааны алдагдал эхний 8 сарын байдлаар 1.8 тэрбум ам.долларт хүрээд байна.  7 дугаар сард нийтдээ 900 мянган тонн нүүрс экспортолсон бол 8 сард 1 сая тонныг, 9 дүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар 993 мянган тонныг экспортлосон нь нүүрсний экспорт бага зэрэг сэргэх шинжтэй байгааг харуулж байна. Нүүрсний экспорт сэргэж байгаа ч өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрч чадахааргүй байна. Экспорт өмнөх оноос 1.5 хувиар буурахаар байгаа бол импорт 4.5 хувиар өсч, гадаад худалдааны тэнцэл 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байна. Гадаад худалдааны бараа эргэлт 2012 оны эцэст 11.5 тэрбум ам.долларт хүрэхээр байна.

Инфляцийн түвшин 8 сарын байдлаар 14.9 хувьтай гарлаа. Үүнд хүнсний бүтээгдэхүүн болон хувцас, бөс барааны үнийн өсөлт хамгийн ихээр нөлөөлсөн байна. Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс /цаашид ХҮИ/-ийн сагс нь 329 бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрддэг бөгөөд үүний 20 орчим хувийг Хятад улсаас импортолдог бараа, бүтээгдэхүүн эзэлж байна. Өнгөрсөн 7 сард Хятад улсын инфляци 3.1 хувь, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 6.2 хувь гарсан байна. Тиймээс энэ нь манай улсын инфляцийн түвшинд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Арванхоёр онд махны үнийн өсөлт болон хүнсний бус бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцийн дийлэнх хувийг бүрдүүлсэн байна. Инфляцийн түвшин 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 13 орчим хувьтай гарах төлөвтэй байна. 2012 онд 480 мянган тонн үр тариа, 308 мянган тонн төмс, хүнсний ногоо хураахаар төлөвлөж байгаа нь гурил болон хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байх боломжийг бүрдүүлж байна. Мөн улирлын нөлөөллийн дагуу оны сүүлийн саруудад махны үнэ бага зэрэг буурна гэж төсөөлөл байсан ч , ҮСХ-ноос гаргасан мэдээнээс харахад өсөлт хадгалагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top