Захирлуудын оролцоог багасгаж, хараат бус гишүүдийг нэмнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

 

 

Арванхоёр оны арваннэгдүгээр сард инфляци  өмнөх сарынхаас 0.2 хувь, оны эхнээс 13.1 хувь,  өмнөх оны мөн үеийнхээс 14.4 хувиар өссөн байгаа.  Энэ үзүүлэлтийг харахад сарын өсөлт нь бага байгаа ч, жилээр тооцсон үзүүлэлт нь өндөр байгаа. Тиймээс ч арванхоёр оны туршид мөнгөний бодлогын шийдвэрийг гаргасан Монголбанкны захирлуудын шийдвэр байгаа зөв онилж байсан уу гэсэн асуулт тавигдахад хүрч буй. Гэхдээ аравдугаар сард Монголбанкнаас Мөнгөний бодлогын шинэ зөвлөл байгуулснаар Захирлуудын зөвлөлийн эрх мэдэл хумигдсан. Нэг талаас нь авч үзвэл эргээд хариуцлага асуух тал өөрчлөгдсөн гэсэн үг. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ “Төв банкны тухай хуульд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх үүргийн хүрээнд Мөнгөний бодлогын зөвлөлийг шинээр байгууллаа. Уг зөвлөлийн онцлог нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад гаднаас оролцох хараат бус гишүүдийн тоог нэмсэн төдийгүй цаашид ч уян хатнаар нэмэх бодлого баримтална. Одоогийн байдлаар зөвлөлийн 12 гишүүний дөрөв нь гаднаас, найм нь Монголбанкнаас сонгогдоод байна. Мөнгөний бодлоготой холбоотой бүх шийдвэрүүд Мөнгөний бодлогын зөвлөлөөс гарч байх бөгөөд зөвлөлийн гишүүдийн бодлогын шийдвэрийн талаарх саналыг олон нийтэд нээлттэй хүргэдэг механизмыг хэрэгжүүлж эхэлнэ. Мөнгөний бодлогын зөвлөлийн журмыг шинээр батлан гаргаж уг журамд зөвлөлийн шийдвэр гаргах процедур, гарсан шийдвэрийг олон нийтэд хүргэх арга хэлбэр гэх зэрэг зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тусгаж өгсөн. Мэдээж мөнгөний бодлогын шийдвэр гарсан үед бид олон нийтэд хандаж уг шийдвэрийн үндэслэл, ач холбогдлыг тогтмол танилцуулж байх юм гэж байсан.

Мөн “Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газраас гаргасан саналыг зөвлөл дээр хэлэлцэнэ. Зөвлөл хэлэлцэх процесс маань хоёр удаагийн хурлаар танилцуулах, хэлэлцэх эсрэг хоёр талын саналыг сонсох байдлаар явагдана. Гурав дахь удаагийн хуралдаан дээр санал хураах процесс явагдана. Санал хураасны үр дүнд эсрэг болон дэмжиж байгаа саналын тоог тогтоогоод түүний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар бодлогын шийдвэр гарна гэсэн үг. Мөн бид мөнгөний бодлогын шийдвэр гаргалт, шийдвэр гаргах процессийн тухай олон нийтэд тогтмол мэдээлэл өгч байх болно. Энэ нь өмнөх Монголбанкны Захирлуудын зөвлөлийн гишүүдийн шийдвэр гаргадаг байсан процессоос арай өөр төдийгүй Монголбанкны захирлуудын оролцоо нилээд багассан байгаа. Олон улсын туршлагаас харахад гаднаас сонгогдсон гишүүдийн тоо нэмэгдэх тусам бодлогын шийдвэрийг илүү амьдралтай болох магадлалтай гэж үздэг. Энэ байдал руу бид чиглэж байгаа” гэж байсан. Тэгэхээр энэ оны мөнгөний бодлогын шийдвэрүүд илүү байгаа онилсон, хөрсөн дээр буусан дүр зурагтай байх болов уу гэсэн хүлээлт байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top