“Барьцаа”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

 

Баялгийг хэрхэн зээлийн барьцаа болгон ашиглах вэ гэдэг асуудал анхаарал татах болсны зэрэгцээ нухацтай авч үзэхгүй бол болохгүй асуудлууд ч  байна. Дэлхийн банкны зүгээс манайд хандан өгч буй зөвлөгөөнүүдийн дунд “байгалийн баялгийн тодорхой хэсгийг иргэдийг зээл авахад барьцаа болгох боломж бий” гэж байгаа нь анхаарал татаж буй. Жишээлбэл, Эрдэнэс тавантолгойн 15 тэрбум ширхэг хувьцааны 20 хувийг эзэмшигч болсон иргэд өөртөө оногдсон ноогдол хувьцааг зээлийн барьцаа болгон ашиглах боломж бий гэнэ. Гэхдээ зээл авах боломжгүй иргэдийг энэ хэлбэрээр зээлэнд хамруулах ёстой гэж буй бөгөөд цаашлаад зөвхөн Эрдэнэс Тавантолгойн хувьцаа гэлтгүй, өөр ноогдол ашиг, ирээдүйн уул уурхайн үйлдвэрийн ашгийг хувьцаа хэлбэрээр нэмж тарааж болох гэнэ. Энэ нь банк болон бусад санхүүгийн байгууллагуудын хувьд хангалттай зээлийн барьцаа болно гэдгийг тэдний  судлаачид хэлж байгаа юм.

 Ингэхдээ шинээр батласан Зээлийн батлан даалтын хуультай хамтран хэрэгжүүлж болно гэсэн санал гаргажээ. Улмаар зээл авагчдын тоог нэмэхээс гадна уул уурхайн баялгийг жижиг бизнесийн хэлбэрээр капиталын хөрөнгө оруулалт, сургалтын төлбөрт  хэрэглэснээр хүн капиталын хөрөнгө  оруулалтад чиглүүлэх улмаар бүтээмж дээшлэх гэсэн эерэг дам нөлөө гарах боломжтой. Мөн уул уурхайн баялгийг бэлэн мөнгө  хэлбэрээр бус харин санхүүгийн хөрөнгө  хэлбэрээр олгох учир нийт эрэлтийг бууруулж инфляцийн дарамтыг мөн намжаахад ч тустай байж болох аж.  Мөн нийгэм дэх бизнес сэтгэлгээг дэмжиж үр ашигтай сайн төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжилт асуудалгүй байдаг тогтолцоо бий болох боломжтой. Нэг талаас ингэж харагдаж байгаа нь аргагүй.

 Найман онд манай эдийн засаг уналтад ороход зээл олголт маш хүчтэй унасан байдаг. Манайд зээл олголт эдийн засгийн мөчлөг дагасан байдалтай явж ирсэн нь зохицуулалт шаардлагатай байгааг хүчтэй сануулаад байна гэсэн үг. Судлаачдын үзэж байгаагаар манай улсын хувьд зээл хүсэгчдийн 80 хүртэлх хувь нь зээл авч чаддаггүй. Энэ нь барьцаагүй, барьцаа нь банкуудын шаардлагыг хангаж дийлдэггүйтэй холбоотой харагддаг учраас барьцаагүй иргэд барьцаатай болно гэдэг сайхан хэрэг л дээ. Гэхдээ хоёр тал бий. Иргэд хувьцаагаа банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалчихаад тэрчигт нь алдах тохиолдолд яах вэ. Стратегийн ордын хувьцааны тодорхой хэсэг  бага багаар ийм маягаар гадныхны мэдэлд шилжихгүй гэх баталгаа бий юу. Тийм зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг асуулт бий.

 Түүнчлэн баялгийг барьцаалах механизмыг ямар хэлбэртэй байлгах талаар судлахаар мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулах хэрэгтэй талаар ч Дэлхийн банк зөвлөж байгаа. Зөвлөл нь  бичил зээл, нийтийн өмчийг хувьчлах тал дээр олон улсын туршлагыг судлах, үр ашгийн судалгаа хийх, санхүүгийн мэдлэг сайтай агентууд мэдлэгийнхээ давуу талыг ашиглан боломжийг хаах, барьцаалагдах хөрөнгийг  удирдах, хуваарилах агентлагийн зохион байгуулалтыг боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байх ёстой гэнэ. Бидний тухайд энэ мэт зөвлөгөөнүүдэд авах, гээхийн ухаанаар хандах нь зөв биз. Баялгаар барьцаа хийх асуудал зөвхөн Эрдэнэс Тавантолгойн хувьцаан дээр тулгуурлаж гарч ирсэн гэж харвал өрөөсгөл явдал болох болов уу.

 

Э.Болор

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top