Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 8072.69 ам.доллар байна. Ерөнхийдөө улаан металлын ханш бас ч гэж боломжийн байгаад байна гэсэн үг л дээ. Гэхдээ эрэлтээс давсан нийлүүлэлт болон дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байна гэсэн үргэлжилсэн мэдээллүүд нь эл металлын ханшид дарамт үүсгэхэд ойрхон гэдгийг шинжээчид тэмдэглэж байгаа. Харин манай тухайд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш уруудаад байвал төсвийн орлого эрсдэлтэй нүүр тулах юм. Уг нь энэ мэт эрсдлээс сэргийлэхийн тулд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангахаар арван онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, хуулийнхаа дагуу Тогтворжуулалтын санг байгуулсан. Улмаар энэ оны төсөвт дэлхийн зах зээл дээрх 1 тонн зэсийн үнийг 8152 ам.доллараар, тэнцвэржүүлсэн үнийг 6328.9 ам.доллар тооцож, Тогтворжуулалтын санд зэсээс нийт 103.7 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон ч, найман оны хямралын жилд 3 мянган ам.доллар луу уруудаж үзсэн гэдгийг нь санаж байх ёстой.
Энд Тэнцвэржүүлсэн болон зах зээлийн гэсэн хоёр үнэлгээг тодруулан хэлэх нь зөв биз. Тонн зэс 6328.9 ам.доллараас илүү гарч борлогдоод байвал зөрүү нь Тогтворжуулалтын санд орно гэсэн үг юм. Ямартаа ч зэсийн зах зээлийн үнэ 6328.9 ам.доллар хүртэл унавал Тогтворжуулалтын санд зэсээс төвлөрүүлэх орлого төвлөрөх боломжгүй болно. Харин 6328.9 ам.доллароос доош буурвал Хүний хөгжлийн сан, Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд зэсээс төвлөрөх орлогын хэмжээ буурахаар байгаа. Тэгэхээр энд тэнцвэржүүлсэн үний босгын асуудал яригдана.
Өнгөрөгч оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6663.5 ам.доллараар тооцож байсан гээд аваад үзэхээр тэнцвэржүүлсэн үний босгыг буулгасан байгаа юм. Ерөнхийдөө зэсийн ханшийн эрсдлийг харьцангуй тооцсон харагдана. Хямралын дараах сэргэлтийн үед буюу Европын өрийн асуудал сэдрэхээс өмнөхөн 9 мянган ам.доллараас буухгүй байсан зэс арвангурван онд тэр хэмжээнд хүрэх магадлал тааруу байгаа.
За харин экспортын хэмжээгээрээ зэсийг гүйцэж түрүүлэх болсон нүүрсний тухайд энэ онд 27.9 сая тонн байхаар тооцоолсон. Тогтворжуулалтын санд нүүрснээс нийт 65.9 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон байгаа. Энэ хэмжээнээс буурвал Тогтворжуулалтын сан, тэнцвэржүүлсэн төсөвт нүүрснээс төвлөрөх орлогын хэмжээ мөн л буурна гэсэн үг.
Дэлхийн гангийн үйлдвэрлэл буурч байгаагаас хамаарч нүүрсний хэрэглээний өсөлт ирэх хоёр жилд удаашрах төлөвтэй байгаа. Нүүрсний үнэ найман оны хямралын үеийнхтэй ижил 150 ам.доллараас уруудсан түвшинд хүрсэн нь, амаргүй нөхцөл байдал үргэлжилснийг илтгэх биз. Тэрдундаа манай улсын экспортын нүүрсний гол хэрэглэгч Хятад улсын гангийн үйлдвэрүүдийн нүүрсний эрэлт буурсаар байвал нүүрсний экспортын хэмжээ буурч, улмаар нүүрснээс төвлөрөх төсвийн орлого буурах бодит эрсдэл бий юм. Тэгэхээр олон улсын эдийн засгийн үзүүлэлт мэдээнүүд сайн байж, зэс нүүрсний ханш дээшээ байгаасай гэж найдах байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )