Бороогийн ордын ард гарсан “Бороо гоулд” компани монголоос явах хүсэлгүй байгаа. Харин Гацууртын ордод олборлолт явуулах зорилготой байгаа ч манай урт нэртэй хууль тэдний хүсэлд тээг болоод байгаа юм. Гэхдээ тэд Монголын Засгийн газрыг өөрсдөд нь боломж олгох байх гэсэн хүлээлттэй байгаа аж. Уг нь “Бороо Гоулд” манайд зоргоороо байсан компаниудын нэг л дээ.
Канад улсад төвтэй алтны олборлолт, хайгуулын Сентерра Гоулд компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Бороо Гоулд компанийн 100% хөрөнгө оруулагч юм. Тэрчлэн манай талаас Канадтай байгуулсан Давхар татварын гэрээний ачаар ихээхэн хэмжээний татвараас зайлсхийж ирсэн юм.
Тодруулбал, Бороо Гоулд 2004 оны 3 дугаар сараас 2011 оны 12 дугаар сарыг хүртэл Бороогийн уурхайгаас ойролцоогоор 1.5 сая унц алт олборлосон байгаа юм. Харин Канадын Айвенхоу Майнз компанийн нэгэн адилаар Сентерра Гоулд компанийн корпорацийн бүтэц нь мөн толгой ба олон тооны охин компаниас бүрддэг. Тэрчлэн Канадын Сентерра Гоулд ХХК нь Нидерланд улсад байгуулсан охин компаниараа дамжуулж Бороо Гоулд ХХК-ийн ноогдол ашгийн орлогоос ямар ч татвар төлөлгүйгээр Канад руу шилжүүлэн авч ирсэн байгаа юм. Улмаар Монгол Улс 2010 онд 67.2 тэрбум, 2011 онд 32.0 тэрбум төгрөгийн орлогыг алдсан байгаа юм.
Энэ бол манай улс Канадтай байгуулсан Давхар татварын гэрээгээ эргэн харах ёстойн тод жишээ юм. Өдгөө манай улсад Канадын шууд хөрөнгө оруулалттай 1869 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр тэдгээр компаниуд ч Давхар татварын гэрээний буянаар ихээхэн хэмжээний мөнгийг монголоос аваад гарч байна гэсэн үг.
Уг нь манай улс дэлхийн 35 оронтой байгуулсан Давхар татварын гэрээнүүдээ эргэн хараад хамгийн муу гэрээнүүдийг цуцлах асуудлыг гаргаж ирсний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай тус тус байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцчихоод байгаа юм.
Харин Канадтай улстай байгуулсан Давхар татварын гэрээг хэвээр үлдээх гээд байгаа юм уу, эсвэл эргэн харах түвшинд байна уу гэдэг нь одоогоор тодорхой бус байна. Давхар татварын гэрээг нь цуцлачихаад байгаа орнуудын хувьд толгой компани нь бүртгэлтэй, хөрөнгө оруулалттай хэчнээн компани Монголд байдгийг нь аваад үзэхэд бас их сонин харьцуулалт гарах гээд байна.
Нидерландын Вант улс: 168 компани, Люксембургийн Вант улс: 32 компани, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират улсад бүртгэлтэй компанийн тоо тодорхой бус байгаатай Канадын 1869 компанийг харьцуулахаар чухам аль улс нь Давхар татварын гэрээний үр шимийг илүү хүртэж байгааг лавшруулж авч үзэж болмоор байна.
УИХ-ын дарга хэлэхдээ “Ашиггүй гэрээнүүдийг нэн даруй яаралтай цуцлах асуудлыг шийдэхгүй бол улс орон алдагдалд ороод байна. Нидерландын татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Тэгээд энэ улсаас Монголд хийсэн бодитой хөрөнгө оруулалт бараг байхгүй шахам. Тэгэхээр татвараас зугтаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй. Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй” гээд байсан. Тэгвэл бодит байдал дээр Канадуудын орогнодог газар ч бас болоод байгаа юм биш үү.
Ер нь бол Давхар татварын гэрээг алдаатай хийж байгуулсны улмаас улс орны татварын орлогод асар их хохирол учирч, улмаар гэрээг нэг тал дангаар цуцалж байсан гадаад орны жишээнүүд байдаг юм байна. Тухайлбал, Аргентин улс Австри улстай байгуулсан давхар татварын гэрээгээ 2008 оны 6 дугаар сарын 30-нд дангаар цуцалжээ. Хоёр улсын хөрөнгө оруулагчид энэ шийдвэрийг тааламжгүйгээр хүлээн авсан ч давхар татварын гэрээний заалтын улмаас Аргентини улс Австрийн бондын хүүгийн орлогоос татвар авч чадахгүй байна гэсэн үндэслэлээр гэрээг дангаар цуцалсан байна. Харин Аргентиний Засгийн газар энэ гэнэтийн шийдвэртээ тайлбар хийгээгүй өнгөрсөн байдаг аж.
Бас нэг жишээ байна. АНУ-ын Төрийн сангийн газар АНУ-Нидерланд улсын хооронд байгуулсан давхар татварын гэрээг 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дангаар цуцалсан байна. Асуудалтай гэрээний заалтыг нэмэлт өөрчлөлт хийх замаар шийдвэрлэхээр хоёр улс 8 жилийн турш хичээсэн хэдий ч Нидерланд улс татварын диваажин гэсэн статусдаа өөрчлөлт оруулахыг хүсээгүй тул гэрээг нэг тал цуцалснаар асуудал дуусгавар болжээ. Гэрээг дуусгавар болгосноор гэрээг гуравдагч тал ашиглах явдал үгүй болсон тул АНУ-ын хувьд том ялалт болсон байна. Түүнчлэн, энэ алхам нь “гэрээ хэлцлийг урвуулан ашиглах” (“treaty shopping”) явдлыг зогсоох АНУ-ын бодлогыг шинэ дэвшилт түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж үздэг байна.
Тэгэхээр нэгэнт л ашиггүй байгаа бол, тэрдундаа бид алдагдал хүлээгээд байгаа бол засч залруулах нь шийдвэр гаргагчдын үүрэг гэдгийг сануулахад илүүц болохгүй байх. Эсвэл хэнийх нь толгойг илээд, хэнд нь хатуурхаад байна вэ гэж асуух хэрэгтэй болж байна уу.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )