Экс хамтарсан Засгийг бүрдүүлэгч хоёр нам хэн хэнийхээ амлалтыг биелүүлэхийн тулд иргэн бүртээ 1.5 сая төгрөг олгохоор болж, улмаар ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилготой хэмээн тодорхойлсон Хүний Хөгжил Санг мэндэлсэн юм. Хүний хөгжил сангаас 2010-2012 оны хугацаанд нийт 921.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 1968.7 тэрбум төгрөгийн зарлага гаргасан бөгөөд сангийн алдагдал 1047 тэрбум төгрөгт хүрчээ. Сангаас гарсан нийт мөнгөний 89.4 хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр хишиг, хувь хэлбэрээр иргэдийн гар дээр очсон. Тэрчинээгээр эдийн засаг руу урсаж, инфляцийн өсөлтөд ч чамгүй нэмэр болсныг эдийн засагчид хэлдэг. Гол нь хишиг, хувь олгох асуудал дуусаагүй энэ онтой золгосон учраас хавтгайрсан халамжийн үлдэгдлийг олгохын тулд Засгийн газраас дотоодын захад үнэт гарган арилжаалж байгаа.
Харин энэ нь тус сангийн орлогыг бүрдүүлэх тухай хуулийн заалтуудыг зөрчиж байгаа хэрэг юм. Хүний хөгжил сангийн тухай хуулинд зааснаар бол:
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого;
Ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт ногдох хэсэг;
Хөрөнгө оруулалт хийснээс орох цэвэр ашиг;
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсгээс бүрдүүлнэ гээд заачихсан байгаа юм.
Энэ оны тухайд Хүний хөгжил санг бүрдүүлэх орлогын эх үүсвэрүүдийг дараах байдлаар хуульчилсан байгаа юм.
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 257.1 тэрбум төгрөг;
-Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 294,2 тэрбум төгрөг;
-Ногдол ашиг 70.0 тэрбум төгрөг; тус тус төвлөрүүлэхээр тусгасан. Тэгэхээр Засгийн газрыг өрийг нэмэгдүүлж, бонд гаргаж мөнгө босгоно гэсэн заалт энд алга байна.
Ер нь энэ санд тулгамдаж буй асуудлуудыг авч үзвэл: Хүний хөгжил сангаас иргэн бүрт бэлэн мөнгөөр хишиг, хувь хавтгайруулан олгож байсан нь эдийн засагт үнийн өсөлтийн дарамтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавар үүсгэсэн.
Орлогоос давсан зарлагыг санхүүжүүлж байсан нь багагүй хэмжээний өглөг үүсгэсэн.
2010-2012 онуудад Хүний хөгжил сангийн орлогыг шууд зарцуулалгүйгээр 1.0 их наяд хүртэлх төгрөгийн хуримтлал үүсгэж уг хөрөнгөөр санхүүгийн хөрөнгө оруулалт хийснээр 150.0 орчим тэрбум төгрөгийн хүүгийн ашиг хүртэх боломж алдагджээ.
Тэрчлэн Хүний хөгжил санд нэмж өглөг үүсгэхгүй байх зарчмыг баримтлан төсвийг төлөвлөх; Хүний хөгжил сангаас гарах зарлагыг хязгаарлах, санд үүссэн өглөгийг тэргүүн ээлжинд барагдуулах; Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих, бэлэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан эдийн засгийн халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялгийн сангийн хэлбэрээр ажиллуулах зарчмыг цаашид баримтлах шаардлага гарч байгаа юм.
Цаашид тус санг хуримтлалын сангийн хэлбэрт шилжүүлснээр үүсэх баялгийн сангийн хөрөнгийг ирээдүйд төсвийн бодлогод учрах нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс зайлсхийхэд ашиглах, ингэснээр нөхөн сэргээгдэхгүй баялгийг ирээдүй үеийнхэнд хүртээх боломжийг бий болгоно. Сангийн хөрөнгөөс гадаад зах зээлд санхүүгийн хөрөнгө оруулалт хийх хууль эрх зүйн орчин бий болгох, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чадавхи бүрдүүлнэ гэсэн зүйлийг Сангийн яамнаас хэлж буй юм.
Хүний хөгжил сангийн энэ оны төсвийн төсөл нь нийт 621.3 тэрбум төгрөгийн орлого, 284.2 тэрбум төгрөгийн зарлага болон 95.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн өглөгийг бууруулах, 192.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод зээлийн өглөгийн барагдуулахаар тус тус тооцож боловсруулсан байгаа.
Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд:
Төр хариуцах иргэний ЭМД-ын шимтгэл 12.2 тэрбум төгрөг,
2010-2012 оны хооронд иргэдэд хуваарилагдсан боловч аваагүй хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг; Хүүхдийн мөнгө олгоход 240.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар заасан байгаа.
Тэгэхээр Засгийн газар дээрх санхүүжилтийг гаргахын тулд УИХ-тайгаа нийлэн тэс өөр эх үүсвэрүүд рүү шүд зуун дайрч байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )