Заавал Оросуудын крантны дор алгаа тосох ёстой юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

Арваннэгэн оны хавраас монгол наадам хүртэл түлшний 8 дахь удаагийн их хомсдолд орсны үр дүнд Монгол Улс  газрын тосоо дотооддоо боловсруулах үйлдвэрүүдээ түргэн барья гэдэг асуудал засгийн түвшинд хүчтэй яригдсан. Улмаар Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.Араас нь бусад үйлдвэрүүдийн асуудал ч  яригдсан. Гэтэл энэ засгийн үед газрын тосны үйлдвэрүүдийн асуудал бүр л бүрхэг болоод явчихлаа. Засгийн газраас Уул уурхайн яаманд Газрын тосны үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай шийдвэрлэх үүрэг өгсний хүрээнд боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах ажил хийгдэж байгаа гээд байсан нь “Дархан-Газрын тос” компанийн ТЭЗҮ байж таарч байна.

Тэгэхээр түлшний хараат байдлаа нефтийн хараат байдлаар солих нь гэдэг яриа дахиад хүчтэй тавигдах нь. Учир нь түүхий тосны нөөцтэй Дорнод аймгийн Чойбалсанд баригдах газрын тосны үйлдвэрийг гацааж байгаад Дарханы үйлдвэрийг дэмжиж байгаагийн ард ямар ашиг сонирхол байна вэ гэж харах ёстой болж байгаа юм.

 Ямартай ч хэдхэн хоногийн өмнө Оросын талаас манай улсын газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны зах зээлд өөрийн компаниудаа ялангуяа Роснефть компанийг оруулж ирэхийг хүссэн саналаа дахиад албан ёсоор тавьсан. Харин манай тал  боломжгүй гээд өнгөрөөсөн. Ингэхдээ “Газрын тосны бүтээгдэхүүний” тухай хуульд Монголын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд 30-аас дээш хувь нийлүүлж байгаа гадаадын компаниудыг орохыг хориглосон, түүнчлэн Монголын “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”, “Өрсөлдөөний тухай” хуулийн дээрх заалтыг үндэслэж байр сууриа илэрхийлсэн байгаа. Тэгээд эргүүлээд Оросын талаас жил бүр Монголд 1.2 сая тонн хүртэл газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх, Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй уялдуулан түүхий тос 2 сая тонн хүртэл нийлүүлэх асуудал, түүнчлэн Роснефть компанийн нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийн талаархи асуудлыг авч хэлэлцэх хэлэлцээрийг эхлэх талаар санал тавьсан билээ. Тэгэхээр Оросуудын саналд татгалзчихаад, араас нь тос гуйсан бидний хувьд хамгийн эхэлж барих гээд байгаа боловсруулах үйлдвэр нь түүхий эдээ Оросоос авахаас өөр сонголтгүй байна гээд харахаар нөхцөл байдал хэцүүхэн харагдаж байна.

Дарханы үйлдвэрийн тухайд газрын тосоо Иркутскийн нефьтийн компаниас авах юм. Энэ талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч буй. Тус үйлдвэрийн түүхий тосыг шийдэх гарц нь тэр гэж үзсэн учраас  “Монголсэкию” компани, Марубени корпораци, Иркутскийн нефьтийн компанитай хэлэлцээ хийж тус үйлдвэрт 2014 оны эхний хагасаас газрын тос нийлүүлэх тухай Меморандумд Эрхүү хотноо гарын үсэг зураад 2 жил болж байгаа юм. За Меморандум ч яахав, гарын үсэг зураа л биз. Гол нь Оросуудыг жижиглэнгийн зах зээлдээ оруулж ирэхгүй гэж зөндөө гэдийсэн бид чинь ганц үйлдвэртэй боллоо гэж хөөрцөглөчихөөд, түүхий эдийг нь харин өнөөх л Оросынхоо Эрхүүгээс авна гэхээр нэг л бүрхэг дүр зураг харагдаад байна. “Монголсэкию” ХХК-ийн захирал Т.Намжим эрхэм хэлэхдээ бол “Эхний жилдээ гаднаас түүхий тосоо импортоор авч байгаад цаашид Монголын нутаг дэвсгэрт Тамсаг булагт ч юм уу хангалттай их хэмжээний олборлолт явагдвал дотоодоосоо түүхий тосоо авах чиглэлтэй”  гэсэн. Гэхдээ энэ нь бодит байдал дээр шулуун замаар явж дийлэх үү. Ер нь газрын тосны үйлдвэр байгуулах асуудал дээр анхаарлаа чигч хандуулах шаардлага байсаар ирсэн. Бид далайд гарцгүй гэдгээрээ болж бүтэхгүй байгаа асуудлуудын өмнө өөрсдийгөө зөвтгөдөг. Гэтэл Газрын тос боловсруулах үйлдвэргүй мөртлөө түлшний хомсдол үүсдэггүй далайд гарцгүй улс орнууд ч байдаг. Мөн  газрын тос боловсруулах үйлдвэртэй мөртлөө түлшний хомсдол байнга үүсч байдаг далайд гарцгүй улс орнууд ч бас байдаг гэдгийг гадны туршлагаас харах л хэрэгтэй юм.  

 Замбиа улс гэхэд импортоор орж ирсэн боловсруулаагүй газрын тосыг боловсруулдаг үйлдвэртэй. Гэвч энэхүү боловсруулах үйлдвэр нь байнга сул зогсоно, үүний үр дүнд уул уурхай хаагдах тохиолдол гарч байсан. Өнгөрсөн онд гэхэд Засгийн газар түлшний стратеги нөөц бүрдүүлэхэд зориулж дор хаяж 40 сая ам.доллар гаргах шийдвэр гаргасан байгаа. Мөн бусад улс орнуудын туршлагаас харахад, дэлхийн стандартаас бага хэмжээний эдийн засгийн хэмнэлттэй гэж үзсэн жижиг газрын тос боловсруулах үйлдвэр шинээр байгуулах нь далайд гарцгүй улс оронд  санхүүгийн хүндрэлүүдийг үүсгэж болзошгүй байгаа нь тогтоогдоод байхад бид ядаж л бүс нутгаасаа түүхий эдээ татаад, боловсруулчих тийм үйлдвэрүүдийг байгуулах нь зохистой баймаар. Гэтэл заавал нөгөө Оросуудынхаа крантны дор алгаа тосох гээд байх юм. Энэ талаар эргэн харж, шийдвэрлэх ёстой юм.

 

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top