”Чингис”-ийг газарт буулгая

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

 

Монголын Засгийн газар түүхэндээ анх удаа Их эзнийхээ  алдраар овоглосон бондыг  дэлхийн санхүүгийн зах зээлд  арилжаалж, 1.5 тэрбум ам.доллар босгосноо, төв банкныхаа дансанд хадгалснаас хойш сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд бондын хүүгийн асуудал хамгийн ихээр яригдлаа. Тэрчлэн босгосон хөрөнгөө үхмэл байдалтай гацааж улсынхаа өрийг нэмэгдүүлэхгүй байх талаар сөрөг хүчний зүгээс Шинэчлэлийн Засгийн газар тийш хандсан байр сууриа хүчтэй илэрхийлэв. Энэ бол байх ёсны шаардлага юм. 1.5 тэрбум  ам.долларын бондын хүүнд бид сард 10 тэрбумыг төлөх юм. Тэгэхээр төсөв нь орлогын дутагдалтай байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардлуудад хачин зүүлгээр хандаж байгаа манай улстөрчид өрийн бичгээр олж ирсэн мөнгөө тийм байдлаар урсгачих вий гэсэн үүднээс хэн хэндээ шаардлага тавьж, сахилга батыг нь хангахад анхаарахаас өөр аргагүй юм.  МАН-ын Ажлын хэсгийн гурван гишүүн өчигдөр бондын талаар мэдээлэл хийж, Ерөнхий сайдад асуулга тавьсан ч хариу өгөхгүй байгаа талаар мэдээлж байсан. Ерөөс бондын өртэй холбоотой мэдээллийг нууцлаад байгаа талаар ярьж байсан.

Тэгвэл Ерөнхий сайд кабинетынхаа нөхдүүдтэй нийлж  байгаад 1.5 тэрбум  ам.долларын бондын зарцуулалтыг дараах байдлаар тодорхойлсон байна. Дурдвал:

- 1800 км шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтад зарцуулна гэнэ. Хэрэв уншигч та санаж буй бол Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын мөнгийг төмөр замд зарцуулж байгаа гэж байсан билээ.

-Дараагийн санхүүжүүлэх зүйл нь “МИАТ” компанийн парк шинэчлэлтэд зориулж онгоц худалдаж авах асуудал байна. Салбарын сайд нь 3 боинг худалдаж авахаар боллоо гээд бөөн баяр болоод байсан бол санхүүжилт нь Чингис бондоос орж ирэх байсан нь ийн тодорхой боллоо.

-Санхүүжүүлэх бас нэг бүтээн байгуулалт нь 2013 онд багтааж зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбох ажил байна.

- Мөн Улаанбаатар хотыг хөндлөн огтолж гарсан төмөр замын ачааллыг багасгах зорилгоор Богд уулын урдуур шинээр төмөр зам тавих төсөл байна.

-За мөн удаан жил яригдсан нефть боловсруулах үйлдвэр барихад хөрөнгө зарцуулна.

-“Сайншанд” аж үйлдвэрийн парк байгуулах,Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор барих, Аймгуудын дэд бүтцийг сайжруулах,Цахилгаан станц барих, Экспорт нэмэгдүүлэх хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрүүд барих,Томоохон нүүрсний ордуудыг түшиглэн цахилгаан станц барих,Усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн станц байгуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанид шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт хийх,“Багануур” ХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт хийж өргөтгөх,Нийслэл хотод газар доорх байгууламж, “Метро” барих,Төрөлжсөн “Гудамж” төсөл, Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээг зөв зохицуулах “Цахилгаан сүлжээ” төсөл гэсэн 17 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,  Цементийн хэрэглээг дотоодын үйлдвэрүүдээс 100 хувь хангадаг болоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэхчлэн төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд 1.25 сая ам.долларын бондыг зарцуулах аж.

Харин нэмэлт хөрөнгийг дахин Засгийн газрын өрийн бичгийг олон улсын захад гаргаж, 3.5 тэрбум ам.доллар босгож бүрдүүлэх аж.

Гэхдээ нэн тэргүүний асуудал бол манай Засгийн газрын 1 тэрбум ам.долларын 10 жилийн хугацаатай бонд 5.125 хувь, 500 сая ам.долларын 5 жилийн хугацаатай бонд 4.125 хувийн хүүтэйгээр арилжаалагдсан бондын зарцуулалт зөв байгаа онилсон, санхүүжүүлсэн бүтээн байгуулалтууд нь эргээд эдийн засгийг дэмжсэн байх ёстой. Тэгж байж бондын хэмжээг 5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх асуудал хөрсөн дээр бууна.

Ер нь бол 1.5 тэрбумын үндсэн зориулалт нь нийгмийн халамжид зарцуулахгүй, төсвийн алдагдлыг нөхөхгүй, харин эдийн засгаа эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжихэд зориулна гэж байсан. Мөн  төмөр замын сүлжээ, авто зам, эрчим хүч, Тавантолгойн уурхай, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд буюу өмнөх евро бондын хөтөлбөрийнхөө үр дүнд эхлүүлэх ёстой байсан төслүүдийг хөрсөн дээр буулгана гэж байсан. Одоо буулгах нь тэдний үүрэг болоод байна.

Энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах хариуцлага засгийн нуруун дээр бий. Хариуцлага алдах эрх  Монгол Улсын Засгийн газарт үгүй. Засгийн газрын гаргасан бонд Улсын өрийг нэмэгдүүлж байгаа нь үнэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд “Улсын өр” гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн,  түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг хэлнэ хэмээн заачихсан байдаг.

Мөн Монгол Улсын өрийн дээд хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гээд заачихсан байгаа ч, Чингис бонд болон Засгийн газрын дотоодын захад гаргаж байгаа бондуудын үр дүнд улсын нийт өрийн хэмжээ 50 хувиас хэтрээд явчихсан. Нэг зүйлийг тодотгоход Улсын өрийн хэмжээ 2012, 2013 онуудад өсч 50-60 хувьд хүрлээ гэхэд, 40-өөс илүү гарч нэмэгдэж байгаа хэсэг нь зөвхөн Хөгжлийн банкинд гаргах Засгийн газрын баталгаа байна гэдгийг хуульчилсан байдаг. Харин одоогийн нөхцөл байдлыг харахад энэ хууль  зөрчигдөөд байгаа юм. Ер нь бол Улсын өр ширийн хэмжээ 40 хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэйг эдийн засагчид хэлдэг. Харин манай улстөрчид улсаа хөгжилд дагуулсан бүтээн байгуулалтуудаа газарт буулгахын төлөөнөө өрийн бичгээ гаргаж хөрөнгө босголоо. Энэ бол байх ёсны асуудал гэдгийг бас тодотгох хэрэгтэй. Гол нь  хөрөнгө дагасан хөгжил ирэх ёстой.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top