Том ярихаас илүү..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Өрийн бичиг гаргаж олж ирсэн мөнгөө хий дэмий тарамдаад хаячихгүй эдийн засагтаа өгөөжийг дагуулах нь бидний өнөөдрийн ярих сэдэв мөн.Харин гаднаас босгосон мөнгө Хөгжлийн банкаар дамжин санхүүжүүлэх төслүүддээ хүрэх юм. Тэгэхээр Засгийн газрын өрийн бичгээр боссон мөнгө Хөгжлийн банкаар дамжин санхүүжилт хэлбэрээр гарахдаа засгаас гаргасан жагсаалтын дагуух төслүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн банкны өөрийнх нь зорилтот зах зээл, тодруулбал санхүүжилт хийх салбаруудад хүрэх юм байна гэж ойлгогдож байгаа. Тэгээд аваад үзэхээр бид гадны жишгийг ч бас анзаарах хэрэгтэй болж байгаа юм.

Дэлхийн улс орнуудын практикаас харж байхад Хөгжлийн банкуудын үүрэг болоод үр ашгийг нэмэгдүүлэх арга замын талаар хийгдсэн судалгаанууд бий. Тухайлаад, Дэлхийн банкны судалгаанд тулгуурлан өгүүлэхэд: Канадын Бизнесийн хөгжлийн банк  2009 онд олон улсын жишиг тогтоохоор дэлхийн 7 эдийн засгийн бүсийн 92 улсын Засгийн газрын хөтөлбөрүүд болон 373 орны Хөгжлийн банк, Экспортын зээлийн агентлагууд, Хөгжлийн санхүүгийн байгууллага зэрэг хөгжлийн байгууллагуудыг судалсан байгаа юм. Санал болгож байсан бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлон үзэж, тодорхой дүгнэлт гаргахын тулд баримтуудыг судалжээ. Улмаар судалгааны үр дүнд Хөгжлийн банкуудын хамгийн нийтлэг 6 зорилтот зах зээлийг тодорхойлсон байдаг.

Тэдгээр нь: 1-  Бичил-бизнес/эхэлж буй, 2- Жижиг дунд үйлдвэр, 3-  Олон улсын худалдаа/даяарчлал, 4-  Орон сууцжуулалт, 5-  Дэд бүтэц, 6-   Хөдөө аж ахуйн салбар гэхчлэн эрэмбэлэгдсэн байгаа юм.

   Жижгүүдийг томруулахын учир

Дээр дурдсан салбаруудаас Хөгжлийн банкуудын хамгийн түгээмэл зорилтот зах зээл нь  Жижиг дунд үйлдвэрлэл байдаг аж. Ерөөс Хөгжлийн банкуудын 60-аад хувь энэ зах зээлийг сонирхдог нь судалгаагаар тогтоогджээ. Дэлхийн жишгээр бол Жижиг дунд үйлдвэрлэл гэж  5-250  ажилтантай үйлдвэрлэлийг тодорхойлоод байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн 95%-ийг ЖДҮ эзэлж байна. Тэдгээр нь ажил олгох гол эх үүсвэр, тухайн улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь байдагт бид анхааралтай хандах л ёстой юм.

Гэхдээ эдийн засгийн чухал  хөдөлгөгч энэ  хүчнүүдийг зах зээл адилаар авч үздэггүй аж. Ялангуяа ЖДҮ-д тавьж байгаа банкны шаардлагууд нь бичил санхүүгийн шийдлийн  хувьд дэндүү ахадсан бөгөөд хэт эрсдэлтэй буюу хэд өндөр өртөгтэй гэж тооцогддог байгууллагын санхүүгийн загварын дагуу үйлчлүүлэхэд дэндүү жижигддэг. Тиймээс энэхүү ЖДҮ-д шаардлагатай санхүүжилтийн хомсдолыг “дутагдаж байгаа дунд үе” гэж нэрлэдэг тухай судлаачид тэмдэглэжээ.

Харин манай тухайд төрөөс ЖДҮ эрхлэгчдийг дэмжих тухай яриад олон жил болж байна. Тодорхой хөрөнгө мөнгийг чиглүүлж ирсэн ч, бодит дэмжлэг болж чадсан уу гэдгийг өнөөдрийн нөхцөл байдлаас харахад ойлгогдоно. Үйлдвэрлэлийн салбарыг  хариуцсан яам байдаг ч энэ улсад уул уурхайн үйлдвэрлэл л хөгжих ёстой юм шиг хэт ужгирсан хандлага байж ирсэн. Яахав сүүлийн үед малчид, үндэсний үйлдвэрлэгчид, түүхий эд үйлдвэрлэгчдийг дэмжин бонд 200 тэрбумын бонд гаргаж, урамшуулал олгоно гэж байна. Гэхдээ жинхэнэ хүрэх ёстой хэсэгтээ хүрч, үр дүн нь гарч чадах уу гэдэг асуулт мэдээж дагана.   

Өмнөх засгууд ч ЖДҮ-ийг дэмжих жил энэ тэр гэсэн сүржин уриа дэвшүүлчихээд, даржин ажлууд хийсэн. Ноос ноолуурын салбарынхан нь баахан дэмжлэг аваад байна гэсэн нь явж явж эрх мэдэлтнүүдийн хувийн бизнест нэмэр болсон байх жишээтэй. Тэгэхээр арилжааны банкуудын өндөр шаардлага, өндөр хүүний өмнө хүчин мөхөстдөг  ЖДҮ эрхлэгчдийг дэмжих л гэж байгаа юм бол үнэхээр өндийх гээд чадахгүй байгаа тэр хэсгүүддээ хүрээсэй.

Ер нь тэгээд түрүүн өгүүлсэнчлэн Хөгжлийн банкны зорилтот зах зээлүүдийн нэг нь  ЖДҮ-ийн салбар байж болох уу гэдэг асуулт ч гарч байгаа юм.

 

  “Эдийн засгийн гол түлхүүр”-т ч дэм хэрэгтэй

Хөгжлийн банкны санхүүжүүлдэг зах зээлүүдийн жишгийг харахад хоёр дахь том зах зээл нь  олон улсын худалдаа байгаа юм. Хөгжлийн банкуудын ойролцоогоор 45 хувь нь худалдааны салбарыг санхүүжилтийн зах зээл гэж үздэг юм байна. Эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр нь худалдаа байдаг бөгөөд ихэнх Засгийн газруудад энэ салбарыг тэргүүлэх салбараа гэж тодорхойлдог аж. Экспортлогчдын олонх нь том үйлдвэрүүд байдаг ч, олон улсын худалдааны төвөгтэй байдалтай холбоотой эрсдлүүд нь худалдааны санхүүжилт авахад саад учруулдаг байна. Үүнээс гадна худалдааны зах зээл нь том үйлдвэрээр хязгаарлагдахгүй бөгөөд ЖДҮ ч мөн олон улсын худалдааны боломжуудыг түргэн шаламгай мэдэрч, хөрөнгө оруулалтын болон худалдааны боломжуудыг ашиглаж чаддаг байх хэрэгтэй аж. Тиймээс олон Хөгжлийн банкууд ЖДҮ болон худалдааны зах зээлийг хоёуланг нь сонирхож тэдгээрийг тойруулан өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгодог юм байна.

Түүнчлэн Хөгжлийн банкуудын сонирхдог бусад зорилтот зах зээлд эдийн засаг дахь орлого багатай хэсгийн орон сууцны моргейжийн санхүүжилт, дэд бүтцийн төслүүдэд урт хугацааны их хэмжээний санхүүжилт олгох боломж, үйлчилгээ явуулахад дэндүү үнэтэй тусдаг алслагдсан нутагт санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болон үр тарианы ургац хураалттай холбоотой гардаг эрсдлийн улмаас хөдөө аж, ахуйн салбарт хөрөнгө оруулах зэрэг салбарууд орж байна.

Манай тухайд өмнөх Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 600 сая ам.долларын дунд хугацааны евро бондын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр, “ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “ Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”, “ Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл хөтөлбөр” –үүдийг санхүүжүүлэх эхний боломжууд нээгдэнэ, төмөр зам, орон сууц, замын хөтөлбөрүүдийн гарааны мөнгө болно гэж байсан ч, өнөөдрийн тухайд Чингис бондын мөнгөөр тэрхүү гараануудаа хийх гэж байна. Цаашлаад эдийн засгаа эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжихэд зориулах бөгөөд өнөөх л төмөр замын сүлжээ, авто зам, эрчим хүч, Тавантолгойн уурхай, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Нэмээд банкны зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, инфляцийг багасган, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамааралтай санхүүгийн өнөөгийн тогтолцоог эрс өөрчилнө гэж буй.

Тэгэхээр энэ мэтээр урт сайхан жагсаалтуудыг хөврүүлдэг жишиг бол тогтчихсон. Харин хамгийн оновчтойг нь онилоод урт хугацаанд дэмжээд үр дүнд хүрдэг тууштай байдал манай засгийнханд байдаггүй юм.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top