Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 8059 ам.доллар байна. Найман оны хямралын уршигаар 3 мянган ам.долларт хүрч байгаад арван оны сэргэлтийн үед 9 мянган ам.доллараас уруудахгүй байсан зэсийн ханш дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал болоод манай өмнөд хөршийн эрэлтийн нөлөөллөөр төдийлөн өндөр ханшийг үзүүлж чадахгүй байна. Тэрчлэн арванхоёр оны сүүлээр Лондонгийн бирж дээр 3 сарын дараа нийлүүлэгдэх 1 тонн зэсийн үнэ 8,065 ам.доллар дээр хаагдаад байсантай шинэ оны эхний сарын ханшийн үзүүлэлтийг харьцуулахад прогноз батлагдаад байна.
Ер нь бол эл металлын ханш арваннэгэн онд 23 хувиар унасан ба арванхоёр оны нэгдүгээр сард АНУ-ын эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, БНХАУ-ын инфляцийн түвшингийн бууралт, мөнгөний бодлогын зөөлрөлтөөс шалтгаалан бусад суурь металл, түүхий эдүүдийн адил ханш нь өссөн юм. Нэг болон хоёрдугаар сарын ханшийн өсөлтөд Холбооны нөөцийн сангийн дарга Бен Бернанке зээлийн хүүг 2014 он хүртэл доод хэмжээнд байлгах талаар хийсэн мэдэгдэл болоод АНУ-ын үйлдвэрлэлийн өсөлт, Лондонгийн металлын биржийн нөөц буурсан зэрэг шалтгаанууд нөлөөлсөн юм.
Гэхдээ 3 сараас зэсийн үнэ буурсаар долдугаар сард тонн зэсийн дундаж үнэ 7589 ам.доллар болсон. Энэ үнийн бууралтад Евро бүсийн эдийн засгийн хямрал болон Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, зэс худалдан авалтын бага хэмжээ зэрэг үндсэн шалтгаанууд нөлөөлж байв. Ерөнхийдөө Европын холбооны өрийн асуудал Итали, Герман зэрэг орнуудаас гадагшлах сулхан мэдээллүүд голлон нөлөөлсөн байгаа юм. Улмаар өмнөх улирлаас 8 хувийн уналтыг хийсэн юм.
Улаан металлын оны эхний 9 сарын зэсийн дундаж ханш тонн нь 7967,05 ам.доллар байсан. Энэ нь арваннэгэн оны оны эхний 9 сарын дундаж үнэ 9316 ам.доллартой харьцуулахад 14,45 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм. Долдугаар сараас эхлэн зэсийн үнэ нэмэгдсээр 9 сарын дундаж үнэ 8068,03 ам.доллар болсонтой өнөөгийн ханшийг харьцуулахад өсөлт хадгалагдаж байна. Мэдээж зэсийн үнэ цаашид хэрхэх вэ гэдэгт Хятадын худалдан авалтын хэмжээ голлох нөлөөллийг үзүүлэх нь дамжиггүй. Ямар ч байсан арванхоёр оны тухайд тэргүүлэгч эдийн засгуудын тогтворгүй мэдээллүүд нь зэсийн ханш эргэн унах эрсдлийг дагуулсаар шинэ арвангурван онтой золгуулаад байна.
Гэхдээ энэ оны хоёрдугаар хагаст эдийн засгууд өсөлттэй байна гэсэн прогноз байгаа нь зэс болон бусад суурь металлууд, түүхий эдүүдийн ханшид ээлээ өгнө гэсэн хүлээлтийг дагуулж байгаа юм. Манай өмнөд хөршийн эдийн засаг өсөхөөр ажиглагдаж байгаа нь, үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад зэсийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлтийг мөн дагуулж байна.
Бидний тухайд зэсийн ханш хэрхэн савлаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулахаас өөр аргагүй. Учир нь эл металлын манай эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг их. Оюутолгойн үйлдвэрлэл ч замдаа гараад байна.
Тэрчлэн тухайн жилийн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг олон жилийн дундаж үнээр тооцож, төсөвт тусгахаар манай улс хуулиндаа заасан байгаа. Төсөвт гурваас илүү хувийн орлогыг оруулсан зэс, нүүрсний үнийг олон жилийн дунджаар, тэнцвэржүүлэн тооцож, тэнцвэржүүлсэн үнээс илүү гарсан орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулах үйл ажиллагаа явагдаж байгаа билээ. Энэ оны төсөвт дэлхийн зах зээл дээрх 1 тонн зэсийн үнийг 8152 ам.доллараар, тэнцвэржүүлсэн үнийг 6328.9 ам.доллар тооцож, Тогтворжуулалтын санд зэсээс нийт 103.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тусгасан. Дэлхийн зах зээл дээр тонн зэс 6328.9 ам.доллараас илүү гарч борлогдоод байвал зөрүү нь Тогтворжуулалтын санд орох юм. Харин зэсийн ханш 6328.9 ам.доллар хүртэл унавал Тогтворжуулалтын санд зэсээс төвлөрүүлэх орлого төвлөрөх боломжгүй болох юм. Өнгөрөгч оны тухайд төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6663.5 ам.долларт тооцож байсан бол энэ онд тэнцвэржүүлсэн үнийн босгыг буулгасан юм. Тэгэхээр энэ мэт нөхцөл байдлын үүднээс бид зэсийн ханшийг ар өврөөс нь харж байхаас өөр аргагүй. Зэсийн ханш дээшээ байх болтугай.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )