Манай улсын энэ оны төсвийн төлөвлөгөөнд нүүрсний экспортын хэмжээг 27.9 сая тонн байхаар тооцоолсон. Улмаар Тогтворжуулалтын санд нүүрснээс 65.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоолол байгаа. Хэрэв нүүрсний экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнээс буурвал Тогтворжуулалтын сан, тэнцвэржүүлсэн төсөвт нүүрснээс төвлөрөх орлогын хэмжээ мөн л буурах юм. Ер нь бол дэлхийн гангийн үйлдвэрлэл буурч байгаагаас хамаарч нүүрсний хэрэглээний өсөлт ирэх хоёр жилд удаашрах төлөвтэй байгаа аж. Манай улсын экспортын нүүрсний гол хэрэглэгч нь Хятад улсын гангийн үйлдвэрүүдийн нүүрсний эрэлт буурсаар байвал нүүрсний экспорт буурна. Улмаар нүүрснээс төвлөрөх төсвийн орлого буурах эрсдэлтэй.
Нүүрсний дэлхийн зах зээл дээрх ханш арванхоёр онд хэрхэн хөдөлж байсныг аваад үзэхэд оны эхний улирлуудад 95-105 ам.долларт арилжаалагдаж байсан. Харин Америк, Европоос ихээхэн хамааралтай манай өмнөд хөрш БНХАУ-ын макро эдийн засгийн үзүүлэлтүүд уруудсан нь жилийн дунд үеэс нүүрсний ханшинд тааруу нөлөөг үзүүлсэн. Гэхдээ Европын холбооны бодлого тодорхойлогчид 30 тэрбум еврог Испани улсын банкуудад өгсөн нь, мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо сулруулж бонд худалдан авалтаа нэмэгдүүлэх шийдвэрийг гурав дахь удаагаа гаргасан нь нүүрсний ханшид эерэгээр нөлөөллөө. Ерөнхийдөө дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшийн арванхоёр оны өндөр түвшин 107 ам.доллар, бага түвшин нь 79.87 ам.доллар байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )