Баячуудын трансформаторыг нэг шугаманд оруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 12

Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нар эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний асуултад хэрхэн хариулсныг толилуулья.

 
-Эрчим хүчний нийлүүлэлт багасч, ачааллаа даахгүй байгаа энэ үед гэр хорооллын иргэдийг цахилгаан халаагуур хэрэглэх, түүнийг нь урамшуулах систем цагаа олсон зүйл мөн үү? Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг одоохондоо арай өөрөөр шийдэх боломж байхгүй юу? 
-Энэ их маргаантай асуудал. Эрчим хүчний яам, Агаарын бохирдол бууруулах үндэсний хороо уялдаагүй ажиллаж мэт харагддаг. Яг эрчим хүчний хэрэглээний оргил үе болох 17.00-21.00 цагийн үед цахилгаан хүрэлцдэггүй. Эрчим хүчний халаалттай зуух хэрэглэхийг ЭХЯ хориглох бодолгүй байгаа. Хэрэглэх нь ч зөв.  Ялангуяа  22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд эрчим хүчний хэрэглээг илүү хэрэглэх нь зохистой гэж үздэг. Энэ хооронд нэг квт эрчим хүчийг 36 төгрөгөөр тооцож байгаа. Энэ үедээ сайн хэрэглээч ээ, оргил цаг буюу эрчим хүч дутагддаг үед бага хэрэглээч ээ гэж зөвлөж байгаа юм. 

-Эрчим хүчний тав дахь эх үүсвэр барих ажил ямар шатандаа явж байна вэ?
-Шинэ эх үүсвэр барих асуудал гэрээ хэлцэл хийгдээд удахгүй ажилдаа орох байх. Үүний газрын асуудал маргаантай байсан. Оны өмнө Засгийн газрын хуралдаанаар газрын асуудлыг шийдсэн. Энэ хавраас ажил эхлэх байх гэж найдаж байна.

-Хулгайгаар цахилгаан хэрэглэх тохиолдол байдаг. Гэр хорооллын зарим айлууд 380 вольтын чадлыг хулгайгаар тавиулж байна. Энэ дээр хяналт хэрхэн тавьж байгаа вэ? 
-Хулгайн болон зүй бус хэрэглээний асуудалд энэ онд өөрчлөлт хийнэ. Эрчим хүчний салбарт төв доторх сүлжээнд хулгайлах явдал байдаг байсан. Энэ талаар бид 2008 оноос эхлэн арга хэмжээ авч, тоолууржуулж ирсэн. Хотын зарим төлөвлөлтгүй газарт буусан ч ард иргэдээ гэрэлтэй байлгах үүднээс  цахилгаан татчихсан, тэгээд тоолуургүй эрчим хүч хэрэглэх явдал байна. Нөгөө талаас чадлын хязгаарлалт тавиагүй байгаа учраас айлууд өөрсдийнхөө байрыг цахилгаанаар халаах зорилгоор том чадлын (заримдаа 5 квт-ын) хэрэглээ авч байна. Үүнийг бид энэ онд өөрчилнө. Бас өөр нэг зүйл нь хөрөнгө мөнгөний боломжтой хүмүүс хаус барьчихаад хаус болгондоо 63-100 квт-ын хүчин чадалтай трансформатор тавьж байгаа. Энэ трансформатор дээр алдагдал их гардаг. Үүнийг бид нэг шугаманд оруулж нэг трансформатортой болгох гэж байгаа. 

-Шугамын алдагдал нийт эрчим хүчний хэдэн хувийг эзэлдэг вэ? Хэрэглэгчдийг зохистой хэрэглээнд сургаад ирэхээр жилд хэдий хэмжээний эрчим хүч хэмнэх боломжтой вэ?

-Одоо эзэнгүй алдагдал байхгүй болсон. Манай шугамын алдагдалд хөрөнгө гаргаж төсөл хэрэгжүүлсний дүнд 24-25 хувь байсан бол одоо 14-15 болж байна. Улаанбаатар хотын хэмжээнд айл өрх бүр цахилгааныхаа хэрэглээг таван хувь бууруулбал эрчим хүчний салбарын хэмжээнд өдөрт 48 мянган квт.цаг, жилд 17.2 сая квт.цаг эрчим хүч хэмнэх юм. Үүнтэй адил томоохон хэрэглэгчид хэрэглээгээ хоёр хувь бууруулахад 26.8 сая квт.цаг эрчим хүч хэмнэх тооцоо гарч байгаа.

-Хойд хөршөөс авч байгаа эрчим хүчинд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?
-ОХУ-аас авч байга эрчим хүчний хэмжээ жилд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилд гэхэд 290 сая орчим квт.цагийн эрчим хүч авсан. Энэ онд 356 сая квт.цагийн эрчим хүч авахаар гэрээ хийгээд байна. Нийт өртөг нь 30 орчим сая ам.доллар болж байгаа. 

-Эрчим хүчний үнийн асуудалд ямар бодлого барьж байгаа вэ? Үнийг нэмэхдээ уул уурхай гэх мэт эдийн засгийн салбаруудаар ялгавартай хандах уу?
-Үнэ тариф нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Үнэ нэмэх талаар бид Эрчим хүчний зохицуулах хороонд байнга хандаж ирсэн. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний компаниуд  50 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Урсгал зардлын татаасанд 30 гаруй тэрбумыг өгдөг. Ингээд бодохоор эрчим хүчний үнийг зайлшгүй нэмэхээс аргагүй  байгаа юм. Бид уул уурхайн үйлдвэр гэж ялгаад байхгүй. Гэхдээ ашигтай ажиллаж байгаа салбаруудад эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэх бодолтой байна. ОХУ-аас авч байгаа үнэ 110 төгрөг байгаа ч борлуулахдаа 100 төгрөгөөр борлуулж байна шүү дээ. 

-ШӨХТГ-аас танайд дотоод менежментээ сайжруулах, зардлаа бууруулах зөвлөмж хүргүүлсэн. Энэ талаар эхний ээлжинд ямар арга хэмжээ авах гэж байна вэ?
-Үнийн нэмэгдлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. 200 квт.цагаас доош хэрэглээтэй айлуудад үнэ нэмэгдэхгүй. Хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь 200 квт.цагаас доош эрчим хүч хэрэглэдэг. Үүнээс дээш хэрэглээтэйд нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Би түрүүн хэлсэн. Өнөөдөр цахилгааныг 110 орчим төгрөгөөр импортоор авчихаад эргээд 100 төгрөгөөр худалдаж байна. Энэ зөрүүний алдагдлыг арилгах, ашиг олгох биш ямар ч гэсэн зохистой харьцаанд барья гэж байгаа юм. 112-115 төгрөгийн хооронд эрчим хүчнийг борлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүнийг ШӨХТГ-тай удаа дараа ярилцаж байна. Зайлшгүй нэмэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа. 2013 оныг дотоод зардал, алдагдлыг бууруулах, менежментээ сайжруулах чиглэлээр бид ажиллана.  Үүнтэй холбоотой зөвхөн нэмэхийн төлөө биш дотоод зардлаа бууруулахаар ажиллаж, хэмнэлтийг өөрсдөөсөө эхлье гэсэн зорилготой ажиллаж байна. 

-Энэ өвөл хэр хүнд байх вэ? Үнэ нэмэх нь зайлшгүй юу?
-Эрчим хүний хэрэглээ хүнд байгаа. 17-21 цагт маш их ачаалал ирж, заримдаа хязгаарлалт хийх хэрэгтэй болж байгаа. Иргэд нэг зүйлийг ойлгохгүй байна. Гэтэл гар утсаараа залгаад ярьж байхдаа нэгж нь гүйдэг учраас их хурдан салгадаг шүү дээ. Гэтэл эрчим хүчний үнэ бага байгаа учраас гар утас шигээ мэдрэхгүй байна. Хэрэв үнэтэй байсан бол гэрлээ унтраагаарай гэдэг болно. Өнөөдөр нэг өрх 20-25 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэж байна. Гэтэл гар утсанд нэг хүн 15-20 мянган төгрөг хэрэглэж байгаа. Нэг өрхийн таван хүний хэрэглээ нийлээд бараг 100 мянган төгрөг болно. Гэтэл цахилгаан эрчим хүчний хэрэглээ 20000 л байна шүү дээ. Бидний нэмэх гээд байгаа тооцоогоор 20 000 төгрөгийн эрчим хэрэглэж байсан бол 20500 төгрөг л болно.

-Манайх 220 вольтын хэрэглээтэй. АНУ, Япон шиг 110-ынхад шилжих технологийн шинэчлэлт хийх боломж бий юу?
-Ийм боломж одоогоор байхгүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top