Өнөөдөр дэлхийн зах зээл дээрх унц алтны дундаж ханш 1670 ам.доллар байгааг Bloomberg дамжуулж байна. Сонирхолтой нь энэ оны алтны зах зээлийн прогнозыг шинжээчид нэлээд өөдрөгөөр харж байна. Morgan Stanley-ийн зүгээс энэ оны тавдугаар сар гэхэд унц алт 1,853-2,175 ам.доллар хүрнэ гэж тооцоолж байгаа бол Deutsche Bank болон BNP Paribas-ын зүгээс доод тал нь 12 хувийн өсөлтийг үзүүлнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Харин Данийн төв банкны зүгээс 2014 онд алтны дундаж ханш 1720 ам.доллар байна гэсэн прогнозыг хийгээд буй. Гэхдээ шар металлын зах зээлийн өөдрөг хүлээлтийн нөгөө талд дэлхийн эдийн засгийн мэдээллүүдээс шууд хамаарсан ханшийн хөдөлгөөн байгаа билээ. Ер нь бол алт нь хеж буюу валютын ханшийн өөрчлөлтийг эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болдгийн хувьд АНУ-ын долларын гол валютуудтай харьцах ханш хаданд гарах тусам алт хэцүүддэг.
Өнгөрөгч арванхоёр онд шар металлын зах зээлд голлох нөлөөллийг үзүүлсэн нөхцөл байдлуудыг аваад үзвэл Евро бүсийн өрийн хямрал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал, зүүн өмнөд азийн Индонези, Энэтхэг зэрэг улсуудын алт, мөнгөний худалдан авалтын бууралт, АНУ, Хятад, Япон зэрэг орнуудын Төв банкууд эдийн засгаа сэргээх томоохон арга хэмжээ авсан алхмууд, тэрдундаа АНУ –ын мөнгөний бодлогын сулралт, Иран улсын зүгээс түүхий нефтийн үнэд нөлөөлж цөмийн зэвсэгийн туршилт явуулах гэсэн оролдлого, Евро бүсийн орнууд Ираны нефтэд хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн мэдээлэл, үүний дараа Иран улс Ойрхи Дорнодыг Европ, Америктай холбодог Ормузийн хоолойг хаахаа мэдэгдсэн явдал гэхчлэн томоохон олон үйл явдал байлаа.
Тэрчлэн өнгөрөгч оны эхний есөн сарын хугацаан дахь дундаж үнийг аваад үзэхэд унц нь 1652.11 ам.доллар байгаа бол мөн оны хамгийн дээд ханш 1,799.08 ам.доллар, хамгийн доод ханш 1,527.21 ам.доллар байсан. Тэгэхээр найман оны хямралын дараа жилийн эхний саруудад 800 доллар дөнгөж гарч байсан алтны ханш хямралын чимээ алслахгүй, зууралдах тусам, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл суларсны үр дүнд сөрж өсч байсан жишигтэй.
Гэхдээ тус металлын ханшийн хөдөлгөөн өөрөө барьцгүй.Сайн, саар мэдээллийн аль нь ч түүнд халгаатай байж мэднэ. Тухайлбал, арванхоёр оны хоёр, гуравдугаар улиралд ханш нь унаад байсан нь Евро бүсийн эдийн засгийн хямралтай, манай өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт хумигдсантай, мөн Индонези, Энэтхэг зэрэг улсуудын алт, мөнгөний худалдан авалт буурсантай холбоотой байсан. Харин тэргүүлэгч эдийн засгуудын зүгээс эдийн засгийн сэргэлтийн арга хэмжээнүүд авч эхэлсэн нь алтны ханшийг өсгөхөд хүрсэн юм.
Тэрчлэн энэ онд тэргүүлэгч гүрнүүдийн төв банкууд мөнгөний зөөлөн бодлого үргэлжлүүлэн барих дүр зурагтайг шинжээчид тодотгож буй. Хэрэв тийм байдлаар үргэлжилвэл, мөн алтны гол худалдан авагч орнуудын эрэлт буурахгүй байвал, бас хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлсөн цочир мэдээллүүд гараад байвал таамаглал ёсоор алтны ханш олон хувийн өсөлтийг хийж мэдэх юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )