Сайншандын парк цаасан дээр өтөлчих вий..

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

 

Чингис бондын мөнгөөр санхүүжүүлнэ гэгдэж буй томоохон төслүүдийн нэг бол Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор. Хэдийгээр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт гэдэг юманд орсон байгаа ч, урт насалж, удаан жаргаж мэдэхээр төсөл. Тэрчлэн хөрсөн дээр буулгахын тулд бодит шаардлагуудыг тавихаас өөр аргагүй юм. Уг нь энэ хөтөлбөр хэрэгжиснээр 2013-2021 онд ДНБ дунджаар 15.8 хувиар өсөх боломжтой байгаа ба үүний 57 хувь нь аж үйлдвэрийн салбарт, 14 хувь  газрын тос боловсруулах үйлдвэрт ногдох тооцоолол байгаа аж.

Стратегийн давуу талын хувьд тус цогцолбор нь Оюу Толгой, Тавантолгой болон зүүн бүсэд орших газрын тосны газруудын дунд байрлах ба Сайншанд хотод хөдөлмөр эрхлэх боломж ихтэй бөгөөд тус нутаг барилгын материалаар баялаг юм.

Тэрчлэн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэх малгай дор

-Нүүрс химийн үйлдвэр

-Газрын тос боловсруулах үйлдвэр

-Зэс хайлуулах үйлдвэр

-Барилгын материалын үйлдвэр

-Ган болон төмөрлөгийн үйлдвэрүүд баригдана гэж буй. Хэрэв эдгээр үйлдвэрүүдийг байгуулж, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлбэл Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, салбарын хувьд хоорондоо уялдаатай үйлдвэрүүдэд шинэ боломжуудийг олгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх зэргээр улсын нийгэм эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдэг дээр талууд нэгдсэн байр суурьтай байдаг.

Тэрчлэн Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,  Аж үйлдвэрийн бүс байгуулах, Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, дэмжих, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Үндэсний бүтээгдэхүүний нөөцийн хараат байдлыг багасгах, Дэвшилтэт техник, технологи хэрэглэх, Макро эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой энэ төслийг үнэхээр ажил хэрэг болгож чадах уу гэдэг асуулт энэ засгийн үед илүү хурцаар тавигдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top