30 хол давсан компанийг дотооддоо бүртгэе

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг. Энэ нь хүссэн хүсээгүй хувьцааных нь  10 хувь дотоодын зах дээр гарч, дотоодын иргэдийн гараар дамжих  ёстой гэсэн ойлголт. Гэтэл энэ заалт Оюутолгой компанийн тухайд огт падлийгүй. Учир нь бусад ордууд дээр хэрэгжих энэ заалтыг Оюутолгой дээр хэрэгсэхгүй байж болохоор тохиролцоог манай нөхдүүд анхнаасаа хийсэн юм. Яахав, Оюутолгой ХХК  хувьцаа арилждаггүй, хаалттай компани гэдэг утгаар хэрэгсэхгүй хандаж байж болно. Гэхдээ Рио тинто болоод Айвенхоу майнз компаниуд Оюутолгой ордоор барьцаалж ихээхэн мөнгө босгож ирсэн. Мөн нөгөө талаас Монголын хөрөнгийн биржид,  дотоодод  10 хувийг арилжаалах боломж, эрхзүйн орчин байхгүй байсаар ирсэн гэдгээр талуудыг зөвтгөж  боллоо ч  хэрэв тус компанийн хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах нөхцлийг бүрдүүлж өгөхгүй бол Оюутолгойн 10 хувь тэрчигтээ үхмэл хэвээрээ байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Ер нь бол манайд хууль гууль байдгийн тод жишээ цөөнгүй.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах стратегийн Дорнод ордын лицензийг эзэмшиж байсан Канадын Ханресурс компанийг   “Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг,  Ашигт малтмалын тухай хуулийг  зөрчсөн гэдэг үндэслэлээр гаргаад явуулсан. Энэ нь хуулийг мөрдвөл болохгүй юмгүй гэдгийг нь харуулж байгаа хэрэг болсон.

Түүнчлэн одоо бол стратегийн ордуудын жагсаалтад орох ёстой нь тодорхой болсон Ховд аймагт байрлах ба 460 сая тонн нүүрсний нөөцтэй Хөшөөтийн ордын лицензийг эзэмшигч Mongolia Energy Corporation компани хувьцааныхаа 10 хувийг дотоодын бирж дээр арилжаалах асуудал гарч ирнэ.

Мөн Саус Гоби Сэндсийн хувьцааны 10 хувь ч дотоодын бирж дээр гарах ёстой байсан гэх үндэслэл бий. Тодруулбал, Овоот толгойн орд нь геологийн бүтэц, үүссэн нөхцөл, насжилтаараа стратегийн ордуудын нэг  Нарийнсухайтын  ордын шууд үргэлжлэл учраас стратегийн орд гэж бүртгэгдэх ёстой гэж үздэг. Тиймээс ч ийм зүйл яригддаг юм.

Гэхдээ энд бидэнтэй холбоотой нэг асуудал бий. Тэр нь Монголын хөрөнгийн биржийн хүчин чадал өнгөрсөн хугацаанд олиггүй байсантай холбоотой. Хэрэв манай бирж асар том реформын шинжтэй өөрчлөлтөө хийж чадчихаад байгаа бол манай ашигт малтмалын ордуудыг барьцаалж мөнгө босгож буй компаниудын хувьцааг давхар Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах төлөвлөгөө нь ажил хэрэг болчих билээ. Гэтэл дотоодын хэдэн компани нь ч олигтой бүртгэгдээд хувьцаагаа арилжаалж барахгүй байна.

Гадны компаниудын хувьцааны тухайд  Монголын хөрөнгийн биржийн  дамжин арилжаалагдах эрхзүйн орчин байгаагүй нь яах аргагүй гол шалтаг. Гадаадын компаниудын хувьцааг  Монголын хөрөнгийн бирж дээр худалдахын тулд тухайн компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, ХК байх ёстой. Тэгвэл тэр орчин нь манайд одоо ч алга. Ерөөс хөрөнгийн зах зээлийн хөгжил нь давчуу. Ашигт малтмалын тухай хуулийн эхэнд өгүүлсэн заалт нь ч  биелэгдэх эрхзүйн орчин угаас байхгүй явж ирсэн байна.

Хэрэв манай бирж дэлхийн түвшинд хүрчихвэл гадаадын 30 хол давсан компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэгдэнэ.  Тэдгээр нь Манас петролиум, Draig Resources,  Blue wolf Мongolia,  Петро матад,  Polo resources, Meritus minerals,  Ivanhoe energy, Peabody,  Leyshon resources,  Central asia metals, Aspire Mining Limited, Blina Minerals Ltd, Mongolian Resource Corp Ltd, General Mining Corporation Ltd, Haranga Resources Ltd, Solomon Resources,  Alamar Resources Ltd, Mongolia Energy Corporation,   Southgobi Resources,  North Asia Resources Holdings Ltd, Mongolian Mining Corporation,  DeTeam Co Ltd,    Ivanhoe Mines Inc,  Prophecy Resource Corp гэхчлэн  компаниуд юм.  Энэ компаниуд Монголын стратегийн тодотголтой ордуудыг ашиглаж байгаа бус ч гэлээ, Монголын газар нутаг дээрх ордуудыг ашиглаж гадны биржүүд дээр хөрөнгө босгож байгаагийн хувьд манайд ч бүртгэгдэх ёстой юм. Мэдээж энэ бүх асуудлыг шийдэх хөшүүрэг нь шинээр мэндлэх Үнэт цаасны тухай хууль юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top