Ямар ч байсан одоогоор манайхаас гадагшлах валютын урсгалаас орох урсгал нь давамгайлсан байдалтай байгаа болов уу. Учир нь Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар төв банкны дансанд төвхнөчихсөн байгаа. Гэхдээ энэ хөрөнгийг Монголбанк удирдаж гадаад, дотоод зах зээл дээр гаргана. Тэгэхээр энэ мөнгө эргэлтэд ороод эхлэхээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, ам.долларын төгрөгтэй харьцах ханшид хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт мэдээж тавигдана. Зарцуулагдах төслүүддээ хүрэхээсээ өмнө хэдэн хувь нь гадагшлах вэ, хүрсний дараа хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалтыг бас дагуулах вэ, бас эргээд гарах вэ гэхчлэн асуудлууд бий.
Өнөөдрийн тухайд бол Монголбанкны албан ханшийг харахад 1 ам.доллар 1,392.82 төгрөгтэй тэнцүү байна. Энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад монгол төгрөг яльгүй чангарсан үзүүлэлт юм. Харин өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдааны мэдээллийг харахад банкууд 11.8 сая ам.доллар, 47 сая юань тус тус худалдан авах, 8 сая ам.доллар худалдах саналыг төв банкинд ирүүлжээ. Тэгсэн Монгол банк арилжаанд оролцоогүй гэж байна. Тэгэхээр Төв банк энэ удаа валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилготой хэрэгслээ ашиглахыг урьтал болгосонгүй аж. Арилжааны банкуудын тухайд ч долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад ам.долларын эрэлт багассан харагдаж байна.
Монголбанкны ВЭЗГ-ын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал С.Батаагийн хэлж буйгаар энэ онд ханшийн хэлбэлзэл өмнөх жилүүдтэй харьцуулахад маш бага байгаа гэнэ. Жил бүрийн 12 болон 1 дүгээр саруудад ханшийн хэлбэлзэл өсөх хандлага ажиглагддаг бол энэ жил хэлбэлзэл харьцангуй бага байна. Тухайлбал: Өнгөрсөн оны мөн үед ханшийн хэлбэлзэл 0.47%-д хүрч байсан бол энэ онд 0.35%-иар бага буюу 0.12%-тай байгаа аж.
Ер нь бол арванхоёр онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг олигтойхон чангарч чадаагүй билээ. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ногдол ашгийн орлогын бэлэн валютын гадагшлах урсгал нэмэгдэх төлөвтэй байсан зэрэг нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 2011 онтой харьцуулахад 6 гаруй хувиар сулрах төсөөллийг дагуулж байсан нь бодит байдал дээр харагдсан. Харин арваннэгэн оны тухайд манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ханшийн эрсдлээс хамгаалж гадаадын банкин дахь харилцах, хадгаламждаа бэлэн мөнгө байршуулсан нь гадаад валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг бууруулснаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш эрчимтэй сулруулж байсан. Ер нь ам.долларын ханшийг чангаруулахад нөлөөлж байгаа хөрөнгийн гадагшлах урсгалыг барихын тулд төгрөг, ам. долларын данс хооронд чөлөөтэй хөрвүүлэг хийгддэг байдлыг зохицуулахын тулд банкны системийг бэхжүүлэх чиглэлээр макро зохистой арга хэмжээ авах ёстой гэдгийг Дэлхийн банкнаас анхааруулж байсан.
Мэдээж энэ нь төгрөгийн ханшийн сулралт нь эдийн засагт орж ирж байгаа валютын орох урсгалаас гадагшилж байгаа валютын урсгал давамгайлж байгаатай холбоотой талаар тодотгож байдаг эрхмүүдийн тухайд үйлдэл болгох ёстой асуудал юм.
Дэлхийн банкны судлаачдын дүгнэлтийг харахад төгрөгийн ханш сүүлийн хоёр жилд сулраад байгаагийн шалтгаан нь инфляци дотоодод өндөр байгаа, түүхий эдийн үнэ буурсантай холбоотой гэж байв. Түүхий эдийн зах зээлээс хамаарсан эрдэс баялгийн нөөц ихтэй хөгжиж буй бусад улс орнуудын ханш ч мөн адил нөлөө үзсэн гэж байгаа юм.Тэрчлэн цаашид ханшийг уян хатан байлгах нь чухал бөгөөд төгрөгийн ханшийг нэг чиглэлээр өөрчлөгдөнө гэсэн хүлээлт дээр үндэслэсэн ашиг хонжоо олох гэсэн дайралт үүсэх эрсдэлийг багасгаж, гадаад цочрол тодруулбал эрдэс баялгийн үнэ буурсан тохиолдолд төсөв, экспортын орлогод шууд нөлөөлөхгүйгээр эдийн засагт шингээж авах боломжийг бүрдүүлнэ гэж байна. Мөн түүнчлэн 2008 онд Монгол Улсын эдийн засагт яг ийм цочрол тухайлан нөлөөлж, агшилтыг дагуулсныг ч сануулж байгаа юм.
Цаашлаад ханшийг уян хатан байлгах нь нэрлэсэн ханшийн хэлбэлзлийг эдийн засагт шингээхэд тустай бөгөөд бодит орлого болон бизнесийн ашигтай байдалд сөргөөр нөлөөлөх цалин хөлс, ажлын байр эрс буурах үр дагавраас сэргийлнэ. Ерөөс ханш уян хатан байх нь хувийн хэвшил болон банкуудыг хамгаалалтгүй эрсдэл үүрэх сонирхлыг бууруулна гэсэн зөвлөмжийг хүргүүлж байсан.
Тэрчлэн валютын ханшийн хэлбэлзлийг тогтвортой төвшинд барихад хяналт тавьж ажиллах Мөнгөний бодлогын зөвлөлийг Монгол банкны Ерөнхийлөгчийн дэргэд байгуулж төр, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хэрэглэгчийн байгууллагын төлөөллийг оруул гэсэн шаардлагыг УИХ хүлээж аваад байсан. Хэдийгээр УИХ тэрхүү зөвлөлийг нь байгуулахаар шийдвэрлээгүй ч, Монголбанкнаас өнгөрөгч оны аравдугаар сард Мөнгөний бодлогын зөвлөлийг дэргэдээ байгуулсан нь нэг талаас хүлээлт үүсгэсэн.
Гэхдээ Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал зөвлөлийнхөө үйл ажиллагааны талаар хэлэхдээ “Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газраас гаргасан саналыг зөвлөл дээр хэлэлцэнэ. Зөвлөл хэлэлцэх процесс маань хоёр удаагийн хурлаар танилцуулах, хэлэлцэх эсрэг хоёр талын саналыг сонсох байдлаар явагдана. Гурав дахь удаагийн хуралдаан дээр санал хураах процесс явагдана. Санал хураасны үр дүнд эсрэг болон дэмжиж байгаа саналын тоог тогтоогоод түүний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар бодлогын шийдвэр гарна гэсэн үг. Мөн бид мөнгөний бодлогын шийдвэр гаргалт, шийдвэр гаргах процессийн тухай олон нийтэд тогтмол мэдээлэл өгч байх болно. Энэ нь өмнөх Монголбанкны Захирлуудын зөвлөлийн гишүүдийн шийдвэр гаргадаг байсан процессоос арай өөр төдийгүй Монголбанкны захирлуудын оролцоо нилээд багассан байгаа. Олон улсын туршлагаас харахад гаднаас сонгогдсон гишүүдийн тоо нэмэгдэх тусам бодлогын шийдвэрийг илүү амьдралтай болох магадлалтай гэж үздэг. Энэ байдал руу бид чиглэж байна” хэмээн тодотгосон.
Харин валютын ханшийн хэлбэлзлийг тогтвортой төвшинд барихад хяналт тавьж ажиллах чиглэлийнхээ талаар төдийлөн дорвитой зүйлийг тодотгоогүй. Тэгвэл дээр нэрийг нь дурдсан С.Батаа эрхэм цаашид ам.долларын ханш чангарах уу, сулрах уу гэдэг дээр дараах байдлаар байр сууриа илэрхийлэв.
“Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд заасны дагуу Монголбанк валютын ханшийн уян хатан бодлогыг баримталсаар ирсэн. Ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтож байх энэхүү бодлогыг Монголбанк цаашид ч тууштай хэрэгжүүлэх болно. Монголбанк зах зээл дээр ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоор валютын дуудлага худалдаа зохион байгуулж, валютын дотоодын захад байнга оролцож байгаа. Ялангуяа жил бүрийн 1 дүгээр сард буюу манай уламжлалт баяр “Цагаан сар”-ын өмнө богино хугацааны валютын эрэлт нь нийлүүлэлтээсээ давамгайлах байдал ажиглагддаг. Бид энэ тохиолдолд валютын захад валют нийлүүлж ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх талаар ажиллаж байна. Дашрамд дурьдахад юанийн эрэлт хэрэгцээг Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн эх үүсвэр болох 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний буюу 10 тэрбум юаниас ашиглан хангаж байна. Мөн түүнчлэн, манай ААНБ-ууд, банкууд зах зээл дээрх богино хугацааны валютын хэрэгцээгээ хангах, ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор валютын своп, форвард хэлцлүүдийг ашиглаж байгаа бөгөөд уг хэлцлүүдийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал: 2012 оны 1 дүгээр сард банк хоорондын зах дээр 50 сая ам.долларын своп, форвард хэлцэл хийгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 1 сард 300-350 сая ам.долларын своп, форвард хэлцлүүд хийгдэж байна. Цаашид Монголбанк шаардлагатай тохиолдолд ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоор дотоодын валютын захад оролцох болно” гэж байна.
Ямартай ч эргэн харахад, арваннэгэн оны сүүлээс арванхоёр оны эхэн хүртэл ам.долларын эсрэг 200 төгрөгөөр сулраад байсан монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг огцом өсөлтийн өмнөх түвшинд хүргэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх үүргийг Монгол банк хүлээсний дараа буугаад буугаад 1340 төгрөгтэй тэнцэж байсан. Гэтэл огцом өсөлтийн өмнөх үе гэдэг нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1300 төгрөгөөс доош байсан үе билээ. Тэгэхээр одоогийн ханшийг харахад төгрөгийг чангарч байна гэж харахад хэцүү байгаа юм. Тэрчлэн Монголбанк шаардлагатай тохиолдолд ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоор дотоодын валютын захад оролцоно гэдэг дээр тухайлаад өгүүлэхэд
Монголбанкны оролцоон дээр шүүмжлэлтэй ханддаг эрхмүүд бий. Тухайлбал арваннэгэн онд ам.доллар даврах үеэр С.Дэмбэрэл эрхэм “Монголбанк зузаан доллартай гэдгээрээ ажлаа дүгнүүлдэг... Зорилго нь тодорхой цаг үед тодорхой агшинд улс оронд гэнэтийн шок буюу гадаад валютын эрэлт огцом нэмэгдэх, дотоодод зах зээлийн ороо бусгаа байдал үүсэх зэрэгт хэрэглэхээр валютын нөөцийг бүрдүүлдэг. Гэтэл энэ удаа Монголбанк дээрх зорилгоор валют нөөцлөөгүй нь тодорхой. Өнөөгийн иймэрхүү валютын ханшийн хэлбэлзэлтэй үед нэг хэсэг нь хождог. Харин импортлогчид болон дотоодын үйлдвэрлэгчид алддаг. Жилийн эцэст баланс дээр нь валютын ханшийн өөрчлөлт гээд дандаа хасах гардаг. Үүнээс сэргийлэх маш олон арга бий. Банк бүр дээрээ валютын ханшийн эрсэдлийг бууруулъя гэвэл харилцагчидтайгаа доллараар зээл авахад нь гэрээ хийхдээ валютын ханшийн зөрүү гарвал ингэж тооцно шүү гэдгээ тохирох ёстой…” хэмээн ярьж байсан билээ. Тэгэхээр цэвэр орлогын, төлбөрийн тэнцлийн, урсгал тэнцлийн гурван гол дансаар гадагшилдаг валютын урсгал нь нэмэгдэх магадлал өндөр манай улсын тухайд төгрөгийн тогтвортой байдлын төлөөнөө тохируулах бодлогууд хүлээлтэнд бий болов уу.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )