Өрийн бичиг гаргаж олж ирсэн мөнгөөрөө санхүүжүүлэх төслүүдээ тодорхой болгож чадаагүй байсан Засгийн газар сар тутам 10 тэрбумын хүү төлөх учир нэгэнтээ төв банкны дансанд ороод ирчихсэн байгаа мөнгийг зүгээр хэвтүүлээд байж болохгүй. Тэгвэл төв банкны зүгээс тэр мөнгийг зөвхөн хүү төлнө гэдэг талаас харахаас илүүтэй эдийн засаг дахь эерэг нөлөө, урт хугацааны өгөөж талаас харах хэрэгтэй гэдгийг хэвлэлийнхнээр дамжуулан нийтэд хүргэхийг эрмэлзэж байгаа аж. Тооцооллоор бол энэ мөнгө нь богино хугацаатай, арилжааны зориулалттай хөрөнгө биш. Харин Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн системд урт хугацаанд эерэгээр нөлөөлөх, эцсийн эцэст өгөөж нь Монголд үлдэх хөрөнгө. Энэ хөрөнгийг дагаад Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тухайлбал Засгийн газрын үнэт цаасны 1 ам.доллар бүр нь Монгол Улсад 2-3 ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмж татах эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгааг Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд хэлсэн байна. Тэрчлэн энэ хөрөнгийг Засгийн газар Монголбанктай гэрээ байгуулан удирдуулах болсон тал дээр дараах мэдээллийг өгч байна. “Төвбанкны тухай хуульд заасны дагуу Засгийн газрын санхүүгийн зуучлалын үүргийг гүйцэтгүүлэхээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк хамтран Санхүүгийн зуучлалын гэрээг баталсан. Ингэснээр Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлалыг үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, түүний төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангана. Бид Засгийн газартай уг гэрээг байгуулахдаа хөрөнгийг юунд байршуулж болох, бас болохгүйг хэлэлцэн тохирч, санхүүгийн зуучлалын хүрээнд үүсч болзошгүй эрсдэлд зохих үнэлгээ хийж, гэрээний нөхцлүүдээ харилцан тохиролцсон. Засгийн газар хөрөнгөө авч ашиглаж дуусах хүртэл нь уг хөрөнгөд Монголбанк санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэж, хөрөнгийг гадаад болон дотоодын зах зээлд багц хэлбэрээр, зохистой удирдах замаар өгөөж олж, хүүний зардлыг Засгийн газарт төлөх юм. Энэ бол хуульд нийцсэн, олон улсад түгээмэл байдаг туршлага” гэсэн зүйлийг хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )