Дэлхийн 35 оронтой байгуулсан Давхар татварын гэрээний заримыг нь цуцлах асуудал ажил хэрэг болж эхэлж байгаа. Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай тус тус байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгохыг УИХ-аас зөвшөөрсөн. Тэгэхээр Давхар татварын гэрээний Монгол Улсад хохиролтой заалтуудаас болж манай улс гадны хөрөнгө оруулалттай үндэстэн дамнасан томоохон аж ахуйн нэгжүүд, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй зөвлөхүүдээс манай улсаас эх үүсвэртэй орлого олж буй этгээдүүдээс татвар авч чадахгүй байгаа явдал тодорхой хэмжээнд буурах юм. Гэхдээ цаашид бусад улс орнуудтай байгуулсан гэрээнүүд дээр ч эргэж харах шаардлагууд бий.
Ямартай ч гадны улсуудтай байгуулсан гэрээгээ эргэн харахтай зэрэгцэн дотоодын татварын орчинд шинэчлэлт хийх шаардлага байна. Тэгснээр дотоодын хууль тогтоомжинд үндэслэж, давхар татварын гэрээ, хөрөнгө оруулалт, тогтвортой байдлын гэрээ зэргийг чанартай, үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хийх бололцоог бий болгоно гэх байр суурийг салбарын яамнаас илэрхийлсэн байсан.
Мөн улс орны хэмжээний татварын бодлогын асуудлыг бүхэлд нь хариуцаж ажилладаг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтэс нь нийт 5 орон тоотойгоор ажиллаж байгаа нь бусад улс орны жишигтэй харьцуулахад хэтэрхий цөөн байгаа талаар ч хэлдэг. Тус хэлтэс дэх олон улсын болон уул уурхайн татварын бодлогыг хариуцсан мэргэжилтнүүдийн тоог нэмэх шаардлага байгаа гэгддэг. Ер нь бол уул уурхайн салбар, олон улсын татварын харилцаа улам ярвигтай болох тусам энэ салбарын татварын бодлогыг шинэчилж сайжруулах шаардлага гарсаар байгаа тул “Уул уурхай ба олон улсын татварын бодлого”-г хариуцсан нэгжийг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтэст байгуулж, энэ чиглэлийн ажлыг түргэвчлүүлэх шаардлагатай байна гэх санал өнгөрсөн жил гарч байсан. Одоогоор ажил хэрэг болоогүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )