Оросууд шатахууны үнийг эргэн харахаа амласан ч, өөрсдөд нь ашиггүй зүйлийг хэзээ ч сонирхохгүй гэдгээ манай салбарын яамны нөхдүүдэд тодорхой хэлсэн аж. Ер нь бол хүсэхгүй, дургүй байгаагаа бас гомдсоноо, юу нь болохоо байчихаад нүүр өгөхгүй байгаагаа шууд хэлчих нь нэг талаас амар л даа. Тэгэхээр бидэнд байгаа зүйлсээс чухам юуг нь Оросууд сонирхоод байна вэ гэхээр Тавантолгой, уран, төмөр замын дэд бүтэц, шатахууны жижиглэнгийн зах зээл бас дээрээс нь нэмэгдээд боловсруулах үйлдвэрт хувь эзэмших гэхчлэн хэд хэдэн юм бий. Тэрчлэн Дэд сайд О.Эрдэнэбулган нарын эрхмүүд ОХУ-ын Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Роснефть компанийн төлөөллүүдтэй уулзахдаа монголын уул уурхайн салбарт Оросууд хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломж нээлттэй шүү гэдэг саналыг хамгийн түрүүнд тавьсан гэсэн. Харин манай түлшний салбар дахь монополь байдлаа алдахыг хүсэхгүй байгаагаа тод томруунаар илэрхийлээд байгаа Оросуудад энэ санал боломжийн санагдсан биз. Тавантолгой дахь сонирхлоо нуудаггүй, тиймээс ч өмнөх засгийн үед шийдвэрлэгдээд бүдгэрсэн хуваарилалтыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тэдэнд барьцаа лавшруулах хүсэл байхгүй гэдэгт хэн итгэхэв. Ер нь бол тэдний ашиг сонирхлыг дэмжин хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломжийг олгох саналыг манайх гаргаж байгаа нь тэднийг хүсвэл Тавантолгой төсөл дэх оролцоогоо тэлэх боломжтой гэдэг хандлагыг ойлгуулсан дүр зурагтай байна.
Тэрчлэн арав, арваннэг, арванхоёр онуудад шийдэл хүлээсэн халуун сэдвүүдийн нэг байсан Тавантолгой арвангурван онд дулаанаа хадгалсан хэвээр байхын сацуу баруун цанхи дахь хөрөнгө оруулагчдын хуваарилалтыг хийхдээ хоёр хөрш болоод бусдыгаа хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг асуулт чухал хэвээрээ байгаа юм.
Өмнөх хэлэлцээрүүдийн дараа гарсан хуваарилалтын дагуу бол БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болоод байсан. Гэхдээ 40, 24, 18, 18 гэсэн хуваарилалт эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдгээс өөр, зөрүүд маягтай байна гэх байр сууриуд дөнгөж сонсогдохтой зэрэгцээд Солонгос, Японы талаас гомдол мэдүүлээд эхэлсэн. Харин араас нь манай нөхдүүд хэлэхдээ “Албан бус” шийдвэр байсан гэх зүүлт дагуулсан билээ. Гэхдээ япон, солонгосын төлөөллүүд хэлэлцээрийн ширээний ард суухаараа нүүрс худалдаж авах саналаа л хэлдэг болохоос, технологийн саналаа гаргаж байгаагүй.Харин хуваарилалт тийм маягаар хийгдсэний дараа л “Корес” –ынхон өмнөх уулзалтуудад алдаж байснаа хүлээн зөвшөөрөөд, одоо нүүрс боловсруулах, нүүрснээс шингэн түлш гаргаж авах чиглэлээр тодорхой санал гаргая гэж хэлснийг Ажлын хэсгийн зүгээс хэлж байсан. Энэ нь гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг юм бас яваад байгааг шууд үгүйсгэж болохгүй юм байна гэдэг ойлголтыг өгсөн.
Ямартай ч Тавантолгойг эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн өмнөх Ажлын хэсгийн үед ҮАБЗ-ийн шүүмжийг тусгасан Өмнийн говийн бүтээн байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай гэх тогтоолыг Засгийн газрын гишүүд нь баталсан. Тэгээд Тавантолгойн орд газрыг түшиглэн барих цахилгаан станцыг 2012 оны II улиралд багтаан эхлүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хариуцуулсан. Мөн Тавантолгойн нүүрсний орд-Гашуунсухайтын боомт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 245 км хатуу хучилттай авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж дөрвөн зорчих хэсэгтэй болгох, шинээр өргөтгөх хоёр зорчих хэсэг бүхий авто замыг тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн, зам барих ажлыг бусад хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор хэрэгжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бас хариуцуулсан.
Гэтэл өнөөдөр тэр бүгд нь ажил болоогүй. Эрдэнэс Тавантолгой нь үйл ажиллагаагаа зогсоочихсон байж байна. Улстөрчдөөс шууд хамааралтай замбараагүй баахан зардлууд энэ компанийг чөдөрлөж байгаа. Мэдээж энд Чалкогийн өмнө унаж тусаж хийсэн гэрээ ихээхэн хамаатай.
Нэг иймэрхүү дүр зурагтай байгаа Тавантолгойг энэ онд эргэлтэд оруулах уу.. Хөрөнгө оруулагчдын оролцоог ямар байдлаар хуваарилах вэ гэдэг асуудал хүлээлт үүсгэсээр.. Лав л өмнөх хуваарилалтын дараа ҮАБЗ болоод шинжээч, судлаачид баруун Цанхийн тендер Монгол Улсын эрх ашгийг, Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж байгаа талаар ярьж хэлж байсан. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол Монголын тал 51 хувийг эзэмшинэ гэж хуулиндаа тодорхой заачихсан байтал Хятадын мэдэлд 40 хувиа өгөхөөр шийдвэрлэсэн нь болчимгүй хэрэг гэсэн бол Ж.Батзандан эрхэм хэрэв Шинхуа нэмээд 11 хувийг авчихвал Монголын төрөөс давсан мэдэлтэн болж хувирах боломж харагдаад байгаа талаар мөн дуугарсан.
Тэгэхээр Тавантолгойг эргэлтэд оруулах үүргийг залгамжлан хүлээж байгаа энэ засгийн өмнө ихээхэн хариуцлага яг л өмнөх шиг байж байна. Оросууд Тавантолгойн нүүрсээр дутахгүй. Гэхдээ энэ төслийг өөрсдийнхөө хажуугаар өнгөрөөхийг хүсэхгүй. Өмнөд хөрш маань бидний гол зах зээлийн хувиар даналзаад байдаг ч, Оросуудтай нүүр тулахаараа бол тэгж чадахгүй. Тэдэнд хүссэн хүсээгүй Оросоос хамаарах шалтгаанууд бий. Бас тэгж байгаад манай хоёр хөрш ойлголцоод, тохиролцоод явах юман дээрээ бол хэнээр ч заалгахгүй гэдэг нь, байгалийн хий дамжуулалцаж байгаагаас нь харагдана. Гэтэл бид түлшний хэт хамаарлаасаа болоод зөндөө удаан өвдчихсөн. Бүр ужиграад байдаг. Шийдэл хүлээсэн асуудлууд нэмэгдээд байдаг. Ийм дүр зураг хэт удаан ноёрхвол хөлд нь хамгийн ихээр үрэгдэх нь хэн байх бол?
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )