Хослон тэмцээд л түүнийг айлгачихлаа юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

  Мөнгөний ханшийн уналт нэмж даврах вий гэсэн айдсаас нийгэм даяараа чөлөөлөгдөөд байгаа юмдаг уу даа. Ийм агуулгатай зүйлийг 2009 оноос хойш анх удаагаа бодлогын хүүг бууруулж байгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал эрхэм хэлж байна. Түүний хэлж буйгаар инфляцийн хүлээлт эерэг байгаа нь, тодруулбал эрэлтийн гаралтай инфляцийн дарамт буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг багасгахаар хүлээгдэж байгаа нь  бодлогын хүүг бууруулах нөхцлийг бүрдүүлээд байгаа аж. За тэгээд үнийн өсөлтийн эсрэг нөгөөх дэд хөтөлбөрүүд нь нөлөөлж байгаа гэнэ. Тиймээс Төв банкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 0.75 нэгж  хувиар буулгаснаар 12.5 хувь дээр аваачиж байна. Гэхдээ зөвхөн бодлогын хүүг хөдөлгөсөн шийдвэрүүд нь инфляцийг хазаарлаад байна гэдэг нь үнэнд нийцэхгүй гэдгийг Н.Золжаргал эрхэм хэллээ.

Тэгэхээр өнгөрөгч онд инфляцийг нэг оронтой тоонд барьж, энэ  2013 болоод ирэх 2014 онд найман хувиас хэтрүүлэхгүй барина гэж нэлээн эртнээс ярьсан Төв банк энгийн номхон иргэдээ үнийн өсөлтийн дор зүдрээхгүйн тулд  засагтайгаа нийлэн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүддээ өндөр итгэлийг хүлээлгээд байна. Эдийн засгийн өндөр өсөлтийн үед хөрөнгө оруулалтыг бууруулалгүй, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн амьжиргаанд аль болох бага сөрөг нөлөөтэй байх, төгрөгт итгэх итгэлийг хадгалах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлэхийн тулд инфляцийг нэг оронтой тоонд барих ёстой гэж үздэг төв банк уг нь  2011 оны дөрөвдүгээр сарын 28-наас хойш мөнгөний бодлогыг хатууруулж, бодлогын хүүг өсгөх шийдвэрийг хэдэнтээ гаргасан.

Харин тэр болгонд олон нийт  шууд үр дүнг нэхэж, хүлээж ирсэн бол Төв банкны зүгээс  “..бодлогын хүүг хөдөлгөх хэлбэрээр инфляцитай тэмцэхийн үр дүн нь эдийн засагт хугацааны хоцролттой нөлөөлж, 2 улирлын дараачаас нөлөө нь эрчимжээд,  4-6 улирлын дараа байндаа хүрдэг”  гэх тайлбарыг өгч ирсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мөнгөний бодлогыг хатууруулах алхмыг  хийхдээ төсөв, төсөвтэй адилтгах зардал буюу Хөгжлийн банкнаас төлөгдөж байгаа зардал дээр өдөөгдсөн илүүдэл эрэлтийн дээр,  гаднаас манай эдийн засагт ихээхэн хөрөнгө орж ирж байгаа нь инфляцийн дарамтыг бүр ихээр нэмэх гээд байгаа учраас гэсэн тодотголыг дагуулж байсан юм. Мөн Заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрээ ч  цагаа олсон арга хэмжээ хэмээн тодотгож байсан.

Заавал байлгах нөөцийн хэмжээн дээр бол төв банк энэ удаа өөрчлөлт хийсэнгүй. Өмнөх удаа нэмэгдүүлэх үедээ “манай эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал нэмэгдэхээр прогнозтой байгаа бол заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь банкуудыг илүү их бэлэн мөнгөний нөөцтэй болгож өгнө. Цаашлаад орж ирж байгаа мөнгөнд гарч байгаа хөдөлгөөнүүдийг өөрийнхөө бэлэн мөнгөний нөөцөөр уян хатан удирдаад байх,  тэр нөлөөллүүд нь зах зээл дээр хүчтэй доргио өгөхгүй байхад хамгаалалт болж өгдөг хамгийн зохимжтой хэрэгсэл” гэж байсан.

Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд импортын оргил үе бишийн зэрэгцээ бондоор босгосон мөнгө гаднаас орж ирсэн. Тэрхүү мөнгийг хөдөлгөөнтэй байлгахаар шийдвэрлэсэн зэргээс харахад Заавал байлгах нөөцийн хэмжээн дээр ч шийдвэр үзэглэгдэх шаардлага цаашид гарч болох юм.

Ямартай ч өмнө нь бодлогын хүүг хөдөлгөх замаар инфляцийн эсрэг зөндөө тэмцсэн Төв банк одоо бол Засагтай нийлсэн үйл ажиллагаандаа илүүтэй итгэж байна. Мэдээж иргэдийн хувьд үнийн өсөлт л уруудаж байвал хэн нь хэнтэйгээ яах ийх нь чухал биш. Гэхдээ бас Төв банкны хараат бус байдал гэдэг юм үүнтэй зэрэгцээд яригдаж л таарна. Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж эрхэм нэгэнтээ  “…Дэлхийн төв банкууд анхнаасаа хараат бус байсангүй. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр төвбанкийг Засгийн газрын харъяанаас гаргах нь дэлхий нийтийн хандлага болжээ. Төв банкны үйл ажиллагаа улс төрчдийн мэдэлд байсан цагт ДНБ-ий өсөлт тогтворждоггүй төдийгүй инфляци дорвитой буурдаггүй нь нэгэнт нотлогдсон зүйл. Гэтэл манайд дэлхий нийтийн хандлагыг сөрж, бусдын алдаанаас суралцахыг хүсэхгүй байгаа үзэгдэл илэрч буй нь харамсалтай.. Аливаа төв банк бол зөвхөн нийгмийн эрх ашигт үйлчилж байх үүрэгтэй институт юм. Харин энэхүү өндөр үүрэг хариуцлагыг ёс төртэй биелүүлэх баталгаа нь төв банкны хараат бус үйл ажиллагаа билээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс төв банк зарим тохиолдолд хүнд хэцүү арга хэмжээг зайлшгүй авах ёстой болдог. Ийм тулгамдсан арга хэмжээг цаг алдалгүй авч чаддаг байхын тулд төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэрээ гаргаж байх зайлшгүй шаардлага урган гардаг..” хэмээн хэлж байсансан. Харин манай одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхээр Төв банк болоод Засагт харшлаад байх ч юм алга. Хачин эв нэгдэлтэйгээр хослон урагшилж байгаа. Гол нь тэгээд үнэ ханш бодитойгоор л буурах ёстой.

Төв банктай нийлэн зүтгэж байгаа Засгийн тэргүүний хийсэн мэдэгдлээс иш татахад  “..2012 оны эхээр инфляцийн түвшин хурдацтай өсч 4 сар гэхэд Монгол Улсын инфляцийн түвшин 16 хувьд хүрсэн байгаа.  Энэ нь иргэдийн гар дээр бэлэн мөнгө төлсөн болон бусад бодлогын арга хэмжээнээс үүдэлтэй гэнэ.  Мөн тэрбээр  “8 дугаар сарын 28-нд байгуулагдсан Засгийн газар инфляцийг барих, чадвал бууруулах бодлого барьж ажиллаж буйн хүрээнд 10 дугаар сарын 22-нд Монголбанктай гэрээ байгуулж гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар шатахууны жижиглэн худалдааны үнийг тогтворжуулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өртгийг бууруулах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах гэсэн 4 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд явж байгаа. Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 4 сард ифляци өмнөх үеэс 0,6-1,4 хувиар буурсан. 2012 оны 4 дүгээр сард 16 хувьтай байсан инфляци сая оны эцэст 14 хувьтай гарсан нь сүүлийн 4 сард инфляцтай тэмцэхээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр зарим үр дүнд хүрч байгаа гэдэг нь харагдаж байна. Хэрвээ энэ арга хэмжээг аваагүй бол инфляци 18-19 хувьтай гарахаар урьдчилсан тооцоо байсан. “ хэмээн хэлээд байгаа.

Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд Төв банкны зүгээс бодлогын хүүгээр инфляцийг барих оролдлогуудын үнэ цэнийг унагаасан мэдэгдлүүд ийм маягаар гарч л байна.

Гэхдээ нөгөө талд Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлснээс үзэхэд бодлогын хүүг бууруулснаар зээлийн хүү буурах боломж бүрдэж болохоор гэнэ. Ер нь бол бодлогын хүү, зээлийн хүү хоёр дандаа хамт явдаг ойлголтууд. Бодлогын хүүг хөдөлгөх шийдвэр удаа дараа гарсантай холбогдуулан МҮХАҮТ-ийн зүгээс “Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өсч   зээлийн эрэлт буурна. Гэтэл зах зээлд, үйлдвэрлэгчдэд,  бизнес эрхлэгчдэд  бага хүүтэй зээлийн  хэрэгцээ  их байна, үүнийг ч төр засаг мэдэрч зээлийн хэмжээг нэмэгдүүлж байна.  Энэхүү  зээлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж   улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахаас бус инфляцийг хөөрөгдөхөд огт нөлөөлөхгүй.  Бодлогын хүүг өсгөж арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг  нэмэгдүүлснээр үнэхээр арилжааны банкуудын өрсөлдөх чадвар сайжрах уу, аль эсвэл  эсрэгээр   өрсөлдөх чадварыг нь  бууруулах уу?  Харин үүний оронд өнөөгийн банкны тогтолцоог  сайжруулъя гэдэг зүйлийг ярьж байсан.  

Хариуд нь Төв банкны зүгээс “..Төв банк улс төрийн дарамт, шахалтаас айн хүүгээ нэмэлгүй зүгээр суувал юу болох бол? Эдийн засгийн хүчин чадлаас хэтэрсэн мөнгөний нийлүүлэлт нь үнийн өсөлтөөр дамжин хэт халалтыг бий болгоно. Харин инфляци нэг өсөөд эхлэх юм бол, өөрөөр хэлбэл инфляцийн хүлээлтэд нөлөөлж хоёр дахь үеийн доргиог үүсгээд эхэлбэл хадгаламжийн хүү ч тэр, зээлийн хүү ч тэр өсөөд эхлэх нь гарцаагүй. Хадгаламжийн хүүний, зээлийн хүүний дийлэнхийг инфляцийн хүлээлт бүрдүүлж байна шүү дээ. Тиймээс ирээдүйд хүүг хэт өндөр түвшинд хүрэхээс сэргийлж өнөөдөр бодлогын хүүгээ өсгөж байна.Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйн төлөө бизнес эрхлэгчдийг буруутгахаас өмнө инфляцийн цаад учир шалтгааныг хамтдаа олж, улс төрчид, Засгийн газрын анхаарлыг үүнд хандуулж чадах юм бол үнийн өсөлтөөс ангижрах боломжтой гэдэг зүйлийг ярьж ирсэн.

Тэгэхээр мөнгөний ханшийн өсөлтийн эсрэг тэмцлийн дүр зураг нэг иймэрхүү явж ирж. Харин цаашид бол нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг бууруулахын тулд боломжит арга хэрэгсэл, механизмыг ашиглана, ерөнхийдөө Засгийн газартай цогц уялдан ажиллана  гэсэн зүйлийг төв банкнаас ярьж байна.

Э.Болорхажид

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top