“Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани өрөндөө баригдаж, өтөндөө идэгдчихээд байгааг эрхэм Ерөнхий сайд шулуун шударгаар хэллээ. “Чалко”-гоос 350 сая ам.доллар зээлсний 190 орчим тэрбумыг нь төлөөгүй, дээр нь нэмээд арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй, өрөндөө сар бүр хүү төлж байгаа. 300 орчим тэрбум төгрөгийн өрөнд баригдчихсан энэ компанийн зээлсэн мөнгөний хүү нь өнөөх Евро болоод Чингис бондын хүүгээс өндөр. Тиймээс Чалкод өндөр хүү төлснөөс эхний ээлжинд өрийг нь бондоороо даруйхан дарах талаар ярьсан гэж Ерөнхий сайд хэлэв. Тэгээд зогсохгүй “өрийг нь дарсан ч энэ компани ашигтай ажиллахад хэцүү. Учир нь “Чалко”-той байгуулсан гэрээ ашиггүй, тун хохиролтой. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 100 байхад 70-аар нийлүүлэх, 70 байхад 50-иар өгөхөөр гэрээлчихсэн. Ашиггүй гэрээнээсээ салъя гэвэл тэр компанид 50 сая ам.доллар төлөх заалттай. Гэхдээ улс л юм чинь эндээс ямар нэгэн байдлаар гарах хэрэгтэй. Улсаас тэр төлбөрийг төлж гэрээгээ цуцлаад ашиггүйгээр нүүрсээ гаргадгийг зогсооё, илүү үнээр авах газруудад нүүрсээ заръя гэж ярьж шийдэж байгаа” хэмээн ярив.
Тэгэхээр Ерөнхий сайдын үг нэг талаас бодит нөхцөл байдалтай уялдаж байгаа сонсогдовч, Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг бантан болгох үйл ажиллагаанд гар бие оролцсон, одоо ч оролцож байгаа хүмүүсийн нэг бол Н.Алтанхуяг сайд. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газрын таван сайдаас бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдаж өнгөрсөн жилүүдэд ажилласан. Тэдгээр таван сайдын нэг нь Н.Алтанхуяг байсан. Гэтэл сонгуулийн амлалтаа хүч хавсран биелүүлэхийн тулд ордынхоо үнэ цэнийг үгүйсгээд барахгүй улсынхаа эдийн засагт харшилсан алдагдалтай гэрээ хийсэн гэдгээ өдгөө нийтийн өмнө ил тодоор хэлээд сууж байгаа нь нэг талаас хариуцлагаа ухамсарлаад сууж байгаа ч юм шиг. Нөгөө талаас ичих нүүрээ элгэндээ наачихсан ч юм шиг хоёрдмол ойлголтыг төрүүлээд байна.
Гол нь тэгээд Ерөнхий сайдын хэлээд байгаагаар “Эрдэнэс Тавантолгой”-г өрөн дороос нь өндийлгөхийн тулд Чингис бондын хөрөнгийн тодорхой хэсгээр Чалкогийн өрийг дарж болзошгүй нь. Естой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдгийг үлгэрийг үзүүлэх гэж байна гэсэн үг. Бонд гаргаж босгосон мөнгөөрөө санхүүжүүлэх төслүүдээ эхнээсээ ултай суурьтай гаргаж ирээгүй учраас энэ мэтээр улстөрчдийн тарьсан өр ширийг дарахад зарцуулагдахад хэн ч хяналт тавьж чадахгүй.
Бондтой холбоотойгоор Дэлхийн банкны зүгээс манайд зөвлөгөө өгсөн байна билээ. Тэнд өгүүлснээр “..Дэлхийн санхүүгийн зах зээлд Монголын эдийн засгийг сонирхох байдал нэмэгдэж байгаа ч шинээр гаргасан Засгийн газрын бондын орлогыг хэрхэн ашиглах зөв төлөвлөлтгүйгээр энэ нь томоохон төсвийн эрсдлийг үүсгэх талтай. Саяхны гаргасан бонд нь төсвөөс гадуурх санхүүгийн суваг болж болохгүй бөгөөд бондын хөрөнгийн орлого, ашиглалтыг төсөвт зохих ёсоор тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байна. Түүнчлэн Засгийн газар бондын орлогоор санхүүжигдэх төслүүдийг сонгож, үнэлэхдээ гадаад зээлжилтийн санхүүгийн өртөг, өөрийн орны эдийн засгийн чадавхи, хязгаарыг зэргийг тооцоход хангалттай цаг хугацаа, хүчин чармайлт гаргах хэрэгтэй.” гэсэн байгаа юм.
Яахав бидний хувьд гадныхан хэлсэн учраас дагаад явах ёстой гэж туйлшрах учиргүй ч их мөнгө, өр ширтэй холбоотой асуудал дээр авах гээхийн ухаанаар хандах ёстой биз ээ.
Ерөнхий сайд Чингис бондын талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ “Өчнөөн тэрбум долларын өрөнд орж байна гэдэг худлаа. Монголбанкинд менежментийг нь өгчихсөн. Монгол улс 2.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй, дээр нь 1.5 ам.долларыг нэмэхээр 4.2 тэрбум ам.долларын нөөцийн менежментийг Монголбанк хийнэ гэсэн үг. Төслийн хувьд яг өнөөдөр гурван том төслийг нэрлэж болохоор байна. Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох төсөл бэлэн байгаа. Тавантолгой дээр босгох цахилгаан станц болон Оюутолгойд 300 МВт-ын чадалтай цахилгаан станц барихад бондын мөнгийг тодорхой хэмжээгээр оруулна. Бас өмнөд төмөр замыг хөдөлгөх хэрэгтэй. Энэ жил хүрз жоотуу хөдөлгөх бол Тавантолгойгоос Гашуунсухайт хүрэх чиглэлд л ажиллахаар байгаа. Цаашдаа бондын мөнгөөр хөдөө аж ахуйг дэмжиж ажиллана” гэж байсан.
Хэрэв энэ ярьснаар нь санхүүжилтүүд бодьтой хийгдвэл өөр хэрэг. Гэхдээ л өмнөх Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын хөрөнгөнөөс төмөр замын бүтээн байгуулалтад амсуулаа ч үгүй өнгөрчихөөд, одоо Чингис бондынхоо мөнгийг тийш нь хийнэ гээд сууж байгаа эрхмүүдийг яалтай билээ.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )