Эхэлдэггүй төмөр зам дахиад дуудаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28


Ерөөсөө шинэ төмөр замыг урагшлуулах ажлыг төр өөрөө улстөржиж гацааж ирсэн гэхэд болох юм. Ямартаа л “Монголын төмөр зам”-д  төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон хэрнээ  концесс олгох шийдвэр гараагүй өнгөрөгч бямба гаригийг хүртэл явсан байхав. Тэрчлэн Засгийн газар “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор шийдвэрлээд байгаа нь замыг замд гаргах ажилд жаахан ахиц гарч байгаа харагдана.  “Шинэ төмөр зам“ төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ хоёрдугаар сард багтаан олгохыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрчихөөд байгаа.  Ингэж шийдвэрлэсэн нь сайн хэрэг ч, сануулж хэлэх зүйл бас бий. Учир нь хэчнээн шийдвэр гарлаа гээд Хөгжлийн банк санхүүжилт өгөхгүй бол өгдөггүй юм билээ.

Төмөр замыг түргэн барьж байгуулахын тулд Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргуулна гээд аль дээр шийдвэрлэсэн байсан ч, гаргаж өгөөгүй. Өгөөгүй шалтгаанаа “төмөр замын зураг төслийг хийх ажил зохих журмын дагуу тендер шалгаруулалт зарлагдахгүй шийдэгдээд байна” хэмээх тайлбарыг дагуулж байсан. Тэгэхээр энд бас хаа хаанаа хариуцлага алдсан, гээндээ гоондоо гэдгийн асуудал явааг үгүйсгэхгүй.  Ямар ч байсан “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн орлогч дарга Л.Пүрэвбаатар засгаас төмөр   замын зураг төсөл болон судалгаанд шаардлагатай 50 мянган ам.долларыг ч төсөвлөөгүй байсныг Ройтерсийн сэтгүүлчид хэлчихсэн байсан билээ.

Өөр бас юу боллоо доо. Төмөр замын судалгаа шинжилгээн дээр 30 гаруй компани ажиллаж,  ТЭЗҮ-г нь  “Маккензи”  компани хийсэн ч, манай нөхдүүд төлбөрөө төлж чадахгүй баахан юм болсон. Харин одоо тэр ТЭЗҮ энэ тэрийг нь М.Энхсайхан нарын эрхмүүд шүүмжилж буй билээ.

Хэрэв тэгээд үнэхээр төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлогоо хуульчлаад баталсан юм бол тэрэндээ хариуцлагатай хандах шаардлага үнэхээр байна. Бодлого ёсоор бол эхний ээлжинд Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөтийн хооронд 140 км, Хөөт-Чойбалсангийн хооронд 150 км буюу нийт 1100 орчим км төмөр зам барина. Дараа нь Нарийнсухайт, Шивээхүрэн, Ухаа худаг, Гашуунсухайт, Тамсагбулаг, Нөмрөг, Бичигт зэрэг боомтуудыг 900 км төмөр замаар холбохоор заасан. Гэхдээ  сүүлийн үед Таван толгой - Сайншанд,  Ухаа худаг - Гашуун сухайт гэсэн хоёр чиглэлийг зэрэг эхлүүлэх тухай яригдаж байсан. Тэгвэл бямба гарагийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр бол  эхлээд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км өргөн царигтай төмөр замыг барих нь шиг байна. Нөгөө улстөржүүлээд байсан царигийн асуудлын талаар Засгийн тэргүүн хуралдааны өмнө байр сууриа илэрхийлэхдээ  “...Монгол Улсын төмөр зам өргөн царигийн байхыг УИХ-аас тогтоож өгсөн. Энд ганцхан өөр ойлголт, өөр өгүүлбэр байгаа. Хэрэв экспортод шууд гарахаар байгаа бол ямар царигаар барих талаараа Засгийн газраас УИХ-д оруулж шийдүүлэхээр заасан. Иймд бид өргөн нарийн гэдэг дээр маргаад байх зүйлгүй. ТЭЗҮ-ээс авахуулаад бүх бодлого чиглэл өргөнөөр хийгдсэн байгаа. Зарим хүний хувьд нарийн царигтай байвал эдийн засгийн үр ашигтай юм биш үү гэдэг санал гардаг. Урагшаа явах төмөр замын зураг төсөл өргөнөөр хийгдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн эдийн Засгийн үр өгөөжөөс бус бусад үндэслэлээс хамаардаг том асуудал. Монгол Улсын төрийн бодлогоор батлагдсан зүйл...” хэмээн хэлсэн байгаа.

Тэгэхээр хэрэв Засаг нарийн царигийг дэмжвэл байж болох агуулга эндээс харагдаж л байгаа юм. Ер нь бол өнгөрсөн өдрүүдэд цариг дагаж улстөржих хандлага чамгүй байлаа. Энэ салбарын тогооны хүн гэж болох Л.Пүрэвбаатар эрхмийн байр суурийг харахад  “...өргөн, нарийн царигийн төмөр замын аль алийг нь Монголд барих хэрэгтэй. Олон царигтай улс болох ёстой гэсэн зүйлийг хэлсэн байна. Манай хойд хөрш өргөн царигтай төмөр замтай.  Харин урд хөрш Хятад нарийн царигтай төмөр зам хэрэглэдэг. Тэгэхээр аль алийг нь барьж байж тээврийн харилцаа тогтвортой хөгжинө. Царигийн асуудлыг улстөржүүлж хоёр хөршийн нөлөөнд орсноос болоод ажлаа эхлүүлж чадахгуй байна...” гэдэг зүйлийг хэлсэн байгаа юм.

Ер нь манай шийдвэр гаргагчид төмөр замын төсөл дээр эхний ээлжинд гэдэг тодотголыг олонтаа хэрэглэж байна. Энэ удаа ч бас л эхний ээлжийн замын асуудлыг шийдлээ. Ингэхдээ гадаад, дотоодын компаниудтай ВОТ буюу гүйцэтгэгч байгууллага өөрийн хөрөнгөөр бариад тодорхой хугацаанд ашиглуулж зардлаа нөхсөний дараа төрийн мэдэлд шилжүүлэх хувилбараар тохиролцох гэж байна. Тэгэхээр манай эхэлдэггүй төмөр замын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ хэдэн жилийн өмнөөс ирүүлсэн Монгол, Орос, Солонгос, Япон, Хятадын компаниуд сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд илүү хөдөлгөөнд орох биз ээ. Учир нь төмөр зам тэднийг даллаж байна.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top