Оюутолгойн гэрээ но-той эсэхийг харахад амархан боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 29

Хэрэв Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд дахин нэмэлт хэлэлцээр хийж байж 445 тэрбум төгрөг олж ирэхгүй бол, төсвийн бусад орлогын тасалдал бас бусад гацаануудтай нийлээд ДНБ-ий 6 хувьд хүрэх гээд байгаа аж. Манай улстөрчид энэ оны төсвийн нийт орлогыг өмнөх оныхоос  бараг 40 хувиар нэмэгдэхээр тусгасан. Гэтэл 2012 оны орлого нь дутуу төвлөрсөн. Дээр нь Оюутолгойн зүгээс манайхтай ярилцаж эхэлсэн ч, өөрчлөлтөд бэлэн бус тэр хэрээрээ цаг алдах янзтай харагдаж байгаа. Уг нь Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт хэлэхдээ  “УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт нь 4.4 тэрбум ам.доллар байсан. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 6.7 тэрбум ам.доллар болгочихоод байгаа. Зөрүү нь 2.3 тэрбум ам.доллар. Энэ их мөнгө. Чингис бондыг 1.5 ам.доллараар эхлүүлж байна. Тиймээс бид яагаад анхны хөрөнгө оруулалт ингэж нэмэгдсэнийг тайлбарлахыг шаардаж байгаа. Тайлбарлаагүй цагт хамтарч ажиллах боломжгүй гэсэн. Ирэх сарын 6-нд Оюутолгойн томоохон удирдлагууд салбарын сайдтай яриа хэлэлцээр хийх гэж байгаа” хэмээсэн л дээ. Тэгэхээр Уул уурхайн сайдаас удаа дараа бичиг хүлээж авч байж ярилцах талаар ам ангайсан Камерон Макрей нар манай нөхдүүдтэй ямар ч байсан тулах нь. Чухамдаа хэрхэн тохиролцох нь вэ гэдэг асуудал хүлээлт үүсгээд байна.

Ер нь бол төслийн хөрөнгө оруулалтын зардал ТЭЗҮ-д зааснаас 40 гаруй хувиар өсчихөөд байхад Оюутолгой ХХК-ийн удирдлагын зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд тодорхой хариу өгөхгүй байгаа нь даварсан асуудал. Гэрээнд зааснаар төлөвлөсөн зардал өссөн тохиолдолд зайлшгүй ТЭЗҮ-д өөрчлөлт оруулж, тэр нь холбогдох бүтцийн байгууллагаар баталгаажсан байх учиртайг Уул уурхайн яамнаас мэдэгдэж байгаа. Гол нь энэ өссөн зардлыг тодорхой болгохгүй хугацаа алдаж байгаа нь хууль, стандарт чангатай оронд биелэлээ олсон ил тод уул уурхайн зарчмыг мөрдөхгүй байна гэдгийг, энэ зардлын өссөн хэмжээгээр Монгол Улсын Засгийн газарт орох татварын орлого буурна гэдгийг мөн хэлж байгаа. Тиймээс ирэх сарын эхээр болох уулзалт нь манай талд “ялалт” дагуулах ёстой.

Эс бөгөөс асуудал сунжирна, хүндэрнэ. Орлого тасалдана. Нэгэнтээ төсвийн орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэр болсон нүүрсний тухайд дэлхийн зах зээлээс хамаарсан хүндрэл хадгалагдаж байгаагийн зэрэгцээ Эрдэнэс Тавантолгой нь хэдэн улстөрчдөөс болоод дампуудуу байдалтай байхад Оюутолгойгоос авах ёстой мөнгөө зүгээр тавиад туучихаж болохгүй.

Хэрэв тэгээд гэрээнд орох ёстой өөрчлөлтүүдийг хийж чадахгүй дээрээ тулбал гэрээг хийлцсэн сайд нарын нэг С.Баярцогтын хэлээд байсан “Оюу толгойн гэрээ ямар нэгэн эрсдэлгүй” гэдэг үг үнэхээр утгаа алдаж таарна. Улайм цайм өөрчлөх ёстой зүйлийг Монголын Засгийн газрын хэчнээн тэмцээд өөрчилж дийлэхгүй бол өөр юу гэж ойлгох ёстой болох вэ. Хөрөнгө оруулагч тал алдаа гаргасан байлаа гэхэд тэрийг нь бид өөрсдийнхөө талд засч залруулах боломжийг энэ гэрээ олгох ёстой.

С.Баярцогт хэлэхдээ “...Оюу толгойн гэрээ Монголын талд ашигтай болж чадсан. Энэ гэрээ ямар нэгэн эрсдэлгүй. Байгалийн баялаг 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа. Төслийн санхүүжилт 100 хувь гадны хөрөнгө оруулалтаар орж ирж байна. Энэ гэрээг зээлийн гэрээ гэж ойлгодог. Гэтэл зээлийн гэрээ биш, хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй.

 Бизнесийн бүх нөхцөлд ашигтай бол эрсдэлгүй гэрээ байдаг. Бизнесийн эрсдэл тэнцүү нөхцөлд Монголын тал ашгаа авна. Бизнес алдагдалтай үед ч Монголын тал татвараар ашиг хүртэнэ. Харин хөрөнгө оруулагч тал бизнесийн ашигтай нөхцөлд зөвхөн ашиг авна. Хөрөнгө оруулагч тал бизнесийн эрсдэл тэнцүү нөхцөлд ашиг авахгүй, бизнесийн алдагдалтай нөхцөлд алдагдал хүлээнэ. Оюу толгой” ХХК ашигтай ажиллавал Монголын тал 53 хувийн ашиг авахаар гэрээ байгуулсан. Орлого, зарлага тэнцүү үед орлогын бүх татвараа авна. Гэтэл хөрөнгө оруулагчид ямар ч ашиг хүртэхгүй. Тухайлбал, компани алдагдалтай ажилласан тохиолдолд монголчууд найман тэрбум төгрөгийн татварын орлого авна. Харин санхүүжилтэд ямар ч мөнгө гаргахгүй, өр телбөрийг ч хариуцахгүй.Өөрөөр хэлбэл, Монгол Улсад огт эрсдэлгүй гэрээ болсон. Санхүүжилтийн хувьд энгийн хувьцааны, хувь нийлүүлэгчийн, гуравдагч этгээдээс авах хөрөнгө гэсэн гурван ашиг хүртэнэ…” гэсэн хариултыг хоёр сая хол давсан Монголчуудын “өөдөөс” харж байгаад өгсөн.

Тэгэхээр үнэхээр эрсдэлгүй эсэхийг  нь шалгах хамгийн наад захын жишээ нь ирэх сарын 6-нд болох уулзалтаас гарах үр дүн юм.

Э.Болорхажид

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top