Дэлхийн банкнаас нийслэлийн төсвийн орлого, зарлага бусад хөрөнгийн эх үүсвэрийг нарийвчлан үзэж тайлан боловсруулсан тухай мэдээлсэн.Тэгвэл нийслэлийн удирдлагуудад энэхүү тайлангаа зөвлөмж болгон танилцуулсан талаар Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тайлангийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, төр бол албан тушаалаараа гайхуулж, ард түмнээ мартсан дарга нарын хуаран биш. Төр бол иргэндээ үйлчилгээ үзүүлдэг, тэрхүү үйлчилгээг нь иргэд ил тод хүнд сурталгүйгээр авч байх ёстой нэг ёсны дэлгүүр гэж ойлгож болно. Дэлгүүр бүх бараа бүтээгдэхүүнээ нуучихаад иргэддээ юугаар хэрхэн үйлчилдэг нь тодорхойгүй байвал тэр үйлчилгээ яагаад ч төгс биш. Тиймээс нийслэлийн төсөв, болон нийслэлийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод, ойлгомжтой байлгах нь үнэхээр чухал юм. Өнөөдөр бид энэхүү тайлангийн судалгаанд тулгуурлан гаргасан зөвлөмжөөр төсвөө хэрхэн ил тод ойлгомжтой болгохыг суралцах болно гэдгийг онцлон хэллээ.
Дэлхийн банкны хотын хөгжлийн ахлах мэргэжилтэн хатагтай Мески Брахим “Улаанбаатар хотын санхүүжилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр нийслэлийн төсвийн орлогын гол эх үүсвэр нь цалин түүнтэй адилтгах орлогын татвар байна. Энэ татвар нь нийслэлийн төсвийн 72,1 хувийг эзлэж байгаа бол газар ашигласны төлбөр 10.6 хувь, эд хөрөнгийн татвар 5,5 хувь, авто тээврийн хэрэгслийн татвар 5,3 хувь, бусад орлогын эх үүсвэр 6,5 хувь байна гэдгийг хэлсэн юм.
Харин урсгал зардлын хувьд төрийн үйлчилгээ, бусад хөтөлбөр арга хэмжээ, орон нутгийн нөөцийн, бусад татаас гэх мэт зориулалт нь тодорхой бус хэд хэдэн зарлага байгааг онцлон хэллээ. Тодруулбал 2008 оноос 2011 он хүртэл хэрхэн юунд зарцуулсан нь тодорхой бус зардал нэмэгдэж, нийт зардлын 30 гаруй хувийг эзлэж байгаа нь онцгой анхаарах ёстой зүйл юм гэлээ. Мөн хотын бүхий л үйлчилгээг хүртээмжтэй болгож сайжруулахын тулд санхүүгийн системийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн юм. Тухайлбал, төсвийн тайлангийн хэт хэсэгчилсэн байдлыг арилгахын тулд нэгдсэн бүтцээр тайлагнах, төсвийн гүйцэтгэлийн тайланг сайжруулах замаар үйлчилгээний ил тод байдлыг хангах, орон нутгийн захиргааны чиг үүргийг тодорхой болгосноор иргэдэд үзүүлэх үйлчилгээний эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь хотын үйлчилгээг сайжруулахад чухал алхам болно гэж зөвлөлөө.
“Улаанбаатар хотын санхүүжилт” тайланг танилцуулах хурлаар хотоос иргэдэд үзүүлэх үйлчилгээ, хотын дэд бүтцийн асуудлыг санхүүжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай , хэрхэн тэнцвэртэй хуваарилах, хотын хөгжлийг тэтгэсэн ил тод нээлттэй төсөвтэй байхад чиглэгдсэн хэд хэдэн санал зөвлөмжүүдийг танилцуулав.
Сэтгэгдэл ( 0 )