Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны тавьсан саналын дагуу 298 сая төгрөгийн өртөг бүхий “CISCO” брэндийн зайн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжийн төсөлд хамрагдсан Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгууд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, түүний харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвд суурилуулсан бөгөөд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Энэхүү тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулснаар орон нутагт явахгүйгээр төвөөс хурал, сургалт семинар зохион байгуулж зардал хэмнэх, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй орон нутгийн мэргэжилтнүүдийг байнгын мэдээ, мэдээлэл, арга зүйгээр хангахад нь дэмжлэг үзүүлэх, зайны сургалтын тогтолцоог бүрдүүлэх, байглийн гамшиг, гэнэтийн тохиолдолд цаг алдалгүй орон нутагтай холбогдох, нэвтрүүлэх үйлчилгээг бэхжүүлэхэд ач холбогдолтой болж байгаа аж.
Арга хэмжээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Цогтгэрэл, ҮХААЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар болон Япон улсын ЭСЯамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ичимото Шёоичи, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ивай Ацүмү, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын Үндэсний холбооны төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол улсын Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, Япон улсын тэргүүн туршлага, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх экстейншиний тогтолцоог бэхжүүлэх” төсөл 2010 оноос эхлэн ҮХААЯ, ХААҮШУОНТ, төвийн бүсийн 6 аймаг 14 суманд хэрэгжиж байна.
2006-2009 оны хооронд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх” төслийн үр дүнд Монгол орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал аж ахуй, газар тариалан хослон эрхлэх боломжтой гэдэг нь тодорхой болсон юм. Иймд цаашид уг төслийн үр дүнг бататгах, түгээн дэлгэрүүлэх шаардлага гарч иржээ.
“Мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуйг хөгжүүлэх экстейншиний тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн экстейншиний мэргэжилтэн нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхээс гадна төслийн хүрээнд 2010 онд 14 сургалтыг зохион байгуулж, 445 хүнийг, 2011 онд 16 сургалтыг зохион байгуулж, 570 орчим хүнийг, 2012 онд 28 сургалтыг зохион байгуулж, 1436 - 2608 хүнийг хамруулав. Мөн Япон улсад дөрвөн удаа сургалт зохион байгуулж 35 хүнийг хамруулан Япон улсын хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний хөгжил, хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинэ техник технологийн талаар танилцаж туршлага судалсан.
Уг төслийн хүрээнд хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхээс гадна хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, технологийн талаар мэдээлэл бүхий “Технологи нэвтрүүлэх гарын авлага” товхимолыг гурван удаа 3000 ширхэгийг хэвлүүлэн УИХ-ын гишүүд, ҮХААЯ, түүний харьяа байгууллагууд, ХААИС, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, 21 аймгийн ХХААЖДҮГ, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвүүд болон аж ахуй эрхлэгчид, фермерүүдэд хүргүүлэн ашиглаж байна. Төсөлд хамрагдсан аймаг, сумдын Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвүүдэд комьпютер, интернетийн модем бусад шаардлагатай сургалтын 137.1 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсэн нь орон нутагт хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ орууллаа.
Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, орон нутгаас ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Япон Улсаас 18 богино хугацааны зөвлөх мэргэжилтэн тухайн бүс нутагт очиж аж ахуйн нэгжийн эзэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, шинээр аж ахуй эрхлэхийг хүсч буй хүмүүст газар дээр нь зөвлөгөө өгч, холбогдох сургалт зохион байгуулсан нь Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулсан оюуны хөрөнгө оруулалт гэж үзэж байна.
Монголын талаас уг төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв ажиллаж байна. Уг төв нь Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумдын иргэд, аж ахуйн нэгжид хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, технологийн чиглэлээр сургалт, талбайн үзүүлэх сургалт зохион байгуулах, төсөл, хөтөлбөр, бизнес төлөвлөгөө боловсруулах, зөвлөгөө өгөх, технологийн сонголт ба технологийн түвшний үнэлгээ хийх, шинэ технологийг нэвтрүүлэхэд зуучлах, нутагшуулах, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага аж.
Сэтгэгдэл ( 0 )