Нэг нэгийгээ түшиж явах ёстой, санхүүгийн системийн иж бүрдэл гэж болох банкны тогтолцоо, хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны арилжаа, даатгалын тогтолцоо гурвын харилцаа хамааралд нааштай үр дүн дагуулах тухай яриа Сү.Батболдын тэргүүлж асан Засгийн газрын үед илүү жинтэй яригдаж байж. Өндөр хөгжилтэй орнуудын бизнесийн санхүүжилтийн 50 хувь нь хөрөнгийн зах зээлээс бүрддэг байхад манайх эсрэгээрээ 4-5 хувьд л хэлбэлзэж байдаг. Харин мөнгө хүүлж мөнгө олохын тулд зүрх нь цохилж байдаг банкны систем нь санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын 95-96 хувийг бүрдүүлж ирсэн гэхээр бизнес эрхлэгчид шаардлагатай хөрөнгө оруулалтынхаа 90 гаруй хувийг арилжааны банкны хүүтэй зээлээр босгож, банкуудын тогтворгүй байдлыг даган зүдэрч ирсэн дүр зурагтай.
Тиймээс ч арван онд хөрөнгийн зах зээлийг хөгжлийн хөшүүрэг гэж тодотгоод ирэх үед нь төдийгөөс тэр хүртэл доголон явж ирсэн эрүүл бус санхүүгийн системд илаарших цаг айсуй гэж харсансан. Тэгээд Лондонгийн биржтэй хамтран ажиллаад, технологийн талын асуудлуудаа шийдвэрлээд ирэхэд нь бүр ч илүү найдлага төрсөн. Гэтэл яав. Хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоод өгчих учиртай хууль батлагчид дүлий дүмбэ царайлаад өнөөдрийг хүрэв. Өнгөрсөн засгийн үед Ц.Нямдорж сайдын толгойлж асан Хууль зүйн яамны босгыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл давсан дуулдаж байсан. Тэндээс чухам хаачсан бэ? Хэрэв Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэ төсөл жинхэнэ хууль болчихвол:
-Компани МХБ дээр болон гадаадын бирж дээр давхар бүртгүүлэх боломжтой болох;
-Хадгаламжийн бичиг болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг (derivatives) арилжих боломжтой болох;
-Компанийн мэдээлэл илүү нээлттэй, ил тод болох.
-Төлбөр тооцооны систем, үнэт цаасны бүртгэл, арилжаа, болон хөрөнгийн зах зээлд оролцогчдыг илүү боловсронгуй дүрэм журмаар зохицуулах зэрэг ач холбогдол өндөр гэдгийг МХБ-ээс учирлаж буй. Бодлого нь ийм маягаар гарчихаад байхад шийдвэр гаргагчид нь гэдийгээд байдаг. Эрүүл утгаар нь харахад хэчнээн зөв бодлого байлаа гээд улстөр гэдэг заваарсан шүүлтүүрийн өмнө ирэхээрээ хүчин мөхөстдөг муу жишиг газар авчээ. Ер нь энэ янзаараа манай санхүүгийн систем дэх банкны салбарын “голланд өвчин” –ний хэв маягтай замналд цэг тавигдах арга зам байна уу? гэдэг асуултад итгэлтэй хариулах арга алга байна.
Уг нь бидний нутаг дахь орд газруудад тусгай зөвшөөрөл эзэмшдэг гадаадын 30 гаруй компани олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гарган ам.долларыг тэрбум тэрбумаар нь босгоод ирсэн байхад баялгийн эзэн нэртэй бид тэндээс хүртэж байгаа нь юу байна вэ. Зүй нь гадны компаниудын оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтын багахан хэсгийг өөрсдөдөө наах гэж зүдрэхийн цаана тэдний хувьцааны 10 юм уу тодорхой хувийг дотоодын бирж дээрээ арилжаалах нөхцлийг хуулийн дагуу бүрдүүлэх ёстой.
Гэтэл манай хөрөнгийн захыг харахад гадных байтугай дотоодын хэдэн томоохон компани нь ч Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийдэггүй. Дотоодын бирж нь ядруу болохоор тэд гадны биржүүд рүү л гарахыг эрмэлзэж байдаг. Ерөөс хөрөнгийн зах зээлээс хөлжих боломжийг аж ахуйн нэгж, компаниудад хуулийн дагуу олгож чадах субьект нь төр. Төр үүн дээр мэдлэгтэй, мэдээлэлтэй, санаачлагатай байгаад зохицуулалт хийж ирсэн бол нөхцөл байдал өөр байж болмоор.
Хэрэв хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг явуулдаг, хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллагууд нэгдсэн сүлжээ маягийн бүтцээр ажиллаж, өмнө нь яриад байсанчлан төрийн өмчит томоохон компаниудаа хөрөнгийн бирж дээр гаргаж, мөнгө босгож томоохон төслүүдээ санхүүжүүлж төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжоо ашигласан бол цөөнгүй асуудал шийдэгдэх байсан ч юм билүү. Бид төрийн өмчийн гэдэг ойлголтод хандах хандлагаа бас нэг талаас эрүүлжүүлмээр харагддаг. Хувьцаа гаргалаа гээд гадныхан бүгдийг нь худалдаж аваад бид колони улс болоод үлдчих юм шиг харах нь зохисгүй. Манай өмнөд хөршийн төрийн өмчит олон компани хувьцаагаа олон улсын биржүүд дээр арилжаалж, өдөр тутам ихээхэн ашиг олж байна шүү дээ.
Ерөөс бидэнд хөрөнгийн зах зээлийн гадаад, дотоод аль аль сувгийн хөгжил хэрэгтэй байна. Уг нь Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэх зэрэг дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц томоохон төсөл, аж ахуй нэгжүүдийн хувьцааг олон улсын болон дотоодын бирж дээр шууд гарган арилжаалах нөхцлийг бид хуульчлан олгох ёстой. Стратегийн ордуудаа түшиглэн монголын “хувьцаат компани”-уудыг байгуулж, хувьцаагаа жинхэнэ эзэн хүн шиг эзэгнэж, дэлхийн хөрөнгийн биржүүд дээр өндөр үнээр арилжих боломж бий. Гэтэл мөнөөх л улстөрчид эсрэг зүйл яриад, хийгээд байх юм.
Ямартаа л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэ төсөлд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 5.6-д заасан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэсэн заалтыг хасчихсан байгаа юм. Уг нь хөрөнгийн захаа хөгжүүлье л гэж байгаа бол заавал Стратегийн гэж авч үзэлгүй манай баялгаар барьцаа хийн хөрөнгө босгож байгаа гадны компаниудын хувьцааг ч дотооддоо арилжаалахаар зохицуулалт хийх ёстой байтал, бүр ингээд орхичихож байгаа нь анхаарал татаж буй юм.
Тэгээд хувьцаатай холбоотой асуудлыг “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиар зохицуулна” гэсэн байна. Тус хуулийн хувьцаатай холбоотой хэсгийг аваад үзэхэд:
8.1.Гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанийн хувьцааны таваас энэ хуулийн 6.1.1-д заасан хувь хүртэлх хувьцааг олж авсан талаарх болон 6.1.7-д заасан нөхцөл байдлын талаар Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 30 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.
8.2.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор энэ хуулийн 4.1, 4.2-т заасан этгээд Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээрээ дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанийн хувьцааны тав болон түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа тухай мэдээллийг ирүүлнэ.” гэсэн л заалтууд байна.
Тэгэхээр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэсэн заалт бүрмөсөн хасагдаж болзошгүй аж.
Дашрамд өгүүлэхэд, 10-аас доошгүй хувийг арилжаалах тухай хуулийн энэ заалт зөвхөн Оюутолгой дээр хэрэгждэггүй юм. Гэсэн мөртлөө Канадын Хан ресурсыг гаргахдаа энэ заалтыг зөрчсөн гэж буруутгаж байсан юмдаг. Ямартай ч манай тал Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монгол Улсын хэд хэдэн хуулийн заалтыг үгүйсгэсний нэг нь энэ мөн. Хэдийгээр Оюутолгой ХХК хувьцаа арилждаггүй, хаалттай компани гэдгээрээ халхавчлах ч Оюутолгой орд бол стратегийнх. Түүнчлэн нэг талаас манайхан өөрсдөө хуулиа сахидаг, Монголын хөрөнгийн биржид, дотоодод 10 хувийг арилжаалах боломж, эрхзүйн орчныг нь бүрдүүлсэн байсан бол гэх асуулт гарч ирж байна. Гэтэл шинэ хуулийн төслийг харахад тэр боломж бүр хаагдах нь.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )