Манай тал нефтийн асуудлаа нааштай шийдвэрлэхийн тулд Оросын талд гурван санал тавиад байгааг өмнө нь мэдээлсэн. Саналыг эргэн сануулахад “Роснефть компанийн бүтээгдэхүүний үнэ экспортын татвар болон дэлхийн зах зээлийн үнэтэй уялдахгүй байна” тиймээс эргэн хараач ээ гэж хүссэн.
Дараагийнх нь “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг шинэчилж уг гэрээнд үнийг 6 сарын хугацаанд тогтвортой байлгах, санхүүгийн хэрэгсэл /форвард, фьючерс, хеджинг/ ашигласан гэрээ байгуулах талаар санал тавьсан.
Мөн Боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой “Роснефть” компанитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, 2 сая тонн газрын тос худалдан авах боломжтой эсэх саналыг Роснефть компанид тавьж цаадуул нь газрын тосны бүтээгдэхүүний үнээ эргэж харах болно, бусад асуудлыг судалж хариу өгнө гээд манай нөхдүүдийг буцаасан. Тиймээс нааштай хариу хүлээж байгаа.
Гэтэл монополь байдлаа насаараа хадгалахыг эрмэлздэг Оросуудын байр суурь дотооддоо тунчиг “зэвүүн” байна. Ямартаа л “Монгол Улс Оросын болон “Роснефть”-ийн монопольчлолыг яаж ганхуулах вэ гэдгийг эртнээс ярьж байгаа. Хятад улсаас нефть нийлүүлэх хувилбарыг авч үзэж байгаа юм. Гэтэл тэд өөрсдөө Орос Улсаас нефть импортлодог юм. Монгол Улстай хил залгадаггүй ч гэсэн ойр байдаг, нефть идэвхитэй экспортлож байгаа Казахстан улсын тухай ярьж байна. Энэ тохиолдолд дамжин өнгөрөх асуудал урган гарч байгаа ба оросын нефтиэс хямд тусах нь юу л бол. Ойрхи Дорнодын улсуудтай хамтран ажиллах асуудал мөн л ийм шалтгаанаар унтарсан юм” хэмээн Буриадын Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Владимир Родионов гэх нөхөр ярьсан байна.
Харин Павел Строков гэх шинжээч хэлэхдээ “Монгол Улсын нефтийн орд газрууд нь гол төлөв Зүүн баян, Матад сумдын нутагт байдаг ба түүнийг хятадын компаниуд эзэмшдэг юм. Монголчууд өөрийнхөө нефтийг ашигладаггүй бөгөөд түүхий чигээр нь Хятадад экспортлодог юм. Япон улс нефть боловсруулах үйлдвэр барих, өөрийн мэргэжилтнүүдээ явуулах, техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр туслах хүсэлтээ монголчуудад санал болгоод байна. Иймэрхүү хүсэлтийг америкчууд болон Азийн хөгжлийн банк, ОУВС зэрэг янз бүрийн олон улсын бүтцүүд гаргаад байна гэжээ. Цаашлаад энэ бол ирээдүйн асуудал юм. Одоохондоо Монгол улсын нефтийн хэрэгцээг Орос Улс л хангаж байгаа юм. Монгол Улсад нефть нийлүүлдэг үндсэн компани бол “Роснефть” юм. Сүүлийн үед монголын засгийн газар нефтийн чиглэл дэх оросын түншүүдийнхээ нэрсийн жагсаалтыг нэмэгдүүлэхээр оролдож байна” гэсэн байх юм.
Өдгөө ОХУ-аас манайд нийлүүлж байгаа нефтийн бүтээгдэхүүний 85 хувийг “Роснефть”, “ТНК-ВР”, “Башнефть” гэсэн гурван компани эзлэж байгаа аж. Гэхдээ 75 хувь нь “Роснефть” компанид ногдож байна. Учир “Роснефть” компанийн НБЗ-ууд нь манайд ойр Ангарск, Ачинск хотуудад байрладаг учир тэд тэргүүлж байгаа гэж буй. Түүнчлэн манай улсыг ойрын жилүүдэд оросын монополиос хэсэгчлэн гарах боломж байхгүй. Оросын нефтийг өөрийн нефтиэрээ солих нь юу л бол. Үүний тулд олон жил шаардлагатай. Тэгээд ч тус улсын “хар алтны” хэрэгцээ зөвхөн нэмэгдэх бөгөөд 2015 он гэхэд жилд 1,5 сая тонн болно гэсэн тооцоо байгаа хэмээн Оросын шинжээчид бичиж байна.
Тэгэхээр арвантав, арванзургаан он гэхэд тос боловсруулах үйлдвэртэй болно гэж төлөвлөж буй манай улсын гэгээлэг төлөвлөгөөг хойд хөршийн шинжээчид ийм маягаар даажинтай харж байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )