Харьцангуй хямд орон сууцтай болох боломж бий талаар О.Магнай, А.Гантулга хоёр хэвлэлийнхэнд дуулгаж, хэвлэлийнхэн бид олон нийтдээ дамжуулаад буй. Ер нь бол олон нийтийн хувьд таатай мэдээ л дээ. Дарга нар итгэлтэй дуугаар хэлж яриад л, нээрээ ч буучихвал сайхан даа гэсэн хүлээлтийн давалгаа улам ширүүсэхтэй зэрэгцээд цөөнгүй асуудал яригдаж таарна. Мөн нөгөө талд хийхээсээ өмнө хамаагүй ярьж, нийгэмд хүлээлт үүсгэчихээд, ярьснаа цаасан дээр нь мөнхөлчих вий гэх нь ч байна. С.Дэмбэрэл гишүүний хувьд нийгэмд ингэж хүлээлт бий болгохын эсрэг байр суурьтай байгаа аж. Түүний үзэж буйгаар байрны метр квадратын үнийг 1 саяд барих шийдвэрийг О.Магнайгийн байгууллага ч гаргадаг эд биш бөгөөд нарийн схемчилсэн төлөвлөгөө нь гарч салбарын яам, Эдийн засгийн хөгжлийн яам УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо зэрэг шат дараалсан газруудаараа дамжиж, санхүүгийн болон бодлогын эрх зүйн баримт бичгүүд нь иж бүрнээрээ гарч байж сая ажил болох учиртай гэнэ. Гэтэл юу юу ч болоогүй байхад их хүлээлтийг нийгэмд үүсгээд эхлэх нь сөрөг хүлээлт болон хувирч, эсрэгээрээ байрны үнэ ч нэмэгдэх магадлалтай гэж байна. Ер нь бол болгоомжтой дуугарах хэрэгтэй л гээд байна л даа.
Иргэд өндөр үнэтэй сууцанд орж дийлэхгүй байгаа нь гол үнэн. Тиймээс төрөөс үүнд зохицуулалтыг хийхээс өөр гарц алга байгаа. Ер нь зөвхөн манайд биш бусад улс орны хувьд ч газрын өртөг, барилгын материалын үнэ, дэд бүтэц, угсралтын зардал зэрэг нь барилгын үнэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлүүд байдгийг судалгаанаас харж болно. 2009 оны байдлаар аваад үзэхэд манай улсад орон сууцны борлуулалтын үнийн 22.1 хувийг газрын өртөг, 61 хувийг барилга, угсралт, 1.9 хувийг санхүүжилт, 3 хувийг үйл ажиллагаа, 0.5 хувийг маркетингийн зардал бүрдүүлж байсан бол АНУ-д орон сууцны борлуулалтын үнэд газар 20.3 хувь, барилга, угсралт 58.9 хувь, санхүүжилт 1.7 хувь, үйл ажиллагаа 5.4 хувь, маркетинг 1.4 хувийг эзэлсэн тооцоо байх юм. Тэгэхээр харьцангуй ойрхон тооцоолол гэж болох юм. Байрны үнэ улам бүр нэмэгдэж байгаа манай тухайд үнийг өсгөхөд хүргэж байгаа гол нөлөөллүүдтэй тулж ажиллах шаардлага бий. Түүнчлэн ОССК болон ШӨХТГ-аас өгч буй мэдээллийг харахад орон сууцны үнийн талаар өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн судалгаа явуулсан бөгөөд уг судалгааг бүх аймаг орон нутаг болон нийслэлийн хэмжээнд гаргажээ. Төр засгийн хувьд өмнө нь орон сууц худалдан авахад иргэдэд хөнгөлөлт зээл олгож байсан бол өнөөдрөөс барилгын компаниудад Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл олгоно гэж байна. Ингэснээр нийлүүлэлт нэмэгдэж хямдхан буюу Нийслэл хотод байрны үнэ нэг метр кв нь 1 сая төгрөгөөр худалдаалах боломжтой болж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл барилгын материалын суурь үнийн судалгааг хийж үзэхэд дээрх үнэ боломжтой бөгөөд БХБЯ болон барилгын компаниудын хооронд орон сууцны үнийг нэг м.кв-ын үнийг 1 саяас доош байна гэсэн гэрээ хийх гэнэ.
ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Нью-Йоркод хамгийн тансаг дүүргийн байр м.кв нь 6000-7000 ам.доллар байхад, Улаанбаатарт шороон дунд 5000 ам.долларын үнэтэй байр байна гэдэг бол зүгээр “хөөс” байсан. Одоо энэ “хөөс” хагарна, бодитой үнэ тогтоно. Судалгааны үр дүн ийм гарлаа гээд өнөө маргаашгүй үнэ буучихгүй нь мэдээж. Манайхаас очоод үнээ буулга гэх ч эрх зүйн үндэс байхгүй. Харин хямдхан орон сууцнууд ашиглалтад ороод ирэхээр үнэ аяндаа буурах нь зах зээлийн жам гэж байгаа бол ОССК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга:
-Орон сууцны үнийг тогтворжуулах төслийг иргэд “үлгэр” мэт хүлээж аваад байна. Энэ бол “үлгэр” биш. Одоо ажил хэрэг болох гэж байна. Үүний тод жишээ нь ОССК-аас барьж буй “Буянт-Ухаа” хорооллын эхний ээлж бөгөөд нэг м.кв нь 950 мянган төгрөгний үнэтэй. 28 ширхэг есөн давхар, 1764 айлын энэ орон сууцны эхний ээлж есдүгээр сард ашиглалтанд орж Засгийн бодлого явж байгааг ойлгох хэрэгтэй гэж байгаа.
Ямартай ч газар олдохоо байж, үнэд орсон, нийслэлийн цахилгаан, ус, дулаан, холбоо, зам гээд дэд бүтцийн хүрэлцээ, хүртээмж буурсаар байгаа энэ үед арга хэмжээ авахгүй зөнд нь орхивол уул уурхайн салбараа даган дотоодын эдийн засийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байгаа ирэх жилүүдэд орон сууцны үнэ метр квадрат нь 2500-4000 ам.долларт хүртэл хөөсрөн нэмэгдэх магадлал өндөр гэх ч мэргэжилтнүүд байна. Энд дахиад л байрны үнэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд тус бүртээ тухайлсан арга хэмжээ авах тухай яригдаж байна.
Тэрчлэн Барилга, хот байгуулалтын яам Монголбанктай хамтран баталсан “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд юуны түрүүнд орон сууцны үнийг бууруулахын тулд газрыг үнэгүй болгох, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана гэсэн. Тэрийгээ ажил болгох шаардлага байна. С.Дэмбэрэл гишүүний хэлсэнчлэн О.Магнайгийн байгууллага хийж дийлэхгүй нь тодорхой ч, боломжтой зүйлсийг нь хамтын байдлаар шийдвэрлэх ёстой гэсэн үг. Түүнчлэн орон сууц барих дэд бүтцийг төрөөс шийдэх тухайд анхаарах ёстой. Цаашлаад барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 370 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн нь ч бас жаахан найдвар дагуулж буй. Моргейжийн зээлд зориулж 800 орчим тэрбум төгрөг ч гаргах тухай яригдаж байгаа. Тэгэхээр байрны үнийг тэнгэрт хадахад хүргэдэг асуудлууд дээр төрийн зүгээс зохицуулалт хийх шаардлагатай. Ярьснаа хэрэгжүүлэхийн тулд бусад эрх зүйн бичиг баримтаа ч батлах ёстой юм.
Тэгвэл барилгын салбар дахь төрийн оролцоонд шүүмжлэлтэй хандах талууд ч байна. Тухайлбал, МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд өөрийн бодлоо хуваалцсан байна. Тэр хэлэхдээ “асуудлыг ард түмэнд таалагдах талаас нь шийдэх бус нийтлэг эрх ашгийн үүднээс болон, засгийн шийдвэрээс гарах нийгэм эдийн засаг, улс төр аюулгүй байдлын үр дагаварыг ядаж тооцох гэж оролдох хэрэгтэй л дээ. Хямд орон сууц гэдэг үнэхээр чухал асуудал мэт боловч барьсны дараах нийгэм эдийн засгийн асуудлыг тооцох ёстой. Үнэгүй юм хямд юм чанар нэмэгдэл зардал байнга дагуулж байдгийг биднээс өмнө суурьшсан ард түмнүүдийн туршлага өөрөө хэлнэ. Францид хямд өртөгтэй орон сууцны дүүрэг бага орлоготой болон эмигрантуудад зориулж барьсан нь сүүлдээ коммунальный зардалаа төлж чадахгүй ток, ус цахилгаанаа хаалгуулсан ба уг дүүрэг хулгай дээрэм хүчирхийллийн гамшигийн бүс болон хувирсан. Улмаар цагдаа хүч хүрэхээ больж байсан түүх бий. Ийм түүх олон бий дээ. ӨАБНУ-ын жишээ ч байна.
Хот маань ачааллаа дийлэхээ больж байна. Цэвэр усны хангамж асар том проблем дагуулахаар байна. Дээр нь инженерийн шугам сүлжээ гол төлөв 70,80-аад онд хийгдсэн ба моралийн элдэгдэлд ороод зогсохгүй цэвэр усны хоолойгоор дамжин айлуудад очиж байгаа усан дахь төмрийн хэмжээ болон бусад үзүүлэлт ундны ус гэхээсээ хор болон хувирсан байдалтай байгаа шүү дээ. Дээр нь цэвэрлэх байгууламж, дулаан цахилгаан хангамж доголдох цаашлаад бүх хотоороо хямрах байдал бий болгоно. Тэрний оронд нийслэлээсээ гарган суурьшуулах арга ухаан сийлэх хэрэгтэй байх. Хөдөө орон нутагт бэлэн мөнгөний урсгал бий болгох бизнесийн орчин бүрдүүлэх тэнд сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн байгууламжийг цогцоор нь барих түүний дэд бүтцийг бий болгоход төр анхаарлаа хандуулах хэрэгтэй санагдах юм.Ард иргэдээ нэг хэсэг бэлэн мөнгө тарааж балласан. Одоо хямд орон сууц үнэгүй шахам барьж өгөх юм гэнэ дээ. Түүний оронд орлоготой ажлын байртай болгоход илүү анхаарвал хүмүүс өөрсдөө асуудлаа шийдчихэж дөнгөх байх аа. Орлоготой болгоно гэдэг нь зүгээр хувьцаа эзэмшүүлэх мэтийн арга бол мэдээж биш. Ажил хөдөлмөр хийж орлого олуулах тухай л ярьж байгаа хэрэг” гэсэн байна.
Ер нь бол барилгын салбарт үнэхээр хувьсгалын салхи үлээж, “хөөс” хагарч, “үлгэр” жаргах уу? гэдгийг иргэд бүгдээрээ хүлээн, харж байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )