Олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий Стандарт энд Пүүрс, Фитч, Мүүдийз гэсэн рейтингийн 3 топ компанийн тогтоодог зээлжих зэрэглэлийн үнэлгээнд хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгэдэг. Тэгвэл тэдэнд бүрэн итгэж болохгүйг илтгэсэн мэдээллүүд гарах болсон билээ. Тухайлбал, энэ сар гарсаар АНУ-ын Засгийн газар Стандарт энд Пүүрс компанийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байна. Үндэслэл нь, Стандарт энд Пүүрсийн тогтоосон үнэлгээ хуурамч байсан гэж үзэж буй аж. Тодруулбал, 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал эхлэх үеэр АНУ-ын орон сууцны зах зээлийн уналтын гол шалтгаан болох эрсдэл өндөр бүхий subprime mortgage-аар баталгаажуулсан үнэт цаасыг Стандарт энд Пүүрс компанийн зүгээс AAA буюу хөрөнгө оруулалтын /хамгийн эрсдэл багатай/ зэрэглэлээр ангилж, хөрөнгө оруулагчдад буруу ташаа мэдээлэл өгсөн гэж буруутгаж байна. Тэгэхээр Холбооны шүүх хэрхэн шийдвэрлэхийг харах хэрэгтэй болж байна. Мөн хөрөнгө оруулагчдын итгэл ганхахтай зэрэгцээд итгэл төрүүлэхүйц өөр хүчин зүйлсийн эрэлд гарна гэсэн үг юм.
Ямартай ч манай тухайд Стандарт энд Пүүрс-ээс BB- “тогтвортой” гэсэн үнэлгээ авсан бол Мүүдийз / B1 “тогтвортой”/, Фитч / B+ “тогтвортой”/ гэсэн үнэлгээнүүдийг манайд өгсөн байгаа.
Эдгээр байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг дараах байдлаар тодорхойлсон юм.
-Улс төрийн тодорхой бус байдал,
-Банкны салбарт доголдол үүсч болзошгүй байдал /Банкны салбарын хэмжээнд зээл хэт хурдацтайгаар өсч байгаа нь зээлийн чанарын эрсдэлийг дагуулж байна/,
-Төсвийн зардлыг хэт өсгөх, эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг хэрэгжүүлж буй явдал /Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бодитоор хэрэгжиж эхлээгүй/,
-Гаднаас хэт хараат эдийн засгийн бүтэцтэй /экспортын орлого буурч, гадаад тэнцвэргүй байдал үүсэх эрсдэл өндөр/,
-Улсын гадаад өр хэт их хурдацтайгаар өсөх хандлагатай /төсвийн гадуур Засгийн газрын шууд баталгаатайгаар Хөгжлийн банк 600 сая ам.долларын үнэт цаас гаргасан болон дахин 1.5-2.0 тэрбум ам.долларын ЗГ-ын бонд гаргахаар төлөвлөж байгаа/,
Валютын ханшийн тогтворгүй байдал болон ханшийн эрсдэлээс үүсэх эдийн засаг, санхүүгийн эрсдэл зэргийг авч үзсэн байгаа.
Харин өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаад мөнгө олоод ирчихсэн байгааг энд тодотгох нь зөв биз ээ.
За харин зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэхийн тулд:
-Эдийн засгийн халалт үүсч болзошгүй эдийн засгийн эрсдэлийг хаах бодлогын орчинг сайжруулах,
-Эдийн засгийн мөчлөгөөс хараат бус/мөчлөгийн эсрэг бодлого хэрэгжүүлэх,
- “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг тууштай дагаж мөрдөх, төсвийг экспортын бүтээгдэхүүний үнийн бууралтаас хамгаалах,
-Уул уурхайн салбараас орж ирэх их хэмжээний орлогыг зөв зохистой зарцуулах тогтолцоог бүрдүүлэх,
-Гадны нөхцөл байдлаас хэт хараат, савалгаа ихтэй жижиг эдийн засгийн хараат байдлыг багасган тогтворжуулах, төрөлжүүлэх,
-Хөгжлийн банкны бие даасан, хараат бус байдлыг сайжруулах
-Инфляцийг нэг оронтой хэмжээ рүү буулгах,
-Гадаад тэнцлээ сайжруулах, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар эдийн засгийг гадаад цочролоос хамгаалах гэхчлэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн.
Тэгэхээр дэлхий дахины санхүүгийн хямралыг өдөөхөд гар, бие оролцсон байж болзошгүй рейтингийн компанийн зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар хандах эсэхээ манай нөхдүүд ойлгож буй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )