Элгэн хүрэний домог

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 16

Адуучин аавын хүү билээ
Агтны тоосонд өссөн билээ би... раажаваар багад ийн дуулах.
Та энэ дуунд гардаг шиг адуучин байхгүй яасийм гэж
Тэгсэн бол би дандаа адууны хажууд байхгүй юу
Балчирхан би мурчигнах, аав шоолон өхөөрдөх, бүдэг бадаг санагдана.
Сумын доктор ажилтай аав маань
Сумын наадмын морь дагах үүрэгтэй байсан
Сундалж ар дээр нь мотциклтэй дагасаар
Суран жолоо алдуурам хурдлах морьдын тоосонд булуулсаар
Би хурдан моринд дуртай болсон.
Мэдээ ороход л миний хажууд хүлэг үүрсэж байсан
Ухаан сууж эхлэхэд л миний дэргэд хүлэг эвшээж байсан

Жаалхүү яг юунаас болоод тэгж гэнэдсэнээ хожим нээх тод санадаггүй юм. Магадгүй тэрнээс өмнө ч хойно ч тиймэрхүү явдал бишгүй тохиолдсоных биз. Уг нь тогтоол нуурын усны бараа харсан хонин сүрэг уруудуу газар хуйлран гүйлдэж, хойноос нь нөгөө хайртай зээрэн шилбэт цэгзгэр цэгээн даагаа унан дэргэж явжээ. Гэвч нөгөө даага гэнэдүүлдэгээрээ гэнэдүүлж нэг мэдэхэд л жаалхүүг холби бусган газар үрчүүлж орхиод ямбий эмээлийнх нь сармайсан гөлөмийг дэрвүүлэн алга болжээ. Нүүрнийх нь нэг тал зулга улаан болжээ. Удахгүй хичээл цуглаж аймгийн төв буцах гэж байдаг муухай юм боллоо хэмээн хүү дэмий л шогшров. Магадгүй ангийнханаа санаад яарсан сэтгэлдээ санаандгүй давираад унаагаа цочоочихвуу яав. Гэсэн хир нь дотроо олон л даага сургасан, унаашруулсан, энэ цэгээн онцгой догшин омголон амьтан юмаа, сарваанаас ингэж унах гэж мөн ч ширүүн хөлтэй шүү гэж бахархмар аядаж явган сажиллаа. Жаалхүү багаас адуунд дуртай одонд төрсөн амьтан. Эхлээд Зундуйн Доржийн Эрдэнэ Засгийн Унага-ийг уншаад нэг хэсэг сайхан загал морьтой болоод олон наадамд завсаргүй түрүүлэхийг, дараа нь Балжирийн Догмидын Ус уухын заяаг цээжлээд Саран дэвсгэртэй гал тамгатай сайхан шарга ажнай болон төрж ухаант амьтсын нүдийг уяралын нулимсаар дүүргэсэн хийсвэр түүхийг сэтгэлдээ дүрслэх мэтийн хүлэг моринд дурласан хүүхэд. Хүү зээрэн шилбэт даагатайгаа зунжин хонь мал эргүүлж явахдаа хүний хэл мэдэхгүй ч ихийг ярина. – Чи уг нь хүйс нь солигдож төрөөгүй бол тэр тусгай цэвэрхэн уяан дээр салхи сөрөн удахгүй болох наадамыг үзэхээр зүүрмэглэн зогсохгүй юу. Мөн ч хурдан амьтан даа чи. Удам ч гэж аргагүй л бий дээ. Даанч... гэх мэтээр. Унааширвал унааширхаар, дасвал дасахаар хүү ихэнхдээ зээрэн шилбэтээ ойр зуур унавч, угаас омголон хурц удамтай амьтан зуны турш хүүг байн байн гэнэдүүлэн явгалсаар байгаа нь энэ. Баруун хажуугаас ухаа морьтой улаан хүрэн дээлтэй шилбүүр барьсан хүн дэргэн айсуй нь өвөө аав нь бололтой. Халуун наранд хонины араас явган сажилж байсан хүү улаан халцгай нүүрээ аль болох тод харуулахыг хичээн бас ч өрөвдүүлчих санаатай ойртон очвол, сийрсэн малгай үсийг нь мулзайтал хуссан дэнхэр толгойдоо хальтхан тавьсан дэлдэн бор өвгөн том алаг нүдээ эргэлдүүлэн – Унхиагүй гэдэг нь унаа уншин дээрээ аятайхан явж чадахгүй, нөгөө золиг нь эмээл гэдэсдээ аваад шуурч очоод гүүн зэл авхуулчихаагүй байгаа, алив араар сундал гэж ширүүлээд юун эвий халай болов...

Он цагийн урсгал нэгэнтээ эргэн харвал голын уснаас ч хурдан хуйлран одсон мэт алсран оджээ. Жаалхүү олоон жилийн дараа нутагтаа очоод өвөөгөө эргэн гэрт нь зочилж бурхандаа мөргөв. Ер хол гарч зөнөх тийшээ болсон өвөө нь хүүгээ сайн таньж буй эсэх нь ч үл мэдэгдэнэ. Гэр доторхыг эргүүлж тойруулан харвал яг л энэ амьдрал шиг олон зүйлс өөрчлөгдсөн ч, бас ш олон зүйл хэвээрээ байна. Жаазтай хүлэг морьдын зураг... Сүрэг адуу хуйлран одоход тэдний эрчит хөлөөр боссон шорооноос өлөн тоос бууж үлдэх мэт он цагын шуурганд үлдсэн дурсамжийн тоос хуйлран босох мэт сэтгэлд сэргэнэ...

Хөхөмдөг униар татсан талын дээгүүр шижэр шаргал туяа татуулах говь хээр нутагт өглөөний нар мандаж байлаа. Зуны ногоо униартсан эгэл бор толгодын дунд танан шигтгээ суулгасан мэт зэрэгцэн барьсан 3 гэрээс нилээд зайдуу цэрэвхэн газар чандмалан татсан урт морины уяа байх. Эртлэн босоод нүүрээ хальт мөлт угаасан болсон хэдэн банди тэрхүү уяаны шонгийн ойролцоо өглөөний наранд нүдээ гялбуулан наашлан асуй адуун сүрэг, түүнийг туун яваа уяж хоносон унааны үрээтэй хүдэр бор залууг харуулдан зогсоцгооно. Ямар учиртай хөвүүд тийн зогсоов гэвэл наадамд уяж буй хурдан хүлэгүүдээ адуунаас нь барьж уяхаар хүлээж буй нь тэр. Бусдаар тугал, хурга эргүүлэх, хонь үхэр билчээх бага сага ажил байсан бол жаалхүү мэтийн аймаг суурингийн тарагны тавиулууд бол юу гэж хар өглөөгүүр тэгж зогсох вэ, хөгшчүүлээс нуугдас гээд нэг газар дугжирч хэвтэх байсан нь лавтай. Жаалхүү мэдээ орсон цагаасаа шунан дурлах болсон хурдан морь уях ажилд хувь нэмэр оруулахаар бараг сайн дураараа шахуу тэгж зогсооно тэр. Хурдны морьдоо тэр жилээ анх барьж уяна гэдэг лав л тэртээх үед мөн ч лут их ажил болдог байжээ. Эхлээд хурдан морь уях газраа сонгож байгаад нутаг сэлгэн нүүнэ. Нагац ах /нэгдлийн малчин/, өвөө хоёр нь нутаг үзэж зөвлөлдөн хаана буух шийдвэрийг хэдэн өдөр болж байж гаргана. Шийдвэрт олон зүйл нөлөөлнө. Газрын гарц, билчээрийн боломж, уяж байгаа морины гэдэс зайлаад байхааргүй устай худаг ойр эсэх, тар хийх зурвас газар үлий бага байна уу, бас өмнө нь ямар жил ямар нутагт морио уяхад манай хүлгүүд хэрхэн хурдалсан түүхийн билэг дэмбэрэл зэрэг олон хүчин зүйлийг бодолцоно. Тэр үед бараг ганцхан долоон сарын 11,12 ны наадам л болдог байлаа . Одоо ч бараг наадамгүй өдөр ховордож, хурдан морь мэргэжлийн тамирчин шиг бүтэн жил формтой байдаг болж дээ. Юм цөөхөн байхдаа илүү үнэ цэнэтэй, илүү дурсамжтай, илүү бахархалтай түүх үлдээх ажээ. Хэт олширохоор зүгээр л зугаа цэнгэл, ааг омгорхол болж хувирч байна даа...

Шинэхэн сэлгэж буусан нутагтаа хурдан хүлгийнхээ уяа шонг босгож адуугаа багширтал хурааж ирэв. Шонгийн нүх ухах, хэц уяа додомдох зэрэг аар саар ажилд зарагдавч энэ нь хурдан морьтой холбоотой тул залхуу зан ихтэй ч жаалхүү их л уриалагхан шалмаг хөдөлнө. Нагац ах нь хувьдаа тэр үедээ л нилээд олон адуутай. 100 гаруй адуу лав байв. За тэгээд уяхаар болсон хурдан морио барих ажил эхэлнэ дээ. Энэ жилийн наадамд ямар ямар гээч хүлгүүдийг барьж уяхаар болсоныг тэр үед жаалхүү мэт нь мэдэхгүй таамаглах төдий зогсож байна, тэр бол нагац ахынх нь арзгар үстэй толгойд бүтэн жилийн турш бодож боловсруулсан төлөвлөгөөнд буй дархан эрх мэдэл.

Мэдээж урьд нь хурдан хурцаа баталсан ажнайнууд бол ямар нэгэн өвчин, бэртэл гэмтэл, наснаас хамаарсан зодог тайлалт болоогүй бол уягдахыг би байтугай бараг адгуус өөрсдөө ч мэднэ. Нагац ах нэгийн зэрэг сюрприз бол жаалхүүгийн хувьд заавал барьж, урьд нь уяж, хурдлуулж байгаагүй битүү адуу бас уяна. Бас наймаа панз их үсэргэдэг хүн тул худалдаж авсан танил бус хурдан буян ч бас уягдана. Бага насан дээр л жинхэнэ сонгон шалгаруулалт болно доо. Удам судар, бие галбир, өсөх ирээдүйгээрээ тэд шилэн сонгогдоно. Өөрийнхөө нэрний эсвэл дэмждэг хэдээс сонгогдоосой гэж битүүхэн горьдож зогсоно жаалхүү. Бас хоосонгүй өөрийнхөө хэмжээнд төлөвлөгөө боловсруулж, хөдөө ирсэн цагаасаа эхлэн дэмждэг үрээнүүдээ нагацдаа магтаж лобби нилээд хийнэ. Бага насны хэдэн үрээг бол бараг л ямар азарга яаж хийсэн, эхээс хэзээ төрсөн ямар унага байсан тэрнээс цаашихийг цээжээрээ мэдэх юм чинь өөртөө л бардам. Хурдан моринд хүндэдсэн тул тэднийг чинь даага сарваа байхаас нь унаашруулж сургаж, ааш занг нь авсан байгаа шүү дээ хүү.Түрүү жилийн наадмын дараа хөндүүрийг нь гаргаж тавьсан, намар өвөл бага шиг ажил хийхээс өөрөөр салхи л хөлгөлж явсан ажнайнуудыг барих гэж бөөн ажил болно. Хориод хүлэг шинэхэн уяандаа уячихаад, нөгөө хэд нь ижил сүргийнхээ хойноос тэмүүлж шон хуу татах шахам дүүхэлзэхийг харж, хангитал янцгаалдахийг сонсож, ойр хавиас цугласан морины хорхойтнуудыг тойруулан суугаа ахынхаа өвдгийг түшин үг алдахгүй сонсох гэж чих тавин, амандаа юуг ч юм гөвднөн уншиж, шон тойрон хазганах өвөөгийн унгитагсан арцны үнэр хамар цоргиод л...

Хаана хүрч дуусах нь мэдэгдэхгүй, хязгааргүй үргэлжлэх мэт сэтгэгдэл төрүүлэх тал хөндий, ижилхэн бор толгод дэрлэн хөвөрсөн, нүдний үзүүр алдрах алсад мяралзан үелзэх зэрэглээ нь нэг үе хязгааргүй хөх цэнхэр далай эс бөгөөс гайхамшигт үлгэрийн том хот ч юм шиг янз янз болж харагдах хөдөө нутгийг шороон замаар нэгэн япон автомашин чийг авалгүй удаад үлээхэд л үргэж алга болоход бэлэн хуурай шороог ёстой л тэнгэрт тултал хуйлруулан тоос татуулж, хурд мэдэн давхиж явна. Уг машины жолоог барьсан гуч гаруй насны залуу хотоос гарч давхисаар, хүний нутагт хэдэн малынхаа аяыг даган отор нүүдэл хийж яваа нагацынхаа хүүгийнд очвоо. Олон жил гадаадад байсан жаалхүү том эр болоод нутагтаа очихоор яваа нь энэ. Тэр эндээ хоноглоод маргааш нь дүүгийн хамт нутгаа зорьж тэндэхийн овооны наадамд уясан морьдоо уралдуулж, хийморь цогоо сэргээхээр урьдчилан тохирсон байлаа. Сэнгэнэсэн сайхан айраг ууж, бас ганц нэг шилний бөглөө мулталж, ёстой л шавайгаа ханатал хууч хөөрч хонов. Өглөө эртлэн адуугаа авчирч унагануудаа уясан боловч уяж буй морьдыгоо барьж уяхыг төдий л төвдсөнгүй. Олон наадамд уралдаад онгойчихсон давхар уяаны морьд хүнээр бол ид ачааллаа аваад сэргэлтийн бэлтгэлдээ гарсан болохоор нь тэгэсгээд аажуухан барьж байгаа юм уу ухааны юм асуувал –Тийм нь ч тиймээ, гэхдээ л урьдынх шиг өглөө эртлэн барьж, аль болох орой тавиад байхад л цүндийтэл идчихээд байдаг үе байхгүй болсоон. Энэ газар дэлхийгээс гардаг ургадаг зүйл чинь өөр болсон. Ер нь таны мэддэг морины уяа шал өөр болсоон. Аль болох идэж л байг. Ингэсгээд уялая гээд дүү хүү нь инээвхийлнэ. Тэгэж байтал бүүр хачин юм болов. Билчээр лүү гарч яваа адуунаас хэдэн адуу тасран гэрийн гадаа ирж, хүний гар харан царайчлангуй зогсоцгоов. Уяж буй морьд нь гэнэ. Нэмэлт хоол болох хорголжин овъёосоо нэхэж байгаа нь тэр аж. Халуун зун ч хүйтэн өвөл ч тэжээж л байхгүй бол тамир суухаа байсаан. Газрын юм шал өөр болсон гэж түрүү танд хэлээ биз дээ гэж дүү нь тайлбарлана. Уа чааваас гэж, яачихсан хангай дэлхий , яачихсан Монгол заяа вэ. Сэтгэлд нь дүр зүс нь мөнхрөн үлдсэн, өнөө бол үс яс нь ч хаа байгааг үл мэдэх байхгүй болсон тэр сайхан аргамаг ажнайнууд луу минь хятад түмпэнтэй хангай газрын хорголжин тэжээл бариад ойртоод үзээрэй дээ. Зад тонгорч хангинтал үүрсчихээд их талынхаа зүг давхиж одох байсан бизээ. Нүдэнд нь нулимс бүрхэж, сэтгэлд гуниг хурав.

Хөрст газраасаа бас хүний гараас хооллосон хэдийгээ барьж уялаа. Дүү нь –Хүүе эхнэр нөгөө зүү, бишээ бүдүүн нь гээд нэг дуслын шилтэй тариа бариад авлаа. Хэн нэг хүн өвдөж зовоод эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болсон бус гэнэ. Харин морьддоо натри хлор витамин энэ тэр тарих юм гэнээ. Уяж буй хурдан хүлэг судас руугаа дуслын зүү шаалгачихаад хээв нэг зогсож байхыг харах бас л сонин. Үүрсээ нь чихэнд нь хоногшиж, төвөргөө нь сэтгэлд нүргэлэн үлдсэн нүдэнд нь хийморь цог бадарсан аргамагууд руу минь шилтэй ус, шивэх зүү бариад дөхөөд үзэл дээ, 10уул 20иолаа нийлж, 4 хөлийг нь хүлж, уруулийг нь цоровдож,чихдэж дарж байж л санасандаа хүрэх байх даа. Хааччихсан хуртай тэнгэр, Хааччихсан Монгол зун бэ. За за шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, орчин үетэйгээ хөл нийлэн алхаж, орон ахуйн өөрчлөлттэй зохицуулж буй нь энэ гэж тайвширихаас хэмээн бодном...

Жаалхүүг багад нэгэн өвөл нагац нь эмээгийнх нь ахын хүү болох нутаг усандаа нэртэй уяач ахаас /одоо бурханы оронд буй/ нь нэгэн удам сайт үрээ худалдаж авав. Угшил гарал нь Улсын наадамын морины цуваанд түрүүлж ирсэн хугацаа нь цаг минут секундтэйгээ рекорд амжилт болонтэмдэглэгдсэн агуу хурдан хүрэн азарганы угсаа гэнэ. Хол газраас зорьж их л явдал чирэгдэл болж авчирсан юм байх тэд. Ахад ч тэр үедээ чангахан үнээр өгсөн. Хожим өвөөг нь тэр хүрэн үрээ мундаг уурлуулахад - Энэ муу шир яг давхиж харагдаач /орчин үеийн хэллэгт хөрвүүлэв/ Муу сайн юмнууд /үрээг зарсан ахдүүгээ хэлж байгаам/ сайндаа ч биш адсага шиг ааштай болохоор нь далдруулсан юм гэж байж билээ. Тэр үрээ үнэхээр муухай ааштай, хожим гайгүй давхитлаа өвөөг нь мөн ч их уурлуулж , ахыг нь ч гэсэн их зовоосон аж. Азарга тавитал адуундаа явдаг морьдыг нэг нүдээр ч үзэхгүй бүгдийг нь тастаж хөөнө. Заримыг нь барьж урж тасдана. Ямартаа л нүдээ боолгуулж, цохон дээрээ үхрийн шагай зүүлгэж байхав. Эсвэл хэдэн гүүгээ хөөгөөд газрын гаваар орсон мэт алга болж эрэлд хатаана. Ах нь түүнийг 4 жил уяад давхиулж чадсангүй, юун наадамд сайн давхих урт богинийн сунгаанд хүртэл сүүл мушгиж нөгөө үнэтэй авсан эзэн, удам сайт үрээ хоёр олны доог болно. Тэгэвч нагац ах нь шантраагүй , уйгагүй ноцолдсоор байв. Жаалхүү хожим том болоод эргээд бодохоор ах хүрэн азарга хоёр нь бие биеээ их олон зүйлд сургасан мэт санагдана. Нагац ах нь цэргээс ирээ л бор зүрхээрээ морь уяж эхэлсэн. Уг нь өвөө нь хурдан морь олонтой ч төдий л нарийн ширийн юм хийдэггүй байж. Ер тэр үед өнөөгийнх шиг энэ хавтгайрсан багш шавийн барилдлага, ном сурах бичиг энэ тэр байсан биш ямар. Морь уяна гэдэг чинь тэр үед тэндхийн хонхорт хэдхэн мундаг тусгай хүний ажил байлаа. Одоо ч толгойтой бүхэн хусуур хавчуулж, мөнгөтэй болгон цулбуур өргүүлдэг болсон шүү дээ.

Хавчиг 7 насанд нь их хүрэнг/тэгэж нэрлэдэг байв/ нэгэн сумын наадамд давхиулав. Дунд хавьцаа л ирсэн байх. Тэр хавийхан ч нээх тоосонгүй тэгж л байдгийм гээд. Гэтэл мотцихлтой азарга тоссон ах нь нэг л биш ээ. Хүрнийгээ эргэж тойрч харан нүд нь нэг л ер бусын гялалзаж, ийнхүү хүүрнэнэ. –Азарга тосоод очтол хүрэн сүүл хавь нааж явна гэнэ. Газрын дунд орчим байх.Харсан чинь хүүхэд нь нэг л дараад байх шиг .Наадахаа явуул гээд тавиулсан чинь л гайхамшиг болсын байхаа. Үнэхээр гайхалтай ахиж үнэн гоё харайж байсан гэнэ.Дундуур ирсэн яаж барианд эрчтэй орж байсныг нь гэж байна. Жаалхүү мэт нь түрүүлж айрагдсан азаргуудыг дагаж хошуураад хүрнийг бараг барианд орохыг ч анзаараагүй тул юугаа хэлхэв. Ахынх нь нүдэнд ер бусын итгэл, хүрэнгээ тоосон их урам, уяандаа хийсэн дүгнэлт, өөртөө итгэж эхэлсэн бардамнал зэрэг тодрон байсныг тэрхэн хурамд хэн ч анзаараагүй бизээ...

Түүний дараа жил буюу их хүрэнг 8 д нийлсэн жил бол жаалхүүгийн санаанаас хэзээ ч гардаггүй юм. Их хүрэн анх авснаасаа хойш сайхан хувирч өөрчлөгдсөн байлаа. Өвөөгийнх нь адуу бол ерөнхийдөө нь тийм чонондуу төрх хийцтэй, уртавтар, шулуундуу хэлбэр, омголон сортоотой хурц зантай . Харин хүрэн бол тэс өөр. Том товир бие, амгаландуу ч юм чиг төрх, арсландуу хийц, залгаасууд, 4 мөч бүдүүн, матаас, бөгтрөг их. Дөлгөөн юм уу гэхээр нэг л зуунги шазруун, харгисдуу. Нээх сонин шав шар хирнээ нар жаахан хажихаар гал шиг улаарч харагддаг нүдтэй, харц нь алсыг бараалхуу. Гараа хурц биш холд зүтгэж, суулт багатай бяралхуу давхина. Толгойдоо их хориг, дургүй нь хүрвэл хэдэн цаг нь хамаагүй сэгсэрээс ойртуулахгүй, харц нь алс тийш гөлийгөөд оосорлуулахгүй хэнэггүй зогсоно. Их гоё элэгэн хүрэн зүстэй, хожим уяа нь буруудсан юм уу, жаахан гандмалдуу болсон. Тэр том хүдэр биенээс гарамгүй жингэнэсэн тасалдсан дуугаар янцгаана.

Бараг л сунгаа , наадамаас бусад үед ажил хийхэд ах нь л унана. Энгийн үед энэ тэндэээс нь маажиж малтаж, зүлгэж сойтогдож, ар өвөрт нь гаргахад хүүхэд мэтийг байна ч гэж тоохгүй хонины морьноос ч номхон , үүрэглэж зогсоно. Гэхдээ л зэвүүн унахад их эвгүй булгичих гээд. Жаалхүү нилээд айдаг байв, хааяа мордох болвол. Яаж ч мэднэ. Дургүйг нь хүргэж байгаад /гүүг нь булаалдах мэтээр/ бариулсан морийг бол яг л махчин араатан шиг хэмлэнэ. За тэгээд тэр жилээ тэр аймаар амьтантай ахтайгаа нийлэн зунжин ноцолдлоо, уях гэж. Ахынх нь санаа янз янз. Нэг удаа уяаны морьдоо адуунд нь тавьж, услаад билчээж, жаалхүү ч өдрийн ажилдаа ядарчихсан, ашгүй харьж унтах нь гэж байтал гэнэт ах нь их хүрэнгээ уяж хонохоор шийдэн барихаар болов. Ах нь их хүрэнгээ уураглаад хүү оосорлох болов. Нөгөөхий нь ааш нь хөдөлчихлөө. Хазаарлуулдаггүй. Харуй бүрий болж, их тал чимээ алдран нойрсохдоо бэлдэн, арван орчим насны туранхай хүүгийн толгой дээр холдож яваа ижлийнхээ хойноос тэмүүлэн уурлан уухичах тэр аварга амьтны толгой мангасынх шиг л аймшигтай. Хөндийн дэрс, хөөрхий хүүгйин хөл зэргийг 4 туурай нь хайр найргүй гишиглэнэ. Хазаар, уурганы хуйв 2 т шудруулсаар байгаад хоёр гар нил уранхай, цус. Тэгэхэд ч тэр үдэш хэзээ ч дуусахгүй мэт хүүд санагдаж байж билээ...

Их сунгаа болоход хүү явж чадсангүй, наадамд явах эрх авсан тул. Орондоо наадмаар гэр сахиж , хонь хариулахаар тодорсон азгүйчүүдээс/хүүхдүүд/ явуулж тэдэнд их сунгаа үзүүлэв. Хөөрхийс нүдийг нь хуурч байгааг мэдэхгүй их гайхуулж байнаа. Явмаар санагдсан хүү дотроо ийнхүү атаархаж зогсов тэр цагт. Их сунгаанаас ах шиг баяртай ирсэн хүн энэ дэлхий дээр тэр үед байхгүй мэт хүүд санагджээ. Их хүрэн сунгаанд маш сайн давхиж , нөгөө өөрийг нь зарсан ахын айраг түрүү алдаж үзээгүй алдартай сарман ухаа азаргыг бараг л дийлж түрүүлэх шахсийм байхаа... Тэр жил зэргэлдээ сумын ой болж газар газрын хурдан хүлгүүд хүрэлцэн ирэв. Наадмын өглөө... Азарга мордлоо. Уралдаагүй байгаа морьдоо барилах, услах гээд ажил ихтэй хүү азарга ирэхэд арай л оройтов. Барианы зурхайн дагуу зээглэн байгаа наадамчид руу морины хар гүйхээр давхиулав. Уг сумын морины барианы газарын тэр хавь нь хүүгийн яаран сандран очиж яваа газраас илхэн. Очиж амжаагүй байхад орох нь дээ. Байз эхний тасархай яваа 5 азарганд манай хүрэн гол хавьд нь байна уу даа. Манай дүүгийн цэнхэр торгон цамц яг мөн дөө. Яг бариан дээр хүмүүс бөөгнөрөөд юу болсон нь хараахан хүрч завдаагүй хүүд харагдсангүй. Дотроо мөн байсан, ямар ч байсан айрагтай гэж шивнэнэ. Хурсан олноос их хүрэнгээ хайсаар олж очив. Их хүрэн дээр хамаг амьтан шавсан байдал, хүлэгийхээ хөлсийг хусан буй ахых нь гэрэл, баяр ойсон хүрэн царай, алтан тууртын магнайд намирах шинэхэн хадаг... бүх зүйл ойлгомтой байсан ч хөөрч сандарсан хүү ахаасаа – Мөн үү, Орсон уу л гэж асуух сэхээ байв. Ах өөдөөс нь хальтхан эгцэлж хараад –Мөн, орсоон гэв. Хоёр нүдний нь нулимс сул асгарав... Уйл даа уйл, балчирхан хүү минь, тиймээ та хоёр, чи үүнийг чадлаа, чи минь өөрийнхөө хэмжээнд хангалттай зовсон, одоо бяцхан зүрхээ баярлуул баярлуул гэж өнөөдрийн өндөрлөгөөс харах хүн хажууд чинь байсан бол хэлэхсэн...

Тоос хүрээгүй магнайтай торгон цэнхэр хадаг зүүсэн, хамрын самсаа нь яг л бүрээний ирмэг мэт сарталзан, хамаг биеийх нь судас гүрэлзэн, булчин нь зангиран тэвхийсэн, хөлсөндөө норсон бие нь дээшилж буй нарны туяанд гялбан гялтагнах хүрэн ажнай нь ямар гоё харагдаж байсан нь сэтгэлд нь үүрдийн уран зураг болон үлджээ.Хүүе сар гаруй уулзаагүй ээж аав хоёр нь аймгийн төвөөс ирцсэн байна. Санаад байсан чинь одоо бол нээх сонин биш байна. Уйлж байсан хүү инээж байна. Нар тоссон тэр наадам дээр тэр хүү шиг жаргалтай хүүхэд лав байгаагүй байхаа. Тэр орой тэдний майхан айлчин гийчингээр тасраагүй билээ. Өө нөгөө хүрэнд уурласан үедээ зарж үрж, засааг нь суга татна, алж иднэ гээд байсан ууртай өвөө нь жаахан халчихсан, халзан толгой гялалзуулаад гол дүрд тоглож байна гээч. – Миний хүү чинь энэ хүрэнийг арав гаруй хоног уяж хонож хөлс авсан. Заримдаа бүүр дараалуулж 2 хоног уяж хоноод хөлсөлж байсан. Би ч чи наадахаа алахнуу л гэж загнаж байлаа. Ээдээ мөн ч хатуу уяатай адуу юм даа. Миний хүүгийн ч гарт хүрний уяа оржээ хэмээн өгүүлэх. Энэ бол хүлгээрээ, хүүгээрээ бахархсан эгэл жирийн малчин өвгөний омгорхол баяр хөөр байлаа. Сарман азарга нь манай хүрэнд дийлдэж аман хүзүүдсэн хамаатны ах өвгөн - Ер нь тэднийхний адуу дээшээ нийлэхээрээ хурдалдаг тал бий шүү, манай азарга ч уг нь хуучин бариаруугаа жаахан зүтгээд байсан тал /тэр сумынхан барианы газраа шинэчлэн ойролцоо газар буурь сэлгэсэн байв/ бий, уг нь ч ... гэсэн үг хавчуулж олон түрүү амсаж, наадам үзэж дов тайлсан хүний дүрээр догь суух. Ах нь хэдийгээр сумын наадамд өмнө нь айраг хэд хэд авч байсан ч энэ нь анхны түрүү нь байлаа. Тиймээ хүүгийн ах нь суманд л морь уяж байсан, улсад ирж уралдах нь байтугай аймагт ч тоотойхон очсон. Гэхдээ л хүүгийн хувьд ах нь одоогийн ямар ч улс аймагын манлай, тод уяачаас илүү. Учир нь ахынхаа л дэргэд хүн адгуус хоёр ийм нэгэн гайхамшигт шижмээр холбогдохын жаргал зовлонг туулж, хатуужиж хэрсүүжин хат сууж, уйлж дуулан уяхан болж өссөн болохоор тэр. Ингэж л ах нь хүрэнгээ хүлэг болгож, хүрэн нь ахыг нь уяач болгосон юм даа. Одоо нутгийнхаа аль нэгэн овоон дээр толгой яс нь тавиатай байгаа байх даа хүрэн ажнайгийн. Өөр түүнээс юу үлдсэн бол, хусууранд шингэсэн хөлсний чинь үнэр бий болов уу, сэтгэлд бол сэнхийнэ шүү дээ. Айрагдаж, түрүүлж авсан хэдэн медал чинь эзэндээ тэр л жилүүдийн наадмын тоос, хүүхдийн гийнгоо, хүлгийн үүрсээг санагалзуулан, нүдэнд нь нууцхан нулимс хуруулж гэрийн хойморт залаатай байгаа байх даа. Нүд талбин нутгийнхаа зүг хараачлахуйд бага насны дуртгалын түүх амилан босч хурдан ирээч хэмээн дуудах мэт яарах сэтгэл төрнө. Он цагийн эргэлтэнд элэгдэж гандаж яваа хүрэн бор ах минь, загнаж зандруулж,тунирхаж гомдож, алдаж эндэж явсан үе бий ч, тандаа дүү нь хайртай шүү.Хүний мөсөөр сайн Хүрэн бор ахындаа Дүү нь очиж явнаа.

hiimori.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тэнэг(112.72.12.4) 2019 оны 01 сарын 13

Сэдвээсээ халиад солиороод явчих юм гүйцэд уншихаас дургүй хүрчлээ

0  |  0
Top