Улаан нь хараасаа илүүрхээд эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Манай улсын нийт  экспортын  29.1 хувийг  зэсийн баяжмал, 26.7 хувийг  нүүрс эзэлж байна. Энэ сарын 15-ны байдлаар ийм үзүүлэлттэй гарчээ. Тэгэхээр зөвхөн энэ хоёр ашигт малтмалаас манай экспортын 50 гаруй хувь шууд хамаарч байгаа бол  төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тос, цаашлаад цайрын хүдэр, баяжмал, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, хайлуур жоншны хүдэр, баяжмал, молибдений хүдэр ба баяжмал, тэгээд  бусад бүтээгдэхүүн үлдсэн  хувь хэмжээг нь эзэлж байна.

Эндээс харахад нэг хэсэг зэсийн урд гишгээд байсан нүүрсний экспорт хумигдаж, улаан металл хараасаа илүүрхээд эхэлсэн байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр зэсийн ханш ихээхэн уналтыг үзүүлвэл  манай төсвийн орлого эрсдэлтэй нүүр тулах магадлалыг нэг талаас наашлуулж байгаа харагдана. Өнөөдрийн тухайд Лондонгийн металлын биржийн ханшийг харахад тонн зэс  8198 ам.доллар байна.

Гэхдээ нэг зүйлийг тодотгоход,  манай улс ханшийн эрсдэлээс сэргийлэхийн тулд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангахаар арван онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, хуулийнхаа дагуу Тогтворжуулалтын сан гэдэг юмыг байгуулсан. Хуульд тухайн  жилийн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг олон жилийн дундаж үнээр тооцож, төсөвт тусгахаар заасан байгаа. Тиймээс төсөвт гурваас илүү хувийн орлогыг оруулсан зэс, нүүрсний үнийг олон жилийн дунджаар, тэнцвэржүүлэн тооцож, тэнцвэржүүлсэн үнээс илүү гарсан орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулж яваа гэж ойлгогддог. Энэ онд  дэлхийн зах зээл дээрх 1 тонн зэсийн үнийг 8152 ам.доллараар, тэнцвэржүүлсэн үнийг 6328.9 ам.доллар тооцож,   Тогтворжуулалтын санд зэсээс нийт 103.7 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон. Тэнцвэржүүлсэн болон зах зээлийн гэсэн хоёр үнэлгээг тодруулан хэлэхэд тонн зэс  6328.9 ам.доллараас илүү гарч борлогдоод байвал зөрүү нь Тогтворжуулалтын санд орно гэсэн үг юм. Хэрэв дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш 6328.9 ам.доллар хүртэл унавал Тогтворжуулалтын санд зэсээс төвлөрүүлэх орлого төвлөрөх боломжгүй болно.  Харин 6328.9 ам.доллароос доош буурвал Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд зэсээс төвлөрөх орлогын хэмжээ буурч таарна.

Эргэн санахад өнгөрөгч оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг  6663.5 ам.долларт  тооцож байсан юм. Ямартай ч одоо харахад зэсийн ханш цойлж чадахгүй байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, манай өмнөд хөршийн эрэлтийг харж байхад ойрын хугацаанд зэсийн ханш өндөр өсөлтийг үзүүлж чадахааргүй. Гэхдээ тогтвортой байх болов уу гэсэн хүлээлт бий.

За харин нүүрсний тухайд манайх 27.9 сая тонныг экспортлоно гээд тусгачихсан. Тогтворжуулалтын санд нүүрснээс нийт 65.9 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон. Одоогийн нөхцөл байдлыг харахад нүүрсний экспортын хэмжээ буурах магадлалтай байна. Шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн гангийн үйлдвэрлэл буурч байгаагаас шалтгаалж нүүрсний  хэрэглээний өсөлт ирэх хоёр жилд удаашрах төлөвтэй байгаа гэж буй. Тэгэхээр манай тухайд Хятад улсын гангийн үйлдвэрүүдийн нүүрсний эрэлт буурсаар байвал дагаад экспорт буурна. Хэрэв тэгвэл нүүрснээс төвлөрөх төсвийн орлого буурах эрсдэл бол хол биш гэсэн үг. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход манай улс экспортын нүүрсний үнээ хятадын засгийн газрын үнээр жишиглэн тогтоохоо больсон. Энэ нь эдийн засагт нааштай үр дүн дагуулах болов уу гэсэн найдвар бас байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top