Хамаг юм 2000 оноос эхэлсэн юм. Орост Путин гарч ирж хөл толгойгыг нь олж, эмх цэгцэнд оруулж, хуучин байр суурийг сэргээх байр суурийг тууштай баримтлах болов.
Хятадад эрчимтэй өсөлтийн өсөлтийн арваад жилийн дараа Засгийн Газрын бүтцийн шинэчлэл эхэлж, бөглүү муж улсуудыг хөгжүүлж, зах хязгаар улсуудыг эрчимтэй анхаарах бодлого баримтлах болов.
Америкт бүгд найрамдах Жорж Буш ялж ардчиллыг бүх дэлхийн гол чиг шугам болгон зарлав. 9 дүгээр сарын 11-ний дараа АНУ Ойрхи Дорнодтой ихээхэн орооцолдсон боловч Хятадыг тусгаарлах бодлого нь тэдний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар байсан юм. Одоо ч байсаар байна.
1999 онд БНХАУ-ын Дарга Зин Зя Мин, 2000 онд Владимир Путин, 2005 онд Жорж Буш нар тус тус айлчилсан нь Монголын ач холбогдлыг гэрчилнэ. 2000-аад оны эх хүртэл Монголтой “найрамдах уралдаанд” АНУ тэргүүлж байсан юм. 2003 онд 180 монгол цэрэг Ирак руу энхийг сахих ажиллагаанд явав, үүнээс жилийн дараа монголын цэрэг Вашингтоны дэмжлэггүйгээр Косово руу очив. Дорхноо “бие дааж” сурч байгаа юм…
Монгол эхний үед гадаадынхны сонирхлыг зөвхөн улс төрийн талаар татаж байсан бол 2000 оны эхэн үеэс эдийн засгийн талаар татаж эхэлсэн юм. 2000 онд манай ДНБ дөнгөж 1 млрд $ доллар болж байсан. Аналитикуудын тооцоогоор Монголын эрдэс баялгийн нөөц одоогийн үнээр ойролцоогоор 1,3 триллион орчим $ болно.
Асгатын мөнгөний орд гэхэд 3 мянган тонн нөөцтэй, таамаглалт нөөц нь 5 мянган тонн гэж байгаа. Дорнодын Гурван булгийн уран дэлхийд томдоо орох бөгөөд 1,4 сая тоннын нөөцтэй. Тамсаг болон Дорноговийн нөөц нефтийн хоёр нөөц гэхэд л нийлээд 7 миллиард баррель нөөцтэй.
2009 онд Владимир Путиныг Улаанбаатарт айлчилсны дараа Орос-Монгол хоёр ашиглаагүй орд газарт хамтран төмөр зам барихаар анх шийдвэрлэсэн юм.
Ер нь 2000 оны дунд үеэс манайд хэн хэн цуглаж байсныг дурдвал сонин байх болов уу.
Rio Tinto, австрал-британий BHP Billiton, гангийн концерн ArcelorMittal, британ-швейцарийн Xstrata, бразилийн Vale, америкийн Peabody, хятадын Shenhua, японы Mitsui зэрэг олон томчууд бүгд байлаа.
Оросууд ч гэсэн хоцроогүй юм. Оюу Толгойд “Русал”, “Норильский никель”, “Полиметалл” тэр ч байтугай “Зарубежгеолог”-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн хүртэл өрсөлдөж байлаа. Харин Таван Толгойд бол “Северсталь”, “Ренова”, “Базэл” гурван аваргын альянс өрсөлдөж байсан юм. Мөн манай “Эрдэнэт”, “Монголросцветмет” нэгдэлд хувь бүхий “Ростехнологи” хэт аварга сонирхлоо илэрхийлж байв. 2008 оны намар “Ростехнологи” Алишер Усмановын “Металинвест”-ын хамтрагч болж Байгалийн чанад дахь зэсийн ордын лицензийн эзэмшигч болсноор Монголд бүр ч их сонирхолтой болсон юм Мундаг байгаа биз. Гэхдээ Монголын баялгийн төлөө Оросуудын тэмцлийн гол зүтгүүр нь Оросын төмөр зам Хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч Владимир Якунин болсон билээ.
Түүний ажлыг би дүгнэлтэй нь биш, ямар ч гэсэн тэр 2009 оноос маш эрчимтэй ажиллаж эхэлсэн юм.
2009 оны 5 дугаар сард Владимир Путин Улаанбаатарт айлчилж манай Ерөнхий сайд С.Баяртай хэлэлцээр хийсэн билээ. Оросууд түүнийг “өөрийн хүн” гэж бодож байсан байх. Үгүй ядахдаа хүн хулхидах амьтан биш бодож байсан нь лавтай.
Энэ хэлэлцээрээр төрийн өмчийн “Эрдэнэс-МГЛ” ба “Монголын төмөр зам” (Монголын үндсэн орд газруудын лицензийг эзэмшдэг) болон РЖД компанийн хооронд “Дэд бүтцийн хөгжил” Хамтарсан үйлдвэр байгуулах тухай албан ёсоор зарласан юм. Энэ хамтарсан үйлдвэр Монголын өмнөдөд буй эзэмшээгүй орд газрууд, тухайлбал Оюу Толгой, Таван Толгойн орд газрууд руу төмөр зам барих ёстой байлаа.
Тэр үед буюу 2009 онд орос-монгол хоёр яг ингэж тохирсон юм.
Энэ тухайгаа Якунин “Коммерсант” сонинд бичихдээ: “Баяр хэлэлцээрийн явцад Оюу Толгой, Таван Толгойн лицензийг “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан үйлдвэрт өгнө гэж Путинд өөрийн биеэр амласан. Оронд нь бид Хамтарсан үйлдвэр Улаанбаатар төмөр замын салааг (УБЖД-ын 50 хувь нь ОХУ-д хамаарна) барьж өгөх ба тэндээс монголын нүүрсийг трансибирийн замаар оросын Алс Дорнод, улмаар Япон, Солонгост хүргэнэ гэсэн” гэжээ.
Ер нь бол Оросын Засгийн Газрын болон төмөр замын нөхдүүд Трансибирийн замаар монголын нүүрсийг тээвэрлэх санаагаа олон удаа дурдаж байсан. Якунин ч Оросын болон Монголын хэвлэлд олон удаа дурдаж байсан.
Төмөр зам барихын зэрэгцээгээр Таван Толгой, Оюу Толгойг боловсруулах хамтарсан үйлдвэр барина. Үүний тулд конкурс зарлана, хамтрагчдыг сонгоно. Ингээд эцсийн дүнд “Дэд бүтцийн хөгжил” 25% нэмэх 1 хувьцаа, хөрөнгө оруулагч 75% хасах 1 хувьцаа гэж төсөөлж байсан юм. Конкурсын нэг гол нөхцөл нь хөрөнгө оруулагч хүдрийг зөвхөн Оросоор дамжуулан зөөх ёстой байлаа.
“Дэд бүтцийн хөгжилд” монголын орд газрыг боловсруулах эрх олгосны хариуд Орос энэ хамтарсан үйлдвэрт 1,5 миллиард $ оруулахаар амласан байсан юм. Түүнээс гадна Якунины “Коммерсант”-д ярьснаар оросууд 2009 оны сүүл гэхэд Улаанбаатар төмөр замын өөрийнхөө элэгдлийн хувийг санхүүжүүлэхээс гадна төмөр замын нийт дүрмийн санг 250 сая $-оор нэмэх ёстой байв.
Ингээд шинэ төмөр зам барихтайгаа нийлбэл Якунины “Коммерсант”-д ярьснаар монголын орд газрыг эзэмших төсөлд 7 миллиардаас багагүй доллар зарцуулах ёстой байжээ. Энэ үнэн тооцоо байх гэж би бодож байна.
Гэтэл 5 дугаар сард В.Путиныг ирэхэд найрсаг байсан Монгол 9 дүгээр сард Д.Медведевийг ирэхэд хүйтэн болчихсон байх нь тэр. Юу болов, яав ?!
Учир нь манай захиалгаар 2008 оны сүүлчээс эхлэн Дэлхийн банк судалгаа хийсэн ажээ. Энэ судалгаагаар нүүрсээ Хятадын Тянжин рүү зөөсөн нь илүү ашигтай гэсэн дүгнэлт гаргасан аж. Судалгаатай судалгаагүй зуугаад жилийн өмнөөс тэмээн жин явдаг байсан зам л даа. Нүдээрээ хэмжсэн ч хамаагүй ойр байдаг юм.
Ингээд Монголд геополитикийн олон жил дамжсан маргаан хэрүүл дэгдэв. Геополитик ч юу байхав, төмөр замын царигийн маргаан…
Асуудал улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, бүс нутгийн, геополитикийн, футурологийн, системийн гэх мэт маш олон талтай…
Эхлээд С.Баяр өвчний учир чөлөөлөгдөв. Дараа нь түүний орыг Сү.Батболд авав. Москва, хөөрхий муу Якунин хоёрыг ёстой нэг хулхидаж өгөв. Амлаад байдаг амлаад байдаг, ганц ч баримт бичигт гарын үсэг зурсангүй.
Нөгөө амлаад байсан лицензи нь Ivanhoe Mines, Rio Tinto хоёрт очоод нэлээд хэдэн жил болсныг Оросууд хэзээ хойно мэдэж байгаа юм. Тэгээд уучлаарай, одоо Таван Толгойг танайд заавал өгнө гэв. Тэгснээ олон улсын тендер зарлав.
Оросууд “тэнэг” нь мэдэгдээд байгаа юм. Хэдэн жилийн өмнө “Росатомын” хэдэн залуус “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулах тухай хууль” үзэх гэж Монголд зориуд ирээд орчуулгыг нь олж чадалгүй буцсан байгаа юм.
Ганц оросуудыг ингэж хулхидаад байгаа юм биш л дээ. Сүүлдээ үзэгдсэн харагдсан болгоноо хулхиддаг муу зан сурчээ бид.
Хятадуудыг хулхидвал Орос, Америкийн нэрийг урдаа барьдаг, Америкийг хулхидвал Хятад, Оросын нэрийг урдаа барьдаг, энэ мэт сөөлжүүлэн худал хэлдэг хулхиддаг, үнэхээр муу ёрын амьтад болж гүйцэж.
Хятадын сайдтай хэлэлцээрт гарын үсэг зурчихаад араас нь наад хэлэлцээр чинь хүчингүй шүү гэж араас нь утасдана. Ямар сайндаа Путин монголоор “тохирлоо шүү” гэж хэлж байхав. Хятадын У Банго “хэн хэндээ тодорхой, тогтвортой байх нь чухал” гэж ганц өгүүлбэр хэлэхийн тулд нисч ирж байна ш дээ. Биднээс том улсууд хүртэл “айдаг” болж байна ш дээ. Энэ нэг их “бахархаад”, “гайхуулаад” байх ч эд биш байх…
Бид сүүлдээ тэднээр бүр “тоглоом хийдэг” болж. Байж байгаад тендер зарлана. Байн байн хойшлуулна. Тэгснээ Та нар хэд хэдээрээ консерцум болоод “нэг сайхан жагсаатах” гэнэ. Нөгөө хэд нь “жагсаж” л байгаа юм чинь. Япон, Солонгос, Орос, Хятад, Америк дэвэн дэлхийн есөн шидийн юмнуудыг “холиод жагсаачихад” чадаж л байгаа юм даа. Манайхаас өөр газар бол тэднийг ингэж “хольж жагсааж” яагаад ч чадахгүй. Нээрээ шүү…
Эхлээд Таван Толгойд банк сонгов. Goldman Sachs, Deutsche Bank, BNP Paribas, Macquarie Group хэдийг сонгож авав. Дараа нь хөрөнгө байршуулах газраа сонгов. Хэдэн сар болж болж гурван газар сонгов. Гонконг, Лондон,Улаанбаатар гурав гэнэ. Энэнд чинь удаад байх юу байна.
Тендерээ 4 удаа хойшлуулав. Энэ дэлхийн хамаг амьтны тэсгэл тэвчээрийг ёстой нэг шалгаж байгаа юм чинь. Тэгж тэгж Таван Толгойгоо хоёр хуваачихаад нэг хэсэг дээр нь хөзөр хольж байгаа юм шиг Та нараас РЖД, Peabody, Shenhua гурвын толгойлсон консерциум зэрэг тэнцлээ гэж байгаа юм.
Монгол ёс заншлын дагуу Орос, Хятад, Америк гуравт хуваагаад өгчихөж байгаа царай нь тэр. Хулхидаж хулхидачихаад хэнийг нь ч гомдоохгүй гэж байгаа царай нь тэр. Монгол “шударга ёс” гэж нэг иймэрхүү юм байдаг юм.
Энэ “ялсан нөхдүүд” бүгдээрээ уурандаа тэсрэх шахаж байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Одоо ийм тэнэг аргаар асуудлыг шийднэ гэж бодож байвал тун их эндүүрэл болно. XXI зуунд мунхаг харанхуй, зэрлэг бүдүүлэг явдал ахин гаргахгүй байхыг хичээх нь бидний үүрэг. Үүнийг МАН дангаараа хийсэн гэж би огт бодохгүй байна.
Миний баттай судалгаагаар нам дамжсан олигархи бүлэглэл ийм тэнэг гацаанд Монгол Улсыг оруулсан. Одоо нэг нам руугаа тохох гээд хэрэггүй л дээ. Яагаад гэвэл Та нар бүгдээрээ адилхан, хулхинууд ш дээ. Би ямар мэдэхгүй биш…
Гэхдээ хулхидах бол сайн юманд хэзээ ч хүргэхгүй л дээ. Одоо хулхидуулцан л байгаа биз дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл ( 0 )