Удаан жил хүлээсэн бирж цаасан дээрээс буух нь ээ..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Естой л он он дамнан удтал яригдсан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг байгуулах үйл явц сүүлийн үед эрчимжиж байна гэхэд болохоор боллоо. Учир нь ирэх гуравдугаар сард Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад биржийн туршилтын арилжаа хийхээр болсон тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Мах сүү, ноос ноолуур, арьс шир гээд түүхий эдийг цахимаар худалдана гэдэг нь электрон систем, итгэлцэл гээд худалдаа, наймааны уламжлалыг шинэтгэх багагүй өөрчлөлт болох юм.

Тийм ч учраас биржийн арилжааг хэрхэн явуулахыг тал бүрээс нь бодож үзсэний үндсэн дээр туршилтын байдлаар эхний ээлжинд ноос ноолуурын гарц ихтэй Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийг хамруулсан арилжаа хийх юм байна. Биржийн арилжаанд оролцох брокерийн компани, малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг цахим арилжаанд бэлтгэх сургалтыг өнгөрсөн жилийн зунаас хийж эхэлсэн бөгөөд бэлтгэл ажлуудыг үндсэндээ хийсэн байна. Дээрх аймгуудад туршилтын арилжааны өмнөх бэлтгэлийг шалгах болон заавар зөвлөмж өгөхөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ажлын хэсэг энэ долоо хоногоос очиж ажиллах ажээ.

Түүнчлэн “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулах Засгийн газрын тогтоол нэгдүгээр сард гарсан билээ. Биржийн тухай хууль, тогтоолд заасны дагуу Монгол Улсад нэг л хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байх ёстой. Үүнтэй холбоотойгоор биржийн бодлого, ажиллагааны асуудлыг зангидах компани Ялалтын талбайн зүүн талд байрлахаар болсон байна. Энд компанийн ажлыг эрхлэхээс гадна танхимын арилжаа хийх, сургалтын танхим байрлах ажээ. Ерөнхийдөө бирж цахим орчинд орон даяар арилжаа явуулах байдлаар ажиллах буюу аймаг бүрт бирж байгуулагдана гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд байна. Нийслэлд байрлалтай биржийн танхимын арилжааг эхний ээлжинд компаниудын төлөөлөл 30 суудалтай байхаар төлөвлөж буй аж. Биржийн арилжаанд энэ жил төрөөс таван тэрбум төгрөгийг төсөвлөсөн ба цаашдаа туршилтын арилжаагаа хийгээд, компаниуд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг өргөнөөр хамруулж, үйл ажиллагаа, шаардлагатай хөрөнгийг нь төрөөс дахин санхүүжүүлэхгүйгээр бие даан бүрдүүлэх чиглэлийг барьж байгаа тухай албаныхан нь хэлсэн.

Түүхий эдийг хадгалах агуулах, савны тухайд, тасралтгүй нэмэгдүүлж, хадгалалтын чанарыг сайтар анхаарч ажиллах бөгөөд үүний бэлтгэл болгож, агуулах сав орон нутагт барихад зориулж хөнгөлөлттэй зээлийг олгож байсан байна.

Ямартай ч биржийн тогтолцоог хөдөө аж ахуйн салбарт ийнхүү нэвтрүүлэх нь мах, сүү, түүхий эдээ бодит үнээр авах боломжийг бүрдүүлж, үнийн хөөрөгдлийг гол буруутан гэгддэг ченжийн дамжлагыг халах юм. Мөн компаниуд түүхий эдээ цаг хугацаа алдалгүй, нөөцийн хомсдол, үнийн дарамтанд оролгүй авах, малчид, түүхий эд боловсруулагчид түүхий эдээ хэрхэн зарахдаа санаа зовохгүй байж болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top