Хүний хөгжил сангийн тухай хууль тогтоомж
Хүний хөгжил сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх
Хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээнэ.
Монгол Улсын иргэн дараахь хэлбэрээс сонгон Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртэнэ:
1.тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр;
2.орон сууц худалдаж авсны төлбөр;
3.бэлэн мөнгө;
4.эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээний төлбөр.
Иргэн хишиг, хувийг тухайн жилдээ багтаан авч чадаагүй бол түүний хишиг, хувь дараагийн жилүүдэд хадгалагдан үлдэх бөгөөд хадгалагдсан хугацаанд хүү тооцохгүй.
Хүний хөгжил сангаас олгох хүүхдийн мөнгө.
2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр 20000 төгрөгийг Монгол Улсын О-18 хүртлэх насны хүүхдэд олгоно.
Хүүхэд болон хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эх /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд/ нь үйлчлүүлэх арилжааны банкийг өөрөө сонгох эрхтэй.
Хүүхдийн эх /эцэг, асран хамгаалагч, харагалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд/ эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаж болно.
Иргэн сонгосон арилжааны банкинд өөрийн биеэр очиж хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргана.
Асран хамгаалагч /14 хүртэл насны хүүхдэд/, харгалзан дэмжигч /14-18 насны хүүхэд/-ийг Сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр тогтооно.
Итгэмжлэлийг нотариатчаас авна.
Нотариатын тухай хуульд заасны дагуу нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан нотариатчаас гадна сумын ЗДТГ-ын дарга, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн болон /ЭСЯ/ консулын газрын ажилтан нотариатчийн үүрэг гүйцэтгэнэ.
Иргэн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргахдаа дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж банкны ажилтанд өгнө:
1.Хүүхдийг төлөөлөн мөнгө авах эх /эцэг, асран хамгаалагч, харагалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд/-ийн иргэний цахим үнэмлэх
2.Хүүхдийн төрсний гэрчилгээ, 16 насанд хүрсэн бол иргэний цахим үнэмлэх
3.Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт;
4.“Гэр бүлийн тухай” хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг даргын шийдвэр, түүний хуулбар;
5.Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, итгэмжлэл.
Банкны ажилтан баримт бичгийг хүлээн авч өргөдлийн маягтыг цахим хэлбэрээр бөглөн иргэнээр баталгаажуулан гарын үсэг зуруулж, хүсэлтийг хүлээн авсан хугацааг өргөдөлд тодорхой бичнэ.
Иргэн хүүхдийн мөнгө авах дансыг хүүхэд тус бүрээр нээлгэнэ.
Иргэн хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ний өдрөөс хойш өөрийн сонгосон арилжааны банкнаас авна.
Хүүхдийн мөнгийг иргэний хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүр олгоно.
Асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар уг хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газар байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрч иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа хүүхдийн мөнгийг тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газар байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.
Хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй.
Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана:
1. Хүүхэд 18 нас хүрсэн
2. Хүүхэд нас барсан
3. Монгол Улсын харьяатаас гарсан.
Сэтгэгдэл ( 0 )