Хятадын удирдагчид хумина бас тэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Энэ арвангурван онд  ДНБ-ий өсөлт нь 8.4 хувьд хүрнэ гэж таамаглагдаж байгаа Хятад Улсын жижиглэн худалдаа уламжлалт баярын удаан хугацааны амралтын үеэр ихээхэн унажээ. Статистик мэдээллээс харвал жижиглэн худалдааны өсөлт нь  сүүлийн 4 жилийн хугацаан дахь  хамгийн нам дор түвшиндээ тэмдэглэгдээд байна. Шинжээчдийн үзэж буйгаар тус улсын шинэ удирдлага төрийн байгууллагуудыг гар чангатай байх хэрэгтэй гэж үзэж, үйл ажиллагаа явуулж байгаа нь уламжлалт цагаан сарын баярын үеэр ид өсдөг жижиглэн худалдаанд ингэж нөлөөлж байх жишээтэй.

Тэгэхээр Хятадын Коммунист намын XYIII Их хурлаар эрэмбэлэгдсэн  их гүрний шинэ удирдлагууд эдийн засгаа өсгөхдөө илүү зардлуудыг хумих бодлого хэрэгжүүлж байна. Жинпин бол  дэлхий дахин дахь тэргүүлэгч улсын байр суурийн төлөө илүү эрчтэйгээр урагшилж байгаа  Дорнын лууг Өрнийн эсрэг залуурдах хүчтэй удирдагч байна гэсэн итгэлийг илүүтэй хүлээж, гарч ирсэн хүн. Тэрчлэн Хятадын улстөр, эдийн засгийн угтах өнгүүд энэ хүн болоод бусад удирдагчидтай холбогдож таарна.

Ямар ч байсан  улстөрөөр дамжуулан эдийн засгийг олон арван жил атгаж ирсэн Коммунист намын  эрх мэдэл тус улсад амь бөхтэй оршиж байна. Ер нь бол Бээжингийн эрх баригчид дэлхийн эдийн засагт түүчээлэхээсээ гадна дотооддоо эдийн засгийн эрх мэдлээ алдахгүйн тулд барьж ирсэн бодлогоо улам чангаруулж буй. Ямартаа л Хятадын баячуудын жагсаалтаас коммунист намын гишүүн бус хүнийг олж харахад хэцүү. Учир нь эдийн засгийн томоохон нүүдлүүдийг хийхийн тулд улстөрийн эрх мэдэл зайлшгүй хэрэгтэй. Хятадын Коммунист намыг удирдагч асан Зян Зэмин эрхэм 2001 онд бизнесмэнүүдийг сүр хүчит намдаа нэгдэхийг уриалсан нь 1989 оны бослогыг цэргийн хүчээр дарж, нэр хүнддээ сэв суулгаад байсан Коммунист намын зүгээс эдийн засгийг хяналтандаа бүрэн авах гэсэн бодлогынх нь хэрэгжилтийн нэгээхэн хэсэг байсан гэж шинжээчид дүгнэдэг.

Улмаар Коммунист нам нь эдийн засгийн хамгийн чухал бөгөөд ашигтай салбаруудад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудыг тусгай бодлогоор дэмжиж, дотоодын хувийн компаниудыг тэдэнтэй  өрсөлдөх боломжгүй болгосон байдаг. Нам төрийг шууд  төлөөлөн ТӨК-уудыг дэмжих бодлогыг тусгайлан явуулж ирсэн нь бизнес эрхлэгчдийг намгүйгээр “амьдрах” аргагүй болгочихжээ. Ерөөс тус улсын тэрбум гаруй хүн амаас намын дээд удирдлагатай сайн холбоотой цөөнхөд л мөнгө илүү хүртэх боломж нээлттэй гэдэг.  Хятад улсад 2008-2010 oнуудад нийт банкны зээлийн 90 хувь нь төрийн өмчит компаниудад дэмжлэг хэлбэрээр  очиж байсан бол одоо энэ хувь хэмжээ 80 хувьтай байна.

Нэгэнтээ төр нь ингээд дэмжээд байгаа тул улсын нийт баялгийн дийлэнхийг төв засгийн харьяалалтай 150, орон нутгийн засгийн харьяалалтай 120,000 төрийн өмчит компани  хянаж байна. Харин үлдсэн хэсэгт нь 4 сая орчим хувийн компани, хэдэн арван саяар тоологдох жижиг аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа аж. Засгийн газрын харьяалалтай 150 компани нь улсын нийт хөдөлшгүй активын 2/3-ыг эзэмшдэг ба жил бүр Хятад улсын аж ахуйн нэгжүүдийн нийт орлогын тал хувийг эдгээр 150 компани бүрдүүлдэг байх аж. Эдгээр ТӨК-уудын ихэнх нь хувьцаат компани боловч хөрөнгийнх нь 50-иас дээш хувь буюу 2/3 нь төрийн өмчид байдаг байна. Түүнчлэн Төрийн Өмчийн Удирдлага, Хяналтын Хороо тэдгээр компаниудыг хариуцаж ажиллаад өдийг хүрсэн байгаа. Тэгэхээр хятад улсын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарын өсөлт бууралтын үзүүлэлтэд улстөрийн шийдвэрүүд шууд утгаараа нөлөөлдөг болохыг төвөггүй ойлгож болохоор.

Ер нь улстөрчдийн шийдвэрүүд нь урт хугацаанд эдийн засагт сөрөг нөлөөлөл дагуулж ч болохоор байна. Учир нь тус улсын эрх баригчид хүн амын өсөлтөө хязгаарлаж, 1979 оноос нэг хүүхэд бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд өдгөө тус улсын үйлдвэрлэлийн салбарын гол хөдөлгөгч хүч ажиллах хүчний хэмжээ буурах прогнозтой байна. Үндэсний Статистикийн байгууллагаас нь мэдээлснээр  ажлын гол хүч болох 20-39 насны иргэдийн тоо буурч байгаа аж. Хэдийгээр “Хоёр хүүхэд” бодлогыг хэрэгжүүлэх талаар тус улсын удирдагчид ярьж байгаа ч эдийн засгийн өсөлт болоод ажиллах хүчний хүн капиталын өсөлт хоёрын хооронд цаг хугацааны асар их ялгаа бий билээ. Тэрчлэн Америк шиг үйлчилгээний салбарын өсөлтөөр бус  аж үйлдвэрлэлийн салбарын өсөлтөөрөө өндийдөг БНХАУ-ын эдийн засаг, үйлдвэрлэлд нэг талаас эрсдэл дагуулж байна.

Э.Болорхажид

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top