Өнөөдөр дэлхийн хөрөнгийн захын мэдээллийг харахад америк, европ, азийн үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэлтүүдийг илтгэгч голлох индексүүд улаанаар тэмдэглэгдэж байна. Харин таваарын захын өнгийг харвал Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 7847 ам.доллар болж уруудсан бол дэлхийн зах зээл дээр алт, түүхий нефтийн дундаж ханш өсөлттэй байна.
Тэгэхээр улаан металлын ханшийн тухайд яах аргагүй анхаарал татаад байна. Манай тухайд он гарсаар экспортод гаргаж буй түүхий эдүүдийг зэс тэргүүлж байгаа. Тэр чинээгээрээ төсөвт орлого дагуулж байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх ханш нь уруудаад байвал ямар сайн байхав. Манай улстөрчид дэлхийн зах зээл дээрх 1 тонн зэсийн үнийг 8152 ам.доллараар, тэнцвэржүүлсэн үнийг 6328.9 ам.доллар тооцож, Тогтворжуулалтын санд зэсээс нийт 103.7 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон. Гэтэл зэсиийн ханш 8000 ам.доллараас уруудаад эхэлж байгаа нь саарал мэдээ юм.
Уг нь Америк, Хятад, Япон зэрэг тэргүүлэгч эдийн засагтай орнуудын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөгөөр өнгөрөгч оны гуравдугаар улирлаас эхлэн таваарын зах муугүй л байгаа. Харин Хятад, Солонгос, Япон зэрэг том эдийн засагтай орнууд үндэсний баяраа тэмдэглэсэн нь таваарын захад тэр дотроо зэсийн ханшид нөлөөлсөн байна.
Манай өмнөд хөрш Хятад улсын тухайд зэсийн нийт эрэлтийн 40 хувийг агуулж байна. Гэтэл баяраас үүдэн хөрөнгө оруулагчид амарсан нь зэсийн ханшийг даруй 100 ам.доллараар унахад хүргэлээ. Улмаар эл металлын ханшийг өдөөгч хүчин зүйл нь хөрөнгө оруулагчдын итгэл, зүтгэл гэхээсээ валютын захын мэдээллүүд болоод байв.
Улаан металлын дундаж ханш өнгөрөгч онд 7952,48 ам.доллар байсан. Харин 2011 онд 8859,33 ам.доллар байсан. Гэтэл одоо 7900 ам.доллараас ч уруудаад байгаа нь чамгүй уналт гэсэн үг. Шинжээчдиийн үзэж буйгаар цаашид зэсийн үнийн өсөлт Хятадаас голчлон хамаарах юм.
За харин алтны ханшийн тухайд өнөөдөр өсөлттэй байгааг дуулгасан. Азийн орнуудын баярын амралтууд мөн л ханшид нь нөлөөлсөн. Их 20-ийн уулзалтаар Японы зүгээс иений ханшаараа тоглож байгааг эсэргүүцэх байх гэсэн хүлээлт байсан нь алтны ханшид нөлөөлсөн байгаа. Гэсэн ч энэ асуудалд тэргүүлэгчид төдийлөн анхаарал хандуулаагүй. Иен болон евро ам.долларын эсрэг суларсан нь шар металлын ханшийг ч дагуулан хөдөлж байлаа.
Ер нь бол эл металлын дундаж ханш өнгөрөгч онд 1668,8 ам.доллар, 2011 онд 1568,24 ам.доллар байсан. Харин өнөөдөр 1,583.20 ам.доллар байна. Тэгэхээр өнгөрсөн оны дунджаас ихээхэн доогуур байна гэсэн үг юм. Цаашид тэргүүлэгч гүрнүүдийн сэргэлтийн төлөөх бодлого залгамжлан хэрэгжсэнээр үйлдвэрлэл нэмэгдэж, үнэт металлын худалдан авалт нэмэгдсэнээр алтны ханшийг 1800 ам.долларт хүрнэ гэсэн гэгээн таамаглал бол бий.
Харин дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн хувьд өсөлтэй байна. Brent маркийн түүхий нефтийн ханш 114.14 ам.доллар байгаа нь өмнөх өдрөөс 0.55 хувийн өсөлт юм. Хэдийгээр АНУ-ын үйлдвэрлэлийн бууралт болоод Евро бүсийн эдийн засгийн тодорхойгүй төлөв түүхий тосны ханшид нөлөөлж байгаа ч, баррель нь 100 ам.долларыг давж арилжаалагдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )