Тавдугаар эх үүсвэр тэнгэрээс буутал..

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 23

Сураг нь гараад, гараад урагшаа явдаггүй айхтар том төслүүд манайд хэд хэд байна. Нэг нь гэхэд Дулааны V станц юм. Бүр газар нь ч олдохгүй төөрч будилаад өдийг хүрч байгаа. Тэгсэн нэг сураг гарлаа. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц барих газрын байршлын талаарх мэдээллийг өглөө. Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц барих газрын байршил, хэмжээг сонгосон бөгөөд энэ газар нь Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “Ургах наран” хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газар юм. Харин тус газрыг дулааны цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яамд газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаж баталгаажуулах учиртай юм.

Өмнө нь энэ хэсгийн газрыг “Льюкс Нью Проперти Солюшн” ХХК  эзэмшиж байсан бөгөөд тухайн компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 729 дугаар захирамжаар хүчингүй болгожээ. Мөн энэ байршлыг Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтаж байгаа, болон Улсын дархан цаазат Богдхаан уулын ойролцоо байгаа тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж Засгийн газрын дээрх тогтоолд тусгасан байна.

Харин нийслэлийн удирдлагууд энэ газарт дулааны цахилгаан станц барих зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо эхлээд холбогдох газруудаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тэрхүү  үнэлгээг үндэслэн газар эзэмшүүлэх эсэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргах нь зүйтэй гэж үзээд байна.

Ямартай ч удаан дуншсан станцын газрын асуудал нэг тийш болох болов уу гэсэн хүлээлт байна. Өмнө нь III станцын баруун талд барихаар болоод бүр тендер зарлаад 6 оролцогч энэ тэр гарч ирээд байтал, нөгөөх газрыг нь  14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг нь гэнэт тодорхой болоод больсон. Компаниудаас газрыг нь авахын тулд төр 55 тэрбум төгрөг зарлагадах шаардлагатай болсон. Зөвхөн мөнгөний асуудлаар зогсохгүй цахилгаан станцад түлэх 1,8 сая тонн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Үнс  зайлуулж хадгалах газар байхгүй, усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. Гэтэл III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гараад байгаа учраас болохгүй юм байна гээд больцгоосон.

Тэгээд л одоо яригдаж байгаа газрын асуудал босч ирсэн юм. Хамгийн гол нь манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүйгээр ирэх жилүүдийнхээ  эрчим хүч, дулаан хангамжийн хэрэглээгээ шийдвэрлэж чадахгүй. Улаанбаатар хотын дулаан хангамж 2013-2014 оны өвлийн их ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй гэдгийг улстөрчид мэдэж байгаа учраас Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа нь бас л аргацаасан маягтай шийдвэр үү гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ. За яадаг ч байсан ийм маягаар хэсэгчилсэн арга хэмжээ авахгүй бол 2014-2015 онд  ОХУ-аас импортын эрчим хүч авсан ч төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүсэхээр байгаа гэсэн.

Уг нь V станцын ажил 2013 онд эхлүүллээ гэхэд 2016 онд эхний хэсэг нь ашиглалтад орох  учраас, шинэ эх үүсвэр  ашиглалтад орох хүртэл IV цахилгаан станцыг цахилгаанаар 100 МВт-аар, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөх тухай засгаас шийдвэр гарч л байсан билээ. Энэ ажлыг Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргаад 2014 оны 6 дүгээр сард багтаан дуусгах тухай яригдаад байсан. Тэр нь юу ч болж байгаа юм бэ. Тодорхойгүй байтал, нэмээд л шинэ шийдвэр гараад байдаг. Тавдугаар эх үүсвэр тэнгэрээс буутал хэчнээн ч шийдвэр гарах болдоо..

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top