Эдийн засгийн өсөлт иргэн бүрт наалдахгүйн учир

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Улсын эдийн засаг өсөөд байхад иргэдийн амьжиргаа яагаад өсөхгүй байна вэ гэдэг асуулт сүүлийн жилүүдэд хурцаар тавигдах болсон. Учир нь эдийн засгийн тоон өсөлт сүүлийн зургаан жилд найман хувиар яригдаж байна. Гэтэл иргэд амьдрал хүнд байна гэдэг зүйлийг ярих нь багасахгүй байгаа. Тиймээс ч дээрх асуулт хүчинтэй хэвээрээ л байгаад байна. Харин энэ тал дээр эдийн засагчид  “Өсөлтөөс орж ирж байгаа ашиг хүн амд тэгш хуваарилагдаж чадахгүйгээс болж байна” гэсэн тайлбар өгдөг. Тэрчлэн МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн багш С.Даваасүрэнгийн байр суурийг хүргэе.

-Эдийн засгийн өсөлт бүр ядуурлыг бууруулдаггүй. Ядуурал гэдэг эдийн засгийн гэлтгүй хөгжилтэй уялдаа холбоотой. Хөгжлийн гэдэг нь эдийн засагт бүтээгдсэн зүйл нэг хүнд хэрхэн яаж оногдож, хүмүүс түүнд хэрхэн яаж оролцож, хэр их хэмжээгээр хүртсэн, хэр зэрэг хүртээмжтэй байсан гэдэгтэй холбоотой ойлголт. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар манай улсын ядуурлын хэмжээ 2010 онд 39,2 хувь. 2011 онд 29,8 хувь болсон. Нийт хүн амын гуравны нэг хувь нь ядуурлын түвшинд амьдарч байна гэсэн судалгаа бий. Үүний цаад талыг томоор харахад орлогын тэгш хуваарилалт хэр хийгдэж байна вэ гэдийг илтгэх асуудал. Үүнийг бас өөрөөр хэмждэг. Илэрхийлдэг нэг ойлголт нь жини коеффицент. Үүгээр орлогын хуваарилалтад алдаа байна уу гэдгийг гаргадаг. Манайд энэ үзүүлэлт 0,33 хувь байна. Эдийн засаг сүүлийн зургаан жилд дунджаар 8,5 хувиар өсөхөд 2008, 2009 онд жини коеффицент 0,36 гэсэн үзүүлэлттэй байж байгаад 0,33 хувьтай болсон. Энэ үзүүлэлт өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй. Энэ нь юуг хэлж байна уу гэхээр орлогын тэгш бус байдал манай улсын эдийн засагт байна гэсэн үг.

Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Энэ нь тус салбараас орж ирдэг татварын орлого улсын төсвийн талаас илүү хувийг бүрдүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар ДНБ-ний 40 хувийг эзэлж байна. Гэтэл иргэдийг тогтмол ажил, орлоготой байлгаж ядуурлыг бууруулдаг аж үйлдвэрлэл болон, хөдөө аж ахуйн салбар шахагдаж, хөгжихгүй байгааг эдийн засагч, судлаачид анхааруулсаар байгаа. Энэ талаар СЭЗДС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч, судлаач Ц.Батсүхээс тодруулахад:

-Манай улсад үр ашигтай салбар нь уул уурхай болоод дотоодын хөдөлмөрийн болон хөрөнгө оруулалтын бүх нөөц энэ салбар руу чиглэж эцсийн дүндээ эдийн засаг ганц энэ салбараас хараат болж байна. Энэ нь манай улсын эдийн засаг маш тогтворгүй салбараас их хамааралтай болж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засагт “Голланд өвчин”-ий ерөнхий шинж тэмдэг аль хэдийнэ илэрсэн гэсэн үг. Уул уурхайн салбар эдийн засагт дангаараа тэргүүлснээр аж үйлдвэрийн салбарыг шахаж байна. Өнөөдөр ДНБ дотор аж үйлдвэрийн болон ХАА салбарын эзлэж байгаа хувь дэндүү бага байна. Хуучин нийт эдийн засгийн 30-40 хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 14-хөн хувьтай байна. Аж үйлдвэрийн салбар найман хувьтай болсон байна гэдэг нь манай улс аль салбараас хамгийн их хамаарч байна гэдгийг харуулж байна. Эцсийн дүндээ бид маш тогтвортой эдийн засагтай больё гэж байгаа бол аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Тэгэхээр эдийн засагчдын байр суурийг харахад эдийн засгийн өсөлтийг иргэдийнхээ бодит амьдралд нааж өгөхийн тулд Засгийн газар, Монголбанк бодлогоо зөв боловсруулж, хэрэгжүүлэх ёстой юм. Нэг талаас уул уурхай дагаж орж ирсэн мөнгөний урсгалыг хэрхэн залуурдаж, арвижуулах вэ гэдэг нь төр, засгийн бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшний эрхмүүдийн эрх мэдлийн хүрээний асуудал. Мөн нөгөө талд эдийн засагчдынхаа санаа оноог тусгадаг механизмыг ч бүрдүүлэх шаардлага байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top