Дани, Япон, Туркийн компаниуд манай сэргээгдэх эрчим хүчний салбарт орж ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг хөгжүүлэх талаарх  бодлогын баримт бичгүүд батлагдсанаар манай оронд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах үйл ажиллагаа илүү хурдацтай хөгжих бодлого, эрх зүйн орчин бүрджээ.  Үүний дүнд энэ чиглэлээр  үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэн, өнгөрсөн хугацаанд Данийн VESTAS фирм, Японы ЭБАРА корпораци, Туркийн AYDINER групп болон манай улсын Ньюком, Сайншанд салхин парк, Cleantech, Престиж групп,  Нью прогресс групп зэрэг гадаад дотоодын зарим байгууллагууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, барилга байгууламж байгуулах тухай санал хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг шат дараатай хэрэгжүүлэн,  2010 оны түвшинд улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 3-5 хувь, 2020 оны түвшинд 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэхээр заажээ.

Өнөөгийн байдлаар сэргээгдэх эрчим хүч нь манай улсын эрчим хүчний нийт хэрэглээний дөнгөж 1,08%–ийг эзэлж байгаа бөгөөд Дөргөн, Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаар ашиглалтад орсноор улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 4,52% хүртэл нэмэгдэх юм байна.

Ямартай ч, манай улс нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц дээр тулгуурласан эрчим хүчний уламжлалт арга технологио улам боловсронгуй болгохын зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөө багатай сэргээгдэх эрчим хүчний технологийг дэмжин хөгжүүлж эрчим хүчний нийт үйлдвэрлэлд түүний эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор эрчим хүчний хангамжийн бүтцийг өөрчлөх чиглэлд зарим ажлуудыг эхлээд байна.

Эхэнд өгүүлсэнчлэн Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг хөгжүүлэх явдлыг хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болгохоор зааж,  2005 оны 6-р сарын 9-нд УИХ-аас Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Түүнчлэн 2007 оны 1 дүгээр сарын 11 өдөр “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-ийгбаталж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх, энэ салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний үнийг хуульчлан тогтоож, арваас доошгүй жил урт хугацаанд тогтвортой мөрдөхөөр болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top