Голландын Ерөнхий сайд асан Вим Кок зөвхөн улсынхаа эдийн засгийг авраад зогсоогүй, байгалийн арвин баялагтаа хараагдах магадлалтай байсан өөр бусад улс орнуудад үнэтэй зөвлөгөөг хүргэж чадсан эрхэм. Тэгвэл энэ эрхэм Монголын Эдийн Засгийн Чуулганы хүндтэй зочноор хүрэлцэн ирж, оролцоод байна.Тэрээр өөрийг нь урьж авчирсан Ерөнхий сайд Н.Алтанхуягтай өнөөдөр уулзжээ.
Манай эдийн засагт 2008 оноос эхлэн шинж тэмдэг нь ажиглагдсан “Голланд өвчин”-ийг “анагааж” чадсан тэрээр өөрийн туршлагаасаа манай улстөрчидтэй, мэргэжилтнүүдтэй хуваалцаж байна.
Голланд өвчин гэдэг нь эдийн засгийн салбар дахь байгалийн баялгийн өсөлт, үйлдвэрлэлийн салбарын уналт хоёрын харьцаагаар тодорхойлогддог. Тодруулбал, Голланд улсад 1959 онд байгалийн хийн асар том орд нээгдсэний дараа зөвхөн энэ салбартаа ач холбогдол өгснөөр, өмнө нь хөгжчихөөд байсан аж үйлдвэрлэлийн салбар нь уналтад орсон байдаг. Харин тэр үед тус улсын Ерөнхий сайд Вим Кок үүний эсрэг арга хэмжээ авч, Засгийн газар нь мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, тооцоотой, төлөвлөгөөтэй хандаж чадсанаар өвчнөөсөө ангижирч чадсан байдаг.
Тэрчлэн ноён Вим Кок манай Ерөнхий сайдтай уулзахдаа өөрийн улсын уул уурхай, эдийн засгийн салбарт тохиолдсон хямралыг ямар алхмууд хэрэгжүүлж даван туулсан тухайгаа жишээ болгон яриад Монголчууд ийм хямралыг давтахгүй байх, энэ салбарын хөгжлөө зөв удирдан чиглүүлэхэд зайлшгүй анхаарах асуудлын талаар санал солилцжээ.
Тэрээр Уул уурхайн салбарын орлого өсөхийн хэрээр тэнд ажиллагсдын цалин хөлс нэмэгдэж, энэ нь бусад салбарт ихээхэн нөлөөлөх нь хямрал үүсгэх үндсэн нөхцөл болдгийг онцолсон байна.
Тэгэхээр эрдэс баялаг ихтэй орнуудад хуримтлал үүсч чаддаггүйн шалтгаан эдийн засаг талаасаа Голланд өвчин нэрээр алдаршсан эдийн засгийн сувгууд гэж үздэг талаар өмнө нь дуулгаж байсан билээ. Уул уурхайн салбар үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг бусад салбараас татаж авдаг. Өндөр боловсролтой боловсон хүчин уул уурхайн салбар луу шилжих хөдөлгөөн хүчтэй явагдаж бусад салбар нь чадвартай боловсон хүчний дутагдалд орон үйлдвэрлэлийн бүтээмж буурч, бүтээгдэхүүний дундаж чанар доошилдог нь нэгэнтээ тодорхой болчихсон.
Уул уурхайгаас орж ирэх орлого нэмэгдсэнээр эдийн засаг дахь цалин болон үнийн түвшин өсөх дарамт болж улмаар өрсөлдөх чадварыг сулруулдаг .Мөн уул уурхайн салбар эдийн засагт байгаа капитал болон хөдөлмөрийн хүчин зүйлсийг татсанаар нэг салбарын хэт давамгайлал бий болж түүхий эдийн үнийн хэт хамаарлыг бий болгодог. Эдийн засгийн хүчин зүйлсээс гадна улс төрийн шийдлүүд юуны түрүүнд түүхий эдээс орж ирэх орлогын муу удирдлага нь нөхцөл байдлыг улам даамжруулдаг гэхчлэн асуудлууд бий юм.
Бидний өдгөө шүтээд байгаа байгалийн баялаг эдийн засаг, нийгэмд дандаа сайн сайхныг дагуулдаггүй. Уул уурхайн бүтээгдхүүний экспортод тулгуурласан эдийн засаг урт хугацаанд өсөлтийг үзүүлж чаддаггүй нь улс орнуудын эдийн засгийн өсөлтийн судалгаанаас харагддаг. Байгалийн баялгаа их хэмжээгээр экспортлож байсан улс орнуудын эдийн засаг бодит өсөлтийг үзэж чадаагүй байхад, дотооддоо үйлдвэрлэгчдийн эдийн засаг өссөн үзүүлэлттэй байх нь нийтлэг.
Тэгэхээр уул уурхайн цөөн нэр төрлийн бүтээгдхүүний экспортод л дөрөөлөн урагшилж байгаа манай эдийн засаг хэдийнэ Голланд өвчинд нэрвэгдсэн учраас энэ өвчнийг анагааж чадсан эрхмийн санаа оноо яах аргагүй үнэтэй болов уу.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )