Монголчууд Давосыг Монголдоо хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн ордонд болж байгаа Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг нээж өнөөдөр үг хэлсэн юм. Үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Монголын төр иргэддээ эрсдэл биш дэмжлэг болдог байх ёстой

 Энд хүрэлцэн ирсэн эрхэм хатагтай ноёдын түмэн амгаланг айлтгая. Та бүхэн жинхэнэ монгол брэндийг сая харлаа. Манай өвөг дээдэс, монголын ард түмэн бий болгосон олон брэнд байгаа. Язгуур урлаг бол Монголын нэрийг олон улсад гаргаж байгаа, олон хүний анхаарлыг татдаг Монголын үнэхээр сайн брэнд юм.

Эдийн засгийн чуулган жил бүрийн гуравдугаар сард болж, манай нийгмийг бизнес эрхлэгчдийн, улс төрийн хүрээнийхний, олон нийтийн, ард иргэдийн анхаарлыг байнга татдаг. Ноднин энэ индрээс эрсдэлийн тухай ярьж байсан. Төр хамгийн том эрсдэл болж хувираад байна. Төртэй холбоотой, түүнийг тойрсон асуудлыг шийдэхгүй бол энэ эрсдэлийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөө, улс орны амьдралд үзүүлж байгаа нөлөө багасахгүй байна гэсэн дүгнэлт хийж байсныг санаж байгаа байх аа.

 Мөнгө зарцуулахгүй, гаднаас хөрөнгө оруулалт татахгүйгээр засч болох зүйл бол өөрөө өөрийгөө засах явдал юм. Монголын төр ард иргэддээ эрсдэл биш харин дэмжлэг болдог байх энэ нөхцөл байдлыг бий болгохын тулд бид өөрсдөө хичээх ёстой. Монголын эрсдэлтэй байдал нь төрөөс болон төрд ажиллаж буй эрх мэдэлтнүүдээс болж байна. Гэхдээ нөхцөл байдал сайжирч байгаа.

 “Балдан өөрөө л унасан юм байна лээ шүү дээ” гэсэн үг байдаг. Хүн өөрөө л өөрийгөө балладаг. Хүн зорилго өмнөө тавиад зүтгэвэл өөрчлөгдөж чаддаг. Одоогоос арваад жилийн өмнө бид хийж буй бизнестээ жилд нэг удаа томоохон өөрчлөлт хийж байна, сардаа нэг хийхгүй бол болохоо байж байна хэмээн дүгнэж байсан. Өнөөдөр тэр шаардлага багассан байх. Төр эрсдэл болоод байгаа нь өөрчлөлт удаан байгаатай холбоотой.

 Сайд дарга нар санаан зоргоор асуудал шийддэг явдал байгаад байна. Уг нь “rule of law”буюу хуулиар засаглах зарчмыг баримтлах нь хамгийн оновчтой. Албан тушаалтны засаглалаар бус хууль, дүрэм, журамд захирагдах ёстой. Ардчилал гэдэг нь хуулиар тогтоосон хязгаар юм. Тэр албан тушаалтнуудын дур зоргын асуудал биш, хуулиар тогтоосон хэм хэмжээ юм. Гэтэл өнөөдөр хэн ямар салбарын сайд болсноос асуудал хэрхэн шийдэгдэх нь шалтгаалж байна шүү дээ. Тэр сайд оногдсон ажлаа өөрийн, хувийн мэт боддог болж. Энэ сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд хууль, дүрмийг өөрчлөх нь чухал. Өөрчлөх тал дээр ахиц гарч, тодорхой амжилтад хүрсэн ч хараахан болоогүй байна.

 Монголчууд Давосыг Монголдоо хийнэ

 Өнгөрсөн нэгдүгээр сард бид Давосын чуулганд оролцсон. Клаусс Шваб гэх хүний санаачилсан энэ чуулган ямар учраас амжилтад хүрч, дэлхийн нөлөө бүхий эдийн засагч, улс төрчдийг хамарч, байгууллага компаниуд их хэмжээний мөнгө төлж оролцдог томоохон арга хэмжээ болж чадсан юм бэ? Учир нь дэлхийн ерөнхий төлөв байдлыг мэдэрч, шилдэг эдийн засагч, судлаачдын үзэл бодол, байр суурийг ойлгох боломжийг оролцогчдод олгодог. Монголын Эдийн засгийн чуулганы гол зорилго нь мөн дээрхтэй адил гэж би хувьдаа бодож байна. Монгол Улс зөвхөн монголчуудынхаа бус олон улсын анхаарлыг татдаг болсон.

 Монголчууд Давосыг Монголдоо хийе гэсэн санаачилга гаргасан. Гадаадын улс орнуудад энэ чуулганыг ингэж зохион байгуулах тохиолдол ховор, ОХУ-д нэг удаа хийсэн. Энэ саналыг Клаусс Шваб зөвшөөрч, Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт хийгээд тэр төлөөлөгчдөө авчирч оролцуулъя гэсэн. Монгол өнөөдөр сонирхлын бүс болж хувирсан гэж ярьсны үндсэн дээр энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

 Ирэх 2014 оны нэгдүгээр сарын Давосын чуулганы сэдэв бол “Монгол” юм. Тав, арван жилийн дараах Монгол Улс ямар байх вэ гэдгийг тэнд ирэх жил ярилцана. Бид ийм өргөн хүрээнд энэ ярьж буй зүйлээ хармаар байна. Бид өнөөгийн эдийн засгийн орчин, нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Үнэ ханш сэтгэл зовоосон хэвээр байгааг энд цугларсан бизнес эрхлэгчид мэдэж байгаа. Нэг хүнд ногдох малын тоогоор Монгол дэлхийд дээгүүр орох мөртөө махны ханш өндөр байна. Нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг байж гадаадын улс орноос цахилгаанаа авдаг, ийм л сонин улс орон шүү дээ. Энэ бүгдээс үүдээд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна шүү гэдгийг бид бэлхнээ харж болно.

 Монгол руу чиглэж байсан гадаадын хөрөнгө оруулалт эргэж гардаг боллоо

 Монгол руу чиглэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Бүр зарим нэг салбарт зогссон гэж хэлж болохоор байна. Монгол руу чиглэж байсан гадаадын хөрөнгө оруулалт эргэж гардаг болсон. Энэ нь мөн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж байна. УИХ өнгөрсөн тавдугаар сард стратегийн салбарын хөрөнгө оруулалттай холбоотой хууль баталсан. Тодорхой хэмжээнээс дээш хөрөнгө оруулах тохиолдолд УИХ, Засгийн газраар авч хэлэлцдэг журам гаргахаар болсон. Өнөөг хүртэл тэр журмаа гаргаж чадаагүй байна. Энэ журам маш тодорхой байх хэрэгтэй. Бид төгрөгөө гадаадад гаргахад хөрөнгө оруулалт болж чадахгүй, төгрөг тэр хэмжээнд хүрээгүй.

 Хэдий хэмжээний доллар орж ирснээс шалтгаалан Монголын эдийн засагт төдий хэмжээний нөлөө үзүүлж, баялаг болон хувирах боломж байгааг бид анхаарч үзэх учиртай. Хөрөнгө оруулалт хүндэрч, Засгийн газрын бонд гарсан. Хөрөнгө оруулалт татаж чадахаа болиод ирэхээр улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж зээл авснаар Монгол орныг өрөнд оруулж байна. Ухаалаг эдийн засагч бол хөрөнгө оруулалтын орчноо сайжруулаад, орж ирснээс нь татвар аваад сууж байх ёстой. Үүнд төр заавал оролцож саад болох албагүй. Монголд өнөөдөр яам төмөр зам тавих дээрээ тулаад байна шүү дээ. Төмөр зам тавих, нүүрсний уурхай барих ажлыг аж ахуйн нэгжүүдэд нь орхиж, төрөөс бага зэргийн дэмжлэг үзүүлээд татвараа хураах л үүргийг хүлээх ёстой. Төр ийм хялбар арга замаар ажиллах ёстой.

 

Эдийн засаг ямар байгааг өрсөлдөх чадварын тайлангаас харах боломжтой

 Өөр нэг асуудал бол эдийн засгийн өсөлт саарсан явдал юм. Өнгөрсөн 2011 онд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр 12 хувь руу унасан. Энэ бол том дохио гэж үзэж байна. Амьдрал бодит байдал дээр тийм ч энгийн, амархан биш. Иймээс бид асуудлыг тал бүрээс нь харах ёстой. Давосын чуулганаас “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” хэмээх бичиг баримтыг гаргадаг.  Үүнийг гол чиглэлээ болгон дараа нь үр дүнгээ ярилцдаг. Тэгэхээр бид Эдийн засгийн чуулганаа үүн шиг хэмжүүртэй болгох санааг дэвшүүлэх гэсэн юм. Аливаа зүйлийг хар цагаан, сайн муу гэж ярих амархан. Иймээс бид хийсэн ажлаа үнэлэх хэмжүүрээ гаргая. Дунд сургууль хүртэл А, В, С гэх мэтээр сурагчдынхаа мэдлэгийг үнэлдэг шүү дээ.

 Бид эдийн засгийн чуулганаар Монгол ямар давуу талтай, ямар сул талтай байна вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. 2009 онд манай бизнес эрхлэгчид болон Ерөнхийлөгчийн Тамгын газар “Монголын өрсөлдөх чадварын төв” ТББ-ыг байгуулсан. Энэхүү байгууллага гурван жилийн тайлангаа “Монголын өрсөлдөх чадварын тайлан” нэртэйгээр Дэлхийн эдийн засгийн чуулганы стандартын дагуу гаргасан. Монгол Улс болон дотоодын эдийн засгийн байдал чухам ямар түвшинд байгааг энэхүү тайлангаас харах боломжтой.

 Тайлангаас үзэхэд Монгол Улс өрсөлдөх чадвараар дэлхийн 144 орноос 93-т оржээ. Энэ үзүүлэлтээр бид сүүлийн гурван жилийн турш ахиц гаргаагүй, 3.9 гэсэн оноотой хэвээр байна. Тэгэхээр бид байрандаа эргэлдээд байна гэсэн үг юм. Зарим хүн Монголын эдийн засаг цойлоод, өсөлтийн хурдаар хоёр оронтой тооноос буухгүй гэж ярьдаг. Монгол Улс бусад улс орны нэгэн адил л урагшилж байгаа. Бусад улс зогсоод Монгол ганцаараа урагшилж буй хэрэг биш. “Өрсөлдөх чадварын тайлан”-гаас үзэхэд Монгол байрандаа зогссоор байгаа мэт харагдаж байна.

 Монгол Улс ганцаараа эдийн засгаар тэргүүлээд байгаа юм биш. Дэлхийн Банкнаас гаргасан Бизнес эрхлэх орчны 2012 оны судалгаагаар Монгол Улс 183 орноос 88-д орсон. Бид “Өрсөлдөх чадварын тайлан”-гаа гаргахдаа 14+Монгол гэж гаргадаг. Хөгжлийн түвшингээр ойролцоо 14 улс орныг сонгож аваад Монголыг жишин, судалгаа тайлан хийдэг гэсэн үг. Гэтэл гурван жилийн турш Сингапур нэгд орж, Монгол сүүл мушгиж байна.

 Бид ийм маягаар хэмжүүр тавьж харахгүй байгаагаас ажил урагшаа явахгүй байна. Өрсөлдөх чадварт хамгийн их саад болж байгаа нь улс төрийн орчин гэж гарчээ. Өвчинг зөв л оношилдог юм байна. Хоёрт монголын эдийн засгийг хойш нь татаж байгаа юм бол дэд бүтцийн сул хөгжил. Хорин жил энэ талаар ярьсан шүү дээ. Төмөр зам, эрчим хүч, бусад дэд бүтцийн асуудал гээд. Зөөлөн дэд бүтэц гэж яригддаг эмнэлэг, сургуулийн хөгжил хойш нь татаж байна.

 Би зүгээр ингэж боддог. Ямар азаар нийтийн хоолны газар, зочид буудлууд хувьд очсон юм бэ. Нэг яам хариуцдаг байсан бол ерөнхийдөө мөнгөтэй хүн үдийн хоолоо Бээжин, Эрээн явж идэх байсан байх. Боловсролын, эрүүл мэндийн яам байсаар байтал салбар нь унаад яваад байна. Өрсөлдөх чадвараар хамгийн муу үнэлгээ авч байна. Энэ бол эрсдэл юм шүү гэдгийг харуулж байгаа юм.

 

Тэгэхээр бид улс орондоо бодлого гаргахын тулд байгаа байдалдаа дүгнэлт хийх ёстой. Гашуун үнэнийг сонсож чаддаг байх ёстой. Манай дарга нарын бас нэг дутагдал бол хүсч байгаагаа л сонсох дуртай. Тэр нь магтуулах. Жаахан шүүмжлэл хэлэх, сүүдрийг нь харуулахад дургүй.

 Эрх мэдлийг төвлөрүүлсний сөрөг үр дагавар

 Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргаж эхэлж байгаа. Энэ бас их чухал зүйл гэж бодож байна. Ядуурал, ажилгүйдэл гэж ярьдаг. Энэ бол нэг үзүүлэлт мөн байх. Гэхдээ өрсөлдөгч чадварын тайланг 330 үзүүлэлтээр бид гаргаж байгаа. Аймгуудын өрсөлдөх чадварыг 180 үзүүлэлтээр гаргаж байна. Монгол ямар байдалтай байна гээд аваад үзэхээр манай дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь нь Улаанбаатарт бий болж байна. Түүнийг дагасан төвлөрөл, хүндрэлүүд бас харагдаж байна. Эрдэнэтэд 10 хувь нь бий болж байна. Ингээд давхар 75 хувь нь Улаанбаатар, Эрдэнэт хоёроос босч байгаа юм. Цаана нь үлдэх 25 хувь нь бусад аймгуудад ноогдож байна. Тэгэхээр энэ Монгол чинь ямар янзын хөгжилтэй байна гэдэг нь харагдаж байна. Саажилттай юм шиг харагдаж байгаа. Дээр нь Өмнөговь аймагт 10 хувь нь бий болж байна гэвэл өчүүхэн хоёр гурван цэг дээр ажил өрнөж, байна. Ер нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өмнөговь гэсэн хэдхэн нэр л гарч байна. Аймгууд бие биеэсээ их хоцорч байна. Дундговь аймгийн хөгжил Эрдэнэтийнхээс гурав дахин буурай байна. Зөв бодлогоор хөгжүүлсэн бол Дундговь аймаг аялал жуулчлал, урлаг соёл гээд хөгжлөөр урагшлах боломж байсан. Бид иргэд, орон нутгийн удирдлагад ямар ч эрх өгөөгүй. Сайд дарга нарын нөлөө, эрх мэдлийг энд төвлөрүүлсний сөрөг үр дагавар энэ.

 Бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө өрсөлдөж байх ёстой

 Хувьсгал эрхийн шилжилтээр тодорхойлогддог. Тэрнээс биш эрх мэдэлтэн, улс төрийн нам солигдсоноор тодорхойлогддоггүй. Эрх мэдэл ард иргэд, орон нутагт очоогүйгээс байдал хэвээрээ байна. Төр засаг нь орон нутгийн төр захиргааны байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд зориулагддаг. Орон нутаг нь иргэддээ дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Орон нутгийн захиргааны нэгжүүд бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө уралдаж, өрсөлдөж байх ёстой. Жишээ нь Улаанбаатарт бизнес эрхэлснээс Увсад эрхэлсэн нь илүү ашигтай, арван хувийн татварын хөнгөлөлттэй юм байна гэж ярилцах хэмжээнд хүрэх ёстой.

 Тэгэхээр эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал, татварын бодлогоо хэрхэн тодорхойлох вэ? Орлого нэмэгдэх боломжтой газар л хүн амьдарна. Өнөөдөр зөвхөн Улаанбаатарт орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэсэн үзэл бодолтой иргэд цөөрсөөр байна шүү дээ.

 Төр ингэж дэмжинэ. Бодлогыг дагаад бүтэц бий болох ёстой. Институт байх ёстой. Хуучин таарахгүй байгаа институтыг татан буулгаад шинийг бий болгох ёстой.

 Монгол брэнд гэж ярьж байгаа нь гадагшаа бүтээгдэхүүнээ гаргах тухай асуудал. Энд 1000 төгрөгөөр бүтсэн зүйл гадагшаа гараад хоёр ам.доллараар зарагддаг, тэр нь эргээд Монголдоо ордог ийм л зүйлийг ярьж байна. Энэ бол жинхэнэ баялаг. Тэр мөнгө эргэж орж ирээд бусад салбараа тэтгэнэ. Ийм л асуудал шүү дээ. Энд бодлого хэрэгтэй гэж олон жил ярьсан. Одоо үүнийг Засгийн газар олж харж, дэмжихээр болж байгаа нь зөв. Гэхдээ дэмжлэг зөв байх ёстой.

 

Экспортын бодлогыг барьдаг бүтэц хэрэгтэй байна

 Экспортын бодлогыг барьдаг нэг тийм бүтэц хэрэгтэй байх. “Монгол экспорт” корпорац гэж байх юм уу. Түүнийгээ гадаад худалдаа, дотоодын үйлдвэрлэлийн бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй. Тэгж л чадах юм бол бид одоо яг тусах гээд шуухинаад хатгаа болох гээд байгаа Голланд өвчин, уул уурхайн өвчнөөс урьдчилсан сэргийлж болно. Голландын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, энэ асуудалд хамгийн их анхаарал хандуулж дэлхий нийтэд нэрд гарсан Бин Кок гуай ирсэн байна. Миний дараа Бин Кок гуай энэ талаар дэлгэрэнгүй ярих байх аа.

 Бид нэг зүйлд их толгой эргэсэн байна. Монголын эдийн засаг дэлхийд хамгийн хурдтай явж байгаа гэж. Монголыг гадна, дотныхон хараад “Майнинг бум” буюу уул уурхайн хөгжлийн тэсрэлт болж байна гээд байдаг. Гэтэл тэсрээд байгаа зүйл ерөөсөө алга. Хамгийн том ганц ордоо л босгох гэж байгаа биз дээ. Тэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад дахиад таван жил дутуу. Өнөөдөр баяжмал гаргах төвшинд л хүрч байгаа. Өөр хаана тийм тэсрэлт болчихоод байгаа юм бэ. Бүү андуур. Байгаа хэдийгээ зөөж л гаргаж байгаа биз дээ. Гэхдээ энэ нь бас нэг сайн үр дагавартай. Хэрэв бум болоод бид буруу залсан бол Голланд өвчин тусчихсан. Бид тэр өвчнөөс арай нэг алхмын зайтай байгаа байж магадгүй. Одоо л бид бодлогоо гаргаад, анхаараад явахгүй бол болохгүй.

 Чингисийн үед төр гэдгийг дэг журам гэж ойлгож байсан юм шүү

 Манай ганц ололт нь Монгол нээлттэй улс. Бас төртэй улс. Төр ёс гэдэг нь хууль, журам гэсэн үг. Манайхан нэг юм буруу ойлгосон байдаг. Төр гэдгийг дарга гэж ойлгодог. Чингисийн үед төр гэдгийг дэг журам гэж ойлгож байсан юм шүү. Төр гэдгийг ёс суртахуун гэж ойлгож байсан. Төр гэдгийг хууль гэж ойлгож байсан. Төр гэдгийг Их засаг хууль гэж ойлгож байсан. Бид дэлхийн шинэ бүтцийг тодорхойлж явсан үндэстэн. Тиймээс Монгол Улс хуультай гэдгийг байнга санах ёстой. Ард иргэд нь эрхтэй гэдгийг санах хэрэгтэй. Ард иргэдийн ярьдаг, хэлдгийг дамжуулдаг, хэрэгжүүлдэг төртэй гэдгийг санах хэрэгтэй. Дотоодын ч бай, гадаадын ч бай хүмүүстэй нээлттэй гэдгээрээ нээлттэй ярилцъя. Бид сүүдрээ нуудаггүй. Замаасаа буцъя гэж хэн ч хэлээгүй. Хэлснээсээ буцъя гэж хэн ч хэлээгүй. Ярилцъя л гэж байгаа. Асуудлууд үүсээд байна, ярья. Байгаль орчныхоо асуудлыг яаж шийдэх юм. Цаасан дээр бичсэнийг амьдрал дээр аваад үзэхээр өөр харагдаад байна. Үүнийг ярилцъя, хэдүүлээ. Бид ярилцаж асуудлаа шийддэг нийгэм рүү орсон. Сайн муугаа ярилцаж, түүнээсээ дүгнэлт хийн урагшаа явдаг нийгмийг бид байгуулах гэж явж байна. Энэ бол Монголын давуу тал.

 Монгол бол төртэй, хуультай, эрхээ мэддэг ард түмэнтэй, нээлттэй улс

 Монголыг өнөөдөр Ерөнхийлөгч мэддэг юм биш. Монголын хамгийн дээд засаглал иргэдийн гарт байгаа. Энэ бол Монгол Улсын давуу тал. Үүнийг бүү андуур. Төр нь их оролцоод Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад халтай байна гэж андуурах хэрэггүй. Харин зарим нь Монголыг андуурч ирсэн байж магадгүй. Зүгээр орж ирээд ухаад төр нь хараагүй юм шиг, ард түмэн нь хараагүй юм шиг аваад гардаг гэж андуурсан байж болно л доо. Гэхдээ одоо бол хуультай, төртэй, эрхээ мэддэг ард түмэнтэй, нээлттэй нийгэмтэй улс оронд ирсэн. Зарчимтай улс оронд ирсэн гэдгийг тал талаасаа мэдэхгүй бол болохгүй. Юм хар, цагаан, сайн, муу гэдгээрээ биш юм. Эх оронч байна, эх орныхоо төлөө явна гэдэг бол эх орон гэж мундаг хашгирахаас, аль эсвэл орж ирж байгаа юмны өөдөөс мундаг хашгирснаар тодорхойлогдохгүй. Дахиад дотор нь юм бий. Бид гэрийг гаднаас нь хараад цагаан бүрээстэй байна. Нэг бол бүрээсгүй байна гэж ярьж байгаагаас ялгаагүй. Гэр дотор ороод харахаар бүхэл бүтэн амьдрал байдаг. Үүнийг мэдэхгүй л байна. Хаана авдар нь, хаана эргэнэг нь байдаг юм. Хаанаа ор нь байдаг юм. Эмэгтэй хүн хаанаа суудаг юм. Эрэгтэй хүн хаанаа суудаг юм. Зуух нь хаанаа, тогоо нь ямар байдаг юм. Зөндөө олон зүйл, зөндөө олон бэлгэдэл байгаа. Бүхэл бүтэн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, уламжлал байгаа шүү дээ. Ийм нарийн зүйл байдаг.

 Юмны тэнцвэрийг олж асуудлыг шийднэ гэдэг амаргүй. Бид эдийн засгийн ашгаа ч харах хэрэгтэй. Нөгөө талаас улс төрийн эрсдэлээ ч харах хэрэгтэй. Нээлттэй байгаа байдлаа ч харах хэрэгтэй. Их олон зүйлийг харж байж цаашаа явах хэрэгтэй болж байгаа юм.

 Хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг бизнесийн орчноо сайжруулж олно

 Гэрэл гэгээтэй хоёр зүйлийг хэлье. Монгол Улсын олон улсын нэр хүнд сүүлийн жилүүдэд өссөн. Гадагш дотогш явахад уулзсан хүн бүхэн хэлж байгаа юм. Монгол моодонд орсон байна. Сонирхдог болсон байна. Монгол руу очих юмсан, хамтрах юмсан гэдэг болж. Үүний үзүүлэлт бол 1,5 тэрбум ам.долларын бонд босгосон явдал. Энд тогтсон нэг зарчмыг эвдэж болохгүй. Уг нь бүр илүү багаар тогтооё гэж бодож байсан юм. Бондын мөнгөөс нэг ам доллар зарахад хөрөнгө оруулалтын дөрвөн ам доллар босго гэж шаардлага тавьж байгаад нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгийг бондоос санхүүжүүлье, хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулаад гуравны хоёрыг нь олъё гэж тохирсон. Тэр мөнгийг зөвхөн гадаадаас ч биш дотоодоос ч олж болно. Ийм боломжуудыг дотоодын компаниуудад олгоё гэдэг зарчмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр тогтсон юм. Үүнийг зөрчсөн ямар ч албан тушаалтан шууд хариуцлага хүлээх болно шүү гэдгийг дахин эндээс хэлье.

 Бизнес эрхлэх боломжийг хааж хаячихаад нэг хэсэг улстөрчид улсынхаа нэр хүндээр өндөр хүүтэй бонд хөөцөлдөөд улсаа давхар давхар өрөнд оруулаад явж болохгүй. Бид хөтөлгөө морьтой хамт явах ёстой. Дээр үед манай өвөг дээдэс хол явахдаа хажуудаа хоёр хөтөлгөө морьтой явдаг байсан.Дээр үеийн цэрэг дайны үед ч тийм байсан. Одообол тэр хөтөлж яваа хоёр морь нь буюуэнэ зарчим нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчин юм. Ганц морьтой давхиад нэг их хол явж чадахгүй. Тэгэхээр энэ зарчмаа хадгалж явах ёстой шүү гэж хэлж байна.

 Хууль ёс гэдэг баялаг юм байна гэж ойлго

 Хоёрт хуулийн салбар, түүнийг тойрсон асуудлууд харьцангуй сайжирч байна.Жишээлбэл одоо хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж буй хүн “Ер нь төрд алба хаана гэдэг хэцүү болж байна шүү, орж ирсэн нэг доллар, төгрөг бүхнээ, дээр нь эхнэр, нөхөр, түүний хамаатан садан гээд л бүгдийг нь мэдүүлж байна.Хэрвээ дутуу бөглөсөн бол хариуцлага хүлээнэ” гэж бодож байгаа.Тэгэхээр төрийн албаруу хэрээ мэдэхгүй, асуудлыг буруу ойлгон амьдарлаа өөд татах хэлбэр мэтээр харсан, байх газраа, тивээ андуурсан нөхдийн буруу дайралтыг зогсоох гэж оролдож байгаа юм. Энэ чиглэлийн ажил ч гайгүй явж байна. Үүнийг зөвхөн монгол бус дэлхий нийт тэр судалгаа шинжилгээгээрээ харуулж байна. “Transferency international” гээд дэлхийн хараат бус, олон улсын судалгаа шинжилгээний газрын илтгэлд Монгол Улс авилгалын индексээрээ 2011 онд 120 дугаарт явж байсан бол 2012 онд 94 дүгээр байрт орсон байна. 26 орноор нэгхэн жилийн дотор урагшаа ахисан.Би зарим үзүүлэлтээрээ нэг ч орныг ардаа орхиж чадахгүй байна гэж байсан бол дээрх индексээр авлигыг маш хурдтай бууруулж чадлаа.Үүнийг дэлхий нийт мэдэрдэг юм байна. Үүнийг хэмждэг, гаргадаг шинжлэх ухаан, үзүүлэлтүүд байдаг юм байна. Энэ үзүүлэлтээр, авлигалын индексийн бууралтаар хамгийн хурдтай манлайлсан улсаар Монгол дэлхийд тодорсон юм. Төрийн тогтолцоо нь боловсронгуй болж, сайжирч байгаа улсаар Монгол улс тодорсон шүү. Одоо энэ ололт амжилт, сайн үзүүлэлтүүдээ хадгалаад улам цаашаа явах ёстой. Ингэж чадвал хууль ёс гэдэг баялаг юм байна гэж ойлго. Бид зөвхөн уул уурхай, мөнгө баялаг гэж ойлгоод байгаа юм.

 Том компаниуд хурдхан олон нийтийн болъё

 Одоо бид тэр ганц гишүүнтэй аж ахуйгаасаа шинэ шатанд гаргах хэрэгтэй. Манайд нэг ажил сайн хийгдэхгүй байна. Том компаниуд хурдхан олон нийтийн болох талруу явах хэрэгтэй. Жишээлбэл 20 хувиа хувьцаа болгоод олон нийтэд зараад үзлдээ.Эсвэл тэр хувиа ажилчдадаа өгөөд бүгд хариуцлага хүлээгээд урагшаа алх л даа. Ингэж байж баялаг бүтэх ёстой. Том компаниуд л гээд байдаг.Гэр бүлийн гишүүдээсээ цааш гараагүй л байна шүү дээ. Олигархи, ойрын хүрээллээсээ гараагүй л явж байгаа шүү дээ.Илүү том болъё, олон нийтийн болъё, амжилт олъё гэвэл хувьцаагаа гарга. Харин үүн дээр төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

 Монголын эдийн засаг дээрх байдлаар дэлхийнхтэй адилхан хөгжих ёстой. Банкинд мөнгөө хадгалахаар амжилт олж буй компанийн хувьцаа худалдаж аваад тухайн байгууллагатай хамтран ажиллаж баялгаа хамтаараа бүтээгээд явах хэрэгтэй. Нэг зуун мянган төгрөг оруулна уу, нэг сая төгрөг оруулна уу олууллаа хамтран баялаг бүтээгээд үрдүнд нь ажлын байр, татвар нэмэгдээд энэ нийгмийн хөгжилд асар том шийдэл, дэвшил болно. Энэ нь нэг талаараа маш том нийгмийн хариуцлага.Нэг эмнэлэг, хоёр цэцэрлэг барьснаараа төдийлөн нийгмийн хариуцлага явахгүй. Нэг жийп машин Засаг даргад бэлэглэснээр явахгүй.Нийгмийн хариуцлагыг нийгэм, олон нийттэйгээ уялдаж хамтран хувьцаа эзэмшиж, бүгдээр баялаг бүтээгчболж байж шийднэ. Тэгэхээр энэ чиглэлрүү манай аж ахуй нэгжүүд бодох цаг болсон.Мөн төрийн бодлого энэ чиглэлрүү явах, туслах цаг болсон. Ингэж чадвал хүмүүс нь нэг нэгнээсээ хол тасарсан биш бие биеэ ойлгосон, бүгдээрээ, улсаараа урагшлан хөгжсөн, өнөөдрөөс илүү түвшинд хүрсэн байх боломж бидэнд бий

 Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top